Монголчуудаас үүсэлтэй гэх хазара хүмүүс Афганистан дахь хамгийн их дарлагдсан үндэсний цөөнх юм. Өдгөө Талибан бүлэглэл Афганистанд засаглах болсноор хазарачууд хоморголон устгалд өртөж, мөхөхөөс эмээж байна. Улмаар хазарачуудыг эртний эх нутаг Монгол руу дүрвэн очиход Монгол Улсын Засгийн газар туслана гэдэгт тэдний олонх найдаж буйгаа илэрхийлжээ.
Афганистаны хүн ам паштун, тажик, хазара, узбек, туркмен, балуч зэрэг олон үндэстнээс бүрддэг. Тэд Афганистаны 38 сая хүн амын дөрвөн сая орчмыг бүрдүүлдэг байна.
Хазарачууд исламын шашны шийт урсгалыг баримталдаг бол Афганистаны хүн амын олонх нь суннит урсгалыг дагадаг. Тиймээс хазарачуудыг хавчин гадуурхдаг хамгийн том шалтгаан нь шашны зөрчилдөөн.
Кабул хотын хүн амын нэг сая орчмыг хазарачууд эзэлдэг бол Иранд хагас сая орчим хазара хүн амьдарч байна. Тэдний түүхэн хэл нь хазараги боловч олонх нь амьдарч буй орчноосоо шалтгаалан Афган Персийн дари гэх хэлээр харилцдаг аж. Түүнчлэн өндөр боловсролтой зарим нь англи хэлтэй. Хазарачууд Афганистаны нийслэлийн баруун хэсэгт голдуу төвлөрөн амьдардаг байна. АНУ болон холбоотны цэргүүд Афганистаныг орхиж, Талибан төрийн эрхийг авахаас өмнө хазара хүүхдүүдийн олонх нь улсын сургуульд суралцдаг байжээ. Орон нутагт хазарачууд үндэсний хувцсаа голдуу өмсдөг бол хотод олны жишгээр хувцасладаг.
Афганистаны эмир Абдур Рахман Ханы (1880-1901) үеэс хазарачуудын эсрэг дайралтууд эхэлж, олон зуун мянган хүн амь үрэгдэж, боолчлогдсон байна. Улмаар Афганистаны уулархаг газраар нутагладаг Хазаражатын хүн амын тал хувь нь хөрш орнууд руу дүрвэсэн аж. Дараа нь Талибан бүлэглэл Афганистаны төрийн эрхийг авснаар өдөр бүр шахуу хазарачуудын эсрэг халдлага, бөмбөгдөлт гарч байв. Харин АНУ-ын цэргүүд Афганистанд орж ирэн Талибан бүлэглэлийг дарснаар хазарачуудын амьдрал харьцангуй дээшилсэн байжээ. Кабул хотод амьдардаг 18 настай хазара залуу Гафуртай “Skype”-аар холбогдоход тэрбээр “Америкчуудыг байхад бүх зүйл арай дээр байсан. Бид дунд сургуульд сурч, их сургуульд явж, цалин сайтай гайгүй ажилд ч орж чаддаг байлаа” хэмээн ярьжээ. Гафурын эцэг нь дэлгүүр ажиллуулдаг аж. Талибан тэднийг дэлгүүрээ нээхийг зөвшөөрсөн ч хүмүүс мөнгөө үрж хоосрохоос эмээж буйгаас худалдан авагчид байхгүй, хүнсний үнэ нэмэгдсээр байгаа аж.
АЙМШИГТ ХАЛДЛАГУУД
Сүүлд Талибан эсвэл аль-Каида, Исламын улс зэрэг бүлэглэлүүдийн Кабул хотод үйлдсэн террорист халдлагуудын улмаас олон зуун хазара хүн амь үрэгдсэн байна. Халдлагууд голдуу шийтүүдийн сүм, хазара босогчид, сургуульд гарч байв. Тухайлбал, хазара хүмүүсийн үйлчлүүлдэг төрөх эмнэлэгт зэвсэгт этгээдүүд гал нээснээр 24 хүн амь үрэгджээ. Мөн Кабул хотын баруун хэсгийн хазарачуудын амьдардаг дүүрэгт сургуулийн гадна тэсрэх бөмбөг дэлбэлсэн аймшигт халдлага гарч байв. Кабулд ерөнхийдөө байдал хүнд хэцүү байгаагаас хазарачуудын эсрэг эдгээр халдлагуудын талаар олон улсын хэвлэлүүдийн мэдээлэл замхарсан аж. Аймшигт халдлага гарсан өдрийн талаар Гафур ярихдаа “Өдөр 16:00 цагийн үед би хичээлээ тараад гэр рүүгээ явж байхдаа гудамжид цусанд хутгалдсан охид газар хэвтэцгээж байхыг харсан. Хүмүүс охидыг эмнэлэгт хүргэхээр зөөж байсан. Зарим эцэг эхчүүд охидоо таньж олж чадаагүй” хэмээжээ. Ихэнхдээ хөвгүүд өглөө хичээлдээ явж, охидын хичээл өдөр ордог аж. Халдлагын улмаас 100 орчим хазара охин амь үрэгджээ.
20 настай Салиха бүсгүйн хэлэхдээ “Кабулд өдөр бүр 3-4 хүн амь үрэгдэж байна. Америкчуудыг байхад бүх зүйл дээр байсан. Тэд чөлөөт засгийн газрыг авчирч, охид, эмэгтэйчүүд суралцаж, ажиллах боломжийг олгосон. Гэтэл Талибан гарч ирснээр бид ажиллах боломжгүй, дээр нь татвар, түрээс төлөх ёстой. Ажилгүй хүмүүс хаанаас мөнгө олж түрээсээ төлж, хоол ундаа залгуулах болж байна?” хэмээн халаглажээ. Салихагийн гэр бүл маш хүнд нөхцөлд амьдарч байгаа ч энэ бол Афганистанд түгээмэл үзэгдэл аж. Тэдний гэр бүл зургаан хүүхэдтэйн дээр эцэг нь өвчтэй. Гэр бүлээ тэжээхийн тулд хүүхдүүд нь ажил хийдэг байна. Талибан бүлэглэл охид, эмэгтэйчүүдийг сурч, ажиллахыг хориглоно. Тэд сургуулийг эргэн нээсэн ч багш нар нь гадагшаа дүрвэчихсэн аж. Салиха багш мэргэжлээр суралцаж төгсөхийг хүссэн ч түүний мөрөөдлийг Талибан тасалдуулжээ.
Эмэгтэйчүүд боловсрол эзэмших, ажиллах эрхийнхээ төлөө гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийхэд талибанчууд тэднийг хүч хэрэглэн тараадаг байна. Гэсэн ч эмэгтэйчүүд өдөр бүр зоригтойгоор жагсацгааж байгаа аж.
ЭРТНИЙ ХАРИЛЦАА
Гафур болон өөр олон хазарачууд эртний харилцаа, хамаарлаа бодоод Монгол Улсын Засгийн газраас тэднийг Монголдт амьдрах зөвшөөрөл олгоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Хазара Монголчууд бол Чингис хааны зүүн нутагт тархаан суурьшуулсан хүмүүс. Түүнчлэн Идэр их сургуулийн профессор, түүхч н.Эрхэмбаярын тайлбарласнаар Чингис хааны ач хүү Хүлэг хааны үед эртний монголчуудыг цар, хазара, монгол гэсэн гурван угсаатанд хуваадаг байжээ.
Хазарачууд ялгаварлан гадуурхалтад өртдөг бас нэг шалтгаан нь тэд Төв Азийн түрэг угсаатнаас ялгаатай харагддаг аж. Тэдний царайны төрх нь ерөнхийдөө монголчуудтай ижил байдаг аж.
Гэхдээ зарим хүмүүс орчин цагийн хазара, монголчуудыг хоорондоо хэт алсарсан гэж үздэг байна. Гэсэн ч “Хазарачууд өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж үздэг. Тэдн бидний нэг. Би хазарачуудыг Монголын нэг гэж боддог” хэмээн профессор н.Эрхэмбаяр мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр “Монголчууд тийм ч олуулаа биш учраас хазарачуудыг эх орондоо авчирах боломжтой гэж хувьдаа харж байна. Гэхдээ олон зуун жил салангид байснаар соёл, заншил нь ондоошсон. Тиймээс нэгнээ хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа хэрэгтэй. Түүнчлэн соёлын болон шашны зөрчил үүсэх эрсдэлтэй” хэмээн мэдэгжээ. Улс төрийн түвшинд хазарачуудыг хүлээн авах нь “Үндэсний аюулгүй байдалтай холбогдоно. Хэрэв бид хазарачуудыг татан авбал Талибан бүлэглэл Монголыг байлна гэж улстөрчид эмээж байгаа” хэмээн профессорууд тайлбарлажээ.
Н.Эрхэмбаярын хэлснээр зарим хазара оюутнууд солилцоогоор ирж, тэтгэлгээр суралцдаг байна. Түүнчлэн хазарачуудад туслах зорилгоор зарим монголчууд хандивын сан нээснийг ч дуулгажээ.
ЭХ СУРВАЛЖ: HTTPS://WWW.BNE.EU/
Холбоотой мэдээ