Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.09/ жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад нийт 3309 жирэмсэн эмэгтэй Соvid-19-ийн халдвараар өвджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын давлагаа эхэлснээр өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй Covid-19-ийн халдвар авч байгаа аж.
Covid-19-ийн дельта хувилбар жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй байна. Ураг эндэх, дутуу төрөх эрсдэл их байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах, хүндрэлээс сэргийлэх найдвартай арга нь дархлаажуулалт юм.
Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах журамтай. Жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийж байна. Мөн жилдээ 80 мянган эмэгтэй амарждаг. Одоогоор 40 мянган эмэгтэй амаржаад байна. Өнөөдрийн байдлаар нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал, зургаан мянга орчим жирэмсэн эмэгтэй, таван мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагдсан байна. Цаашид жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
"Өргөө" амаржих газрын зөвлөх зэргийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу сэрэмжлүүлэг хүргэхдээ "Амаржих эмнэлгүүд халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тусгай тасагтай болсон. Манай эмнэлэг Covid-19-ийн эсрэг 30 ортой тасаг ажиллуулсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн 50 ор нэмсэн. Халдварын эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийж буй ч жирэмсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье. Учир нь, халдвар авсан жирэмсэн эхчүүд онцгой хүндэрч байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай, элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж байгааг анхааруулъя. Үүнээс болж дутуу төрөлт ихэсч, нярайн эндэгдэл нэмэгдэж байна" гэлээ.
3680 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН НАС БАРЖЭЭ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлнээр өнгөрсөн нэг хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 3680 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Үүнээс 1381 тохиолдол, 2299 нь орон нутагт бүртгэгджээ.
Холбоотой мэдээ