Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй ярилцлаа.
-Арван гурван жил тасарсан паралимпийн алтан медалийг эх орондоо авчирч чадлаа. Мэдээж, танай холбооныхон сэтгэгдэл өндөр байгаа биз дээ?
-Олон жил зүтгэсэн амжилтандаа хүрлээ. Токиогийн тэнгэрт Монголын төрийн дууллыг эгшиглүүлсэндээ баяртай байна. 2008 онд Д.Баатаржав алтан медаль хүртсэнээс хойш 13 дахь жилийн дараа дараагийн алтан медалиа авч байна. Энэ бол Монголын паралимпээс авсан дөрөв дэх медаль. Э.Содномпилжээ маань миний мэдэхийн 10 гаруй жил шаргуу хөдөлмөрлөлөө. Би 2009 онд хорооны ерөнхийлөгчийн албыг авч байхад улсын шигшээгийн багт туранхай хүү явж байсан. Маш тууштай, сахилга бат, хичээл зүтгэлтэй явсны эцэст энэ амжилтанд хүрлээ. Түүний энэхүү амжилтанд нь анхны багш Ш.Энхсайхан болон Д.Баттулга дасгалжуулагч нар онцгой үүрэг гүйцэтгэсэн дээ.
-Ингэхэд та яагаад паралимпийн холбоог удирдах болсон юм бэ. Мэдээж, бэрхшээл зовлон багагүй туулсан байх?
-Би 2009 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан юм. Тухайн үед дэд сайд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хороо тэргүүлдэг байв. Тиймээс үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх л асуудлыг би хариуцаж байсан гэсэн үг. Паралимпийн тамирчдыг хөгжүүлэхэд туслаач гээд өдгөө Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн даргаар ажиллаж буй Н.Оюунбат, аварга болоод удаагүй байсан Д.Баатаржав хоёр над дээр ирсэн. Би ч "тэгье" гээд ерөнхийлөгчийн сонгуульд нь өрсөлдсөн. Хуучин ерөнхийлөгчтэй нь өрсөлдөөд 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулж байв. Ингээд ажлаа хүлээн авсан чинь хорооных нь тамга тэмдэг, гэрчилгээ нь буруу, данс байхгүй, ундуй сундуй л байгууллага байсан. Зохион байгуулалт гэж байхгүй, нэр төдий дөрвөн холбоотой. Хороо нь тэдэнтэйгээ хамтарч ажилдаггүйгээд зуун задгай. Ажлаа аваад тамгаа шинэчлээд ажлаа эхлүүлсэн. Одоо 17 спортын холбоотой болж өргөжөөд байна. Тамирчид маань өөрсдийнхөө ангиллыг ч мэддэггүй байв. Үүний улмаас тэмцээнд очоод ангиллаасаа хасагддаг ийм л байсан. Олон улсын албан ёсны ангиллыг нь авчраад Гадаад хэргийн яамд гэж албан орчуулга хийлгэж, бүх холбооддоо тарааж, эхэлсэн дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид маань хэр хүлээж авсан бэ?
-Юуны түрүүнд олон түмэнд ойлгогдох ёстой, тэдний дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн. Тэгэхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ч спортоор хичээллэхдээ ичиж зовоод янз янзын асуудал гарч байсан. Тэр хандлагыг л өөрчлөх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, олон нийтийг хамарсан, хөдөлгөсөн хөдөлгөөн байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй, хүссэн хүн бүр ирээд спортоор хичээллэх бололцоог гаргаж өгөхийг хүссэн. Аль болох спортын төрлийг нь олшруулж, олон хүн хичээллэх боломж гаргахыг зорьсон. Гуравдугаарт, гадаад харилцаа маш сайн байх ёстой. Энэ гурван зорилгыг урдаа тавьж ажлаад 13 жил болжээ.
Нийгэмд ойлгогдож, танигдахын тулд паралимпийн наадмуудад амжилт гаргах хэрэгтэй байсан. Үгүй бол улсын мөнгө идсэн хоолны савууд гэж яригдана шүү дээ.
Эхний амжилтуудаа Азийн наадам, дэлхийн аваргууд дээр гаргаж эхэлсэн. Бүх ажил цэгцрээд ирэхээр тамирчид маань ч урамтай болсон. Спортод нэг том зүйл байдаг нь сахилга бат. Олимпийн дэвжээ тамирчин хүнээс асар их сахилга бат, хариуцлага, сэтгэлийн хат шаарддаг. Дэвжээн дээрээ уйлаад хэвтчихэж болохгүй сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Манай тамирчдад сахилга бат, сэтгэлийн хүч л дутагдалтай юм шиг санагдсан.
-Монголын спортын холбоод дотооддоо зөрчилдөөн, маргаантай байгаа нь илэрхий анзаарагддаг. Танайх харьцангуй нам жим байдаг?
-Эв нэгдлийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн маш сайн баг бүрдүүлэх хэрэгтэй. Нэг сайн дарга байгаад хэрэггүй. Манай хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Оюунбат 10 гаруй жил ажилласан. Монголын паралимпийн гадаад харилцаа, хөгжлийг тэр хүн маш өндөр түвшинд аваачсан. 2011 онд бид Азийн шилдэг паралимпийн хороогоор шалгарч байв. Хоёр жилийн дотор ямар их ажил хийснийг, яаж шинэчлэгдэж өөрчлөгдсөнийг дүгнэсэн хэрэг. Санаа зовоох зүйл бага, тамирчид, дасгалжуулагчид, удирдлагууд нь нэг зүгт хараад эхлэхээр аясаараа амжилтууд гарч эхэлж байгаа юм. Н.Оюунбат маань энэ бүх хугацаанд холбооныхоо ээж шиг нь л ажилласан даа. Мөн Биеийн тамир, спортын агентлаг байх үед дэд даргаар нь ажиллаж байсан гавьяат Д.Сүрэнхорлоо дотооддоо салбарууд байгууллах ажлыг маш сайн зохион байгуулсан. Энэ хоёр хүн спорт бараг мэдэхгүй надад их тус болж, тамирчдыг амжилт гаргахад нөлөөлсөн. Ямар ч салбар дээр тухайн салбарынх нь шилдэг мэргэжилтэнээр багаа бүрдүүлж байж тухайн байгууллага шилдэг нь болдог. Миний баг маш сайн. Бас н.Сүхбаатар гээд нэг залуу бий. Энэ гурав л ачааны хүндийг үүрч байна даа.
-Паралимпийн спортод дэмжлэг туслалцаа хэр байдаг вэ. Ер нь Монголд спорт холбоод улстөрч, бизнесменүүдийн "халаасанд" орох нь цөөнгүй?
-Нийгэмд сайн ойлголт байхгүй үед туслъя гээд ирсэн хүмүүсийг бид удирдах зөвлөлдөө оруулсан. Жирийн нэг албан хаагч, бизнесменүүд сэтгэлээрээ орж ажилласан. Тэдэнд хэн ч цалин, шагнал урамшуулал өгөөгүй. Харин ч зарлага гаргаж байв. Удирдах зөвлөл бүрдээд бүх жишгүүдийг дагаж эхэлсэн.
Одоо бол нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож, хандлага нь өөр болоод эхэллээ.
Пара жүдогийн холбоог Ч.Базарсүрэн олон жил авч явсан. Тэр хүний ачаар Риогийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Одоо Х.Цагаанбаатар жүдог, Д.Баатаржав байт харвааг тэргүүлээд эхэллээ. Одоо л зөв замдаа орж байна. Хүмүүст улсаас их мөнгө авдаг, байртай, цалин хөлстэй юм шиг харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ улсаас цалин авдаг нь амжилт гаргасан шигшээ багийнхан. Амжилт гаргаж чадаагүй, паралимпийн эрх авч чадаагүй тамирчид шигшээ багт багтдаггүй. Хэн нэгэн сайн хүн холбоог нь ивээн тэтгээд амжилт гаргах хүртэл нь тэтгэж байгаа юм. Пара таеквондогийн тамирчид дэлхийн аварга болоод, паралимпэд орж байгаагийн ард барилгын компанийн эхнэр, нөхөр байна. Олон жил энэ тамирчдыг тэтгэж, эцэст нь тамирчид нь улсын шигшээд багтаж, ачаа нь хөнгөрлөө.
Амжилт гаргаад, медаль хүртвэл улсаас шагнал урамшуулал өгөөд, амьдрал чинь өөрчлөгдөнө. Гагцхүү тэр амжилт гаргах хүртлээ чи өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй болчоод байна.
Манай жүдогийн тамирчин Н.Алтанцэцэг орой бэлтгэлээ тарж яваад нохойд гараа уруулаад, паралимпийн эрх олгох тэмцээний өмнө хүнд гэмтэл авсан шүү дээ.
-Паралимпийн тамирчдад зориулсан спортын ордон гэж нэг хэсэг яригдаж байгаад чимээгүй болчлоо. Энэ асуудал маань хаана очоод гацчив ?
-Тамирчдаа бэлдээд, хувцас хэрэглэлийг нь гадны хандив тусламжаар авсан ч орчин нөхцөл нь байхгүй байна. Хятадад пара тамирчдад зориулсан бүхэл бүтэн хотхон байдаг. Тэр хотхондоо тамирчид байрлаад, бэлтгэлээ хийж байна. 2009 онд бид хөөцөлдөж Хятадын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барихаар нийслэлээс газар авсан юм. Хятадын талаас 40 гаруй сая ам.доллар шийдэж өгөөд хажуудаа тамирчдад зориулсан байртай ордон Яармагт бариулах гээд яваад байна. Мөнгө, газар нь шийдэгдсэн. Одоо долоо, найман жил боллоо. Манай ордны оронд өөр зүйл бариулах гэж их үзэж, хятадуудын дургүйг хүргэсэн. Манайхаас тэр ордонг эзэмших эзэн нь олон болчоод байна. Нийслэл, Нийгэм хамгааллын яам, хуучин спортын асуудлыг хариуцдаг байсан Боловсролын яам, Эрүүл мэндийн яам гээд олон эзний дунд хөвөөд л байна. Хятадын буцалтгүй тусламжаар барих учраас Хятадын компаниар гүйцэтгүүлэх нөхцөлтэй. Гэтэл манай төр засаг гацаачихсан. Тендерийг нь зарлахгүй өдийг хүрсэн. Өөрсдөө хөрөнгө оруулалт хийдэггүй мөртлөө олоод ирсэн хөрөнгө оруулалтыг ямар ашиг сонирхлоор гацаагаад байдгийг гайхаад байна. Баригдвал баригдахаар л хугацаа өнгөрлөө. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн үеэр Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч манай зурагтай танилцаад, танайх ордоноо баривал дотоод тавилга, тоног төхөөрөмжийг нь бид нар өгье гэсэн. Тэр цагаас хойш долоон жил өнгөрлөө.
Усан спортоор тамирчин бэлдье гэсэн ч нөхцөл алга.
Х.Цагаанбаатар маань жүдогийн сайн тамирчид олж ирнэ гээд баруун аймгууд руу явах гэж байна. Харамсалтай нь, олоод ирэхэд байрлуулах байр алга. Х.Цагаанбаатар өөрөө л байр олж байрлуулаад, бэлдээд амжилт гаргахын төлөө зүтгэхээс өөр замгүй болчлоо. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн спорт заалыг бид хандиваар сэргээн засварласан. Улсын хийх ёстой ажлыг бид хандив гуйлгаж хийлгэж байна гэсэн үг.
Эрүүл спорт, пара спорт хоёрын хооронд асар том ялгаа бий. Эрүүл тамирчид багаасаа нэг төрөл сонирхоод хичээллээд амжилт гаргасан хүмүүс. Пара тамирчид ерөөсөө спортоор хичээллэж байгаагүй хүмүүс гэнэтийн явдлаас болж энэ спортоор хичээллэхээр болсон байдаг. Авьяастай, авьяасгүй нь мэдэгдэхгүй хүмүүс өөрсдийгөө сориод шинээр эхэлж байна шүү дээ. Хонхот бөмбөгийн тамирчид маань ганц, хоёрхон жил бэлтгэл хийсэн гэхэд Азийн наадамд тун сайн тоглосон юм шүү. Гэвч харамсалтай, цааш нь санхүүжүүлэх хүн олдоогүй. Уг нь өдийд паралимпийн наадамд оролцож байх байсан юм. Би бүгдийг нь санхүүжүүлж чадахгүй шүү дээ. Ихэнхи байгууллагууд эрүүл спортыг сонирхоно гэхээс биш пара спортыг сонирхдоггүй.
-Бусад улс орнуудтай харьцуулахад тун хүнд нөхцөлд бэлтгэлээ хийж, багагүй амжилт гаргаж байна гэсэн үг үү?
-Сая Аргентин, Канад улсуудын паралимпийн хорооны ерөнхийлөгчидтэй ярилцаад сууж байхад тэд “Та нар хэдэн төрлөөр оролцож байна гэж асуусан. Би “Зургаа” гэлээ. Тэгсэн чинь “Ямар том амжилт вэ? Танайх шиг жижигхэн, суурь муутай улс олон төрлөөр оролцож байна гэдэг том амжилт. Манайх олон төрлөөр оролцдог ч гэсэн маш их хөрөнгө зарцуулж доороос гаргаж ирж байна” гэж ярьсан. Саяны паралимпээр Украин, Узбекистан, Казакстан, Шинэ Зеаланд зэрэг улсууд өндөр амжилт үзүүллээ.
-Токиогийн паралимпийг Монголын телевизүүд шууд дамжуулсангүй гэж иргэд бухимдсан, шүүмжилсэн. Танай холбоотой аль нэг телевиз хамтрах хүсэлт тавьсан уу?
-Нийгмээ өөрчлөх хэвлэл мэдээлэл байгаагүй нь харамсалтай. Нийгэм паралимпийг сонирхоод эхэлж байна. Гэтэл хэвлэлийнхэн нийгмээсээ хоцорчихсон явна. Оросын "МАТЧ Тв" паралимпийн нээлтийн үеэр Монголын багийг сайхан танилцуулаад, улсынхаа анх паралимпэд оролцож байсан түүхийг ярьсан байна лээ. Оросууд анх паралимпийн наадамд оролцох болсон чинь тамирчид нь ичиж, зовоод оролцох хүн олдохгүй байсан гэсэн. Тэгэхээр цаанаас нь томилж оруулж байсан гэнэ. Харин одоо Оросууд маш хүчирхэг болсон. Паралимпийг шууд дамжуулах эрхийн төлөө телевизүүд нь хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. 2008 онд Д.Баатаржавыг алтан медаль хүртэхэд манай телевиз, хэвлэл мэдээллийнхэн байгаагүй. Алтан медаль авсан гэдэг сураг л сонсогдоод байсан. Баахан эрэл хайгуул болсны эцэст зураг, дүрсийг нь олж авсан байдаг.
2008 оноос хойш 13 жилийн дараа нийгэм өөрчлөгдсөн ч хэвлэл мэдээлэл л хоцрогдсон байна.
-Олон улсад Монголын паралимпийн хороо, тамирчдын нэр хүнд өмнө ямар байсан бэ?
-Би анх 2009 онд Олон улсын паралимпийн чуулганд оролцож байлаа. Хоёр жил тутамд нэг удаа болдог. Улс орон бүр нэг кноптой сонгуульд оролцдог. Өмнө нь манай хорооны ерөнхийлөгч байсан нөхөр дэд ерөнхийлөгчөөр хүргэнээ, охиноо нарийн бичгийн даргаар тавьчихсан гэр бүлийн хороо маягтай байсан. Монголыг төлөөлж очсон хүргэн нь архи уугаад, улс орны төлөөллүүдийг зодчихдог байсан юм байна лээ. Миний хамгийн түрүүнд хийсэн ажил тухайн орны төлөөллүүдээс уучлалт гуйсан. Ингээд ойлголцоод 10 гаруй жилийн хугацаанд сайн нэр хүндтэй боллоо доо. Манай Н.Оюунбат англи, орос, хятад хэлийг төгс сурсан учир бүхий л гадаад харилцааг зангидаж явсан. Бид Н.Оюунбатыгаа Азийн эмэгтэйчүүдийн хорооны даргын сонгууль өрсөлдүүлж, манай хүн ч Азийн паралимпийн хорооны удирдах зөвлөлд сонгогдож, эмэгтэйчүүдийн хорооны дарга болсон. Үүний дараа Олон улсын паралимпийн холбоонд тивээ төлөөлөн эмэгтэйчүүдийн асуудал хариуцан сууж байгаа.
Удирдах зөвлөлд өөрийн хүнтэй болно гэдэг Монголын тамирчид хамгаалалтанд орж байна гэсэн үг. Эрхээ авч чадахгүй хасагдаж байсан тамирчдын эрхийг авчирлаа. Энэ бол чухал ач холбогдолтой үйл явдал.
-Монголын паралимпийн хорооны чуулга уулзалт дөрвөн жил тутамд нэг удаа болдог . Энэ удаагийн чуулганаар хийсэн ажлаа дүгнэхээс гадна дараагийн ерөнхийлөгч сонгох уу?
-Бид паралимпийн наадамд оролцож ирээд яг дараагийн сард нь ирэх наадамдаа яаж оролцох вэ гээд стратегиэ баталдаг. Риогийн наадамд бид стратегийнхээ дагуу явж, хоёр хүрэл медаль хүртсэн. Токиогийн наадмаас 3-4 медаль авна гэж байсан боловч чадсангүй. Тамирчид, дасгалжуулагчид маань анх удаагаа орж байсан учир сэтгэл зүйн тал дээр бэлтгэл муутай байлаа. 2016 онд хоёр хүрэл медаль хүртсэний дараа би ажлөө өгөх санал гаргасан ч чуулган маань хүлээж аваагүй. Алтан медаль авчирсныхаа дараа та асуудлаа дахин тавиарай гэсэн. Одоо энэ намар асуудлаа дахин тавина даа. Салхи оруулаад шинэ хүн ажиллах нь зөв.
Намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нь суудлаа тавьж өгөөрэй гэж хүмүүс хэлдэг. 2009 онд би ерөнхийлөгчөөр анх ирж байхад удирдах зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд голдуу байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн өөрсдөө энэ хороогоо авч явах нь буруу. Хамтдаа хөгжих хэрэгтэй.
-Паралимпийн хороог удирдсан энэ он жилүүдийн хугацаанд таны ажигласнаар Монголын спортын салбарт тулгамдаж буй асуудал нь юу байсан бэ?
-Спортын салбарыг янз бүрийн яамдын бөөрөнд аваачиж наасан нь буруу байсан. Боловсролын эсвэл Эрүүл мэндийн яамны газрын даргын хэмжээнд л Монголын спорт салбар багтаж байлаа. Тамирчдадаа асар том шагнал амлачихсан хэрнээ нэг яамны хажууд байлгаад байсан л буруу. Яамны төсвөөс санхүүждэг байсан учир заримдаа зардлуудаа хасуулдаг байлаа. Ийм л байсан. Харин Ерөнхий сайд дэргэдээ авч, улсын хороо болголоо. Ингэж л цэгцэндээ орлоо. Их амар бүтэцтэй, тэмцээн уралдааны хөрөнгө мөнгө ч амархан шийдэгддэг боллоо. Ц.Шаравжамц өөрөө спортын хүн болохоор сайн ажиллалаа. Сүүлд Соёлын яамтай нэгтгэнэ гэсэн яриа гарсан байна лээ. Тэгвэл спортын салбар дахиад л унана.
-Монголын зарим спортын холбоод, байгууллагууд гадны санхүүжилт авдаг. Харин паралимпийн хороо маань олон улсаас санхүүжилт авдаг уу?
-Олон улсын паралимпийн хорооноос өгөх юм байхгүй. Харин бид өөрсдөө Солонгос, Японы хороодтой хамтарч ажиллаад, дэмжлэг авдаг. 2015 онд би Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеэрээ Японд айлчилж Шизүока мужийн захирагчтай уулзсан. Токиогийн наадам хүртэл бидэнд туслахаа мэдэгдсэн. Би Изүнокүни, Яизү хотуудын байгууламжуудаар орж үзээд, хөнгөн атлетикийн тамирчдыг Яизү хотод бэлтгэл хийх боломжийг нээсэн. Энэ хоёр хотын удирдлагууд их тус хүргэсэн. Нэг зүйлийг ярихад, 2008 онд Бээжин хот паралимпийн наадмыг зохион байгуулахдаа улс орон бүрийн хороодод 60 мянган ам.долларын мөнгөн тусламжийг шууд шилжүүлсэн юм байна лээ. Манайхаас тэрийг хэн ч мэдээгүй. 2009 онд анхны чуулга уулзалтанд орж байхдаа энэ талаар мэдсэн. Лавлаад асуусан чинь яг нэг өдөр бүх улсын паралимпийн хороод руу шилжүүлэг хийсэн байгаа юм. Монголын мөнгө надаас өмнө ажиллаж байсан ерөнхийлөгчийн хувийн данс руу орсон байж л дээ. Энэ асуудлыг Удирдах зөвлөлд ирж мэдэгдсэн. Тэгэх ч үүрэгтэй. Үүнийг биднийг аваад идчихсэн мэтээр яриад байдаг. Үнэндээ өмнөх удирдлагатай холбоотой асуудал учраас өөрсдөө тайлбарлах хэрэгтэй болов уу. Дараа нь 2012 оны наадмын үеэр улс орон бүрт 25 мянган паунд өгсөн. Гэхдээ бэлнээр өгөөгүй. Лондон хотод бэлтгэл хийх мөнгө байсан юм. Ингээд тамирчид маань мөнгөөрөө Лондон хотод бэлтгэл хийсэн түүхтэй. Өөрөөр дэмжлэг ирж байгаагүй. Голдуу улс орнуудаас хэрэглэл л ирдэг дээ.
-Спортоор хичээллэхийг хүсч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юу зөвлөх вэ?
-Хүмүүс хандив өгье, тусламж үзүүлье гэж их холбогдож байна. Өөрийгөө өөрчлөхийн төлөө амьдралд тэмцэж яваа хүнд хөрөнгө оруулалт хийж болно. Түүнээс биш зүгээр сууж байгаад хүнээс мөнгө гуйж байгаа хүнд юу ч өгөөд хэрэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй ч спортын төлөө амьдралаа зориулж яваа хүмүүсийг дэмжвэл жинхэнэ дэмжлэг. Нэг үг байдаг юм. Чиний амьдарсан утга учир чинь юу юм бэ? гэвэл “Чи хичнээн хүний амьдралын өөрчлөхөд тусалж байсан чинь” гэж. Түүнээс биш хичнээн мөнгө олсон, байшин барьсан чинь чухал биш. Одоо Э.Содномпилжээгийн хувьд асуудал шийдэгдэнэ. Тэртээ, тэргүй дэлхийн, олимпийн рекорд тогтоочихсон тамирчнаа улс хангалттай урамшуулна. Харин паралимпийг дэмжихийг хүссэн иргэд Э.Содномпилжээ шиг аваргуудыг гаргаж ирэхийн тулд өнөөдөр бэлтгэл сургуулилтаа хийж яваа жирийн тамирчдад хандиваа өргөөрэй. Тэгэхийн тулд заавал хөрөнгөтэй чинээлэг байх албагүй. Америкад иргэдээс нэг долларын хандив цуглуулан нийгмийн сайн сайхны зарцуулж, бодит үр дүнд хүрсэн бишгүй олон жишээ бий. Тиймээс амжилт гаргахын төлөө хатуу бүхнийг сөрөн зогсож буй пара тамирчдад хандив өргөөрэй. Олны хүч оломгүй далай гэгчээр таны хандив 1000 төгрөг ч байсан багадахгүй. Бид нэгдэж Таны хандив спортын шинэ төрлүүдэд улам олон аварга төрөх боломжийг бий болгож чадна. Дараагийн паралимпийн аваргуудын эхний гишгэх шат нь та бүхэн байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ