Паралимпийн 13 алтан медальтан

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Паралимпийн 13 алтан медальтан

Паралимпийн 13 алтан медальтан

Бага балчир насандаа америк гэр бүлд үрчлэгдэж, хөлөндөө 25 хагалгаа хийлгэж, сэтгэл гутралд орсон ч усан сангаас хүсэл мөрөөдлөө олж, итгэл найдварын бэлгэ тэмдэг, цахим ертөнцийн од болон мандсан Жессика Лонгийг энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд онцолж байна.


Энэ оны "NFL Super Bowl" спортын наадамд уригдаж ирсэн супер оддын нэг нь паралимпийн тамирчин байсанд анх хүмүүс ихэд гайхан хүлээн авцгааж байв. Гэхдээ Жессика Лонг өөртөө итгэлтэй, зоригтой, хүчтэй байснаар дэлхий даяар дэлгэцийн од болж, олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

"Toyota" компанийн нэг минут үргэлжилсэн сурталчилгаан дээрээс хүмүүс анх 13 удаагийн паралимпийн аварга Жессика Лонгийг хүүхэд ахуй насандаа үрчлэгдэж, удалгүй хоёр өвдөгнөөсөө доош хөлөө алдсан түүхийг олж мэдсэн байна.

Лонгийг өргөж авсан ээж нь “Амьдрал амаргүй ч гэсэн гайхалтай байдаг юм” хэмээн хэлдэг байсан нь түүний амьдралыг тодорхойлох, хамгийн дуртай үг нь болжээ. Тэрбээр хүн бүрийн боломжгүй гэж толгой сэгсрэн, өрөвдөж халаглаж байсан давааг давж, дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг болсон юм.

Өдгөө 29 настай, паралимпийн нийт 23, 13 алтан медальтан түүнийг зарим хүмүүс “Aquawoman”, “Паралимпийн Майкл Пелпс” гэх зэргээр нэрлэдэг болжээ. Харьцуулж үзвэл, Жессика Лонг бол АНУ-ын хоёр дахь хамгийн амжилттай паралимпийн усан спортын тамирчин юм. Зөвхөн Триша Зорн л түүнээс олон буюу 55 медальтай аж.

Усан сангаас гадуур ч гэсэн Лонгийн нэр хүнд их. Түүнийг олон хүмүүс үлгэр жишээ, итгэл найдварын бэлгэ тэмдэг, цахим ертөнцийн гялалзсан од, телевизийн нэвтрүүлгүүдийн байнгын зочин гэдгээр нь мэдэж, хүндэлж биширдэг.

АЙЛД ӨРГҮҮЛЖ, ЛУСЫН ДАГИНА БОЛСОН НЬ

Жессика Лонгийн намтар АНУ-аас 9000 км-ийн тэртээх ОХУ-ын Сибирь нутгаас эхэлнэ. Тэрбээр “Фибуляр гемимелия” хэмээх нэн ховор төрлийн оноштой төрсөн аж. Өөрөөр хэлбэл, түүний хөлийн тавхайд байх ёстой ихэнх яс төрөлхийн байхгүй гэсэн үг. Ийм бэрхшээлтэй төрсөн учир түүний 16 настай ээж нь өсгөж чадах эсэхдээ эргэлзэн асрамжийн газарт өгөхөөр шийдсэн гэдэг. Аз болж түүнийг 13 сартай байхад нь АНУ-ын Мэрилэнд дэх балтимор хэмээх газар аж төрдөг Бет, Стив Лонг нар Жошуа нэртэй нэгэн хүүгийн хамт үрчилж авсан байна. Эмч нар Жессикаг багаас нь хиймэл хөл ашиглаж сургах нь зүйтэй хэмээн үзэж, 18 сартайд нь 25 удаа хагалгаа хийн өвдөгнөөс нь доош тайрчээ.

Түүнчлэн өргөж авсан эцэг эх нь спортод дуртай, хоббитой хүмүүс байсан тул охиноо гимнастик, мөсөн тэшүүр, хаданд авирах, усанд шумбах зэрэг сдортоор хичээллэхэд нь тууштай дэмжсэн байна.

Харин Жессика өөрөө эмээ өвөөгийндөө очиж усан санд сэлэх хамгийн дуртай байжээ. Тэрбээр усанд өөрийгөө яг л лусын дагина болсон мэт төсөөлж, аз жаргалтайгаар сэлдэг байв. Удалгүй түүний усанд сэлэх авьяас нь тодорч, улам их цагийг усан санд өнгөрүүлдэг болжээ.

Жессика нэгэн удаа “Би усан санд байхаараа хөлгүй гэдгээ мартдаг. Үнэндээ бол би их ууртай хүүхэд байсан болохоор уур уцаараа гаргах гэж усан санд ордог байлаа. Усан сан бол миний хувьд хамгийн их эрх чөлөө, боломжийг олж хардаг, мэдэрдэг газар байсан юм. Миний хүүхэд нас өвдөлт, шаналлаар дүүрэн өнгөрсөн. Тэр ч байтугай үе үе хагалгаанд орж байснаасаа болоод би хүүхэд насныхаа зарим юмыг огт санадаггүй. Би их олон зүйл бодож шаналдаг ч хэн ч миний асуултад хариулдаггүй байсан. Би яагаад хөлгүй төрсөн, яагаад айлд үрчлэгдсэн, тэр байтугай яагаад дөрвөн жилд ганцхан удаа тохиодог хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэдгээ их гайхдаг байлаа. Ер нь л үргэлж ууртай байдаг байсан. Гэхдээ удалгүй би уураа хор шар, цаашлаад хичээл зүтгэл болгон ашиглаж сурсан” хэмээн ярьж байжээ.

МАЙКЛ ПЕЛПСТЭЙ БЭЛТГЭЛ ХИЙЖ АМЖИЛТЫН ҮЗҮҮРЭЭС ЗУУРСАН НЬ

Удалгүй Жессика Мэрилэндийн оны шилдэг оролцооны бэрхшээлтэй эмэгтэй усанд сэлэгчээр сонгогдов. Улмаар тэр 12-хон настайдаа 2004 оны Афины паралимпд оролцох эрх авч, түүгээр зогсохгүй анхны олимпоосоо гурван алтан медальтай гэртээ харьсан байна.

Тухайн үед Жессика сэлж сураад ердөө хоёр жил л болж байсан билээ. Өндөр амжилтад хүрсэн тэрбээр удалгүй алдарт тамирчин Майкл Пелпстэй хамт бэлтгэл хийж эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш Жессика зөвхөн паралимпийн усанд сэлэгч биш, дэлхийн дээд зиндааны тамирчин болж эхэлсэн гэнэ.

ХООЛНЫ ТАЛ ДЭЭР АСУУДАЛТАЙ БОЛСОН НЬ

Риогийн 2016 оны олимп хүртэл Жессикагийн карьер гэрлийн хурдаар дэвшиж байлаа. Гэвч хэтэрхий бага наснаасаа олон цагаар сэлсний уршиг гарч эхэлсэн аж. Улмаар Жессика Бразилаас нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай харьсан байна.

Ихэнх тамирчны хувьд энэ бол маш том амжилт хэдий ч Жессикагийн хувьд итгэмээргүй ухралт байсан юм. Үүнээс болж тэрбээр сэтгэлээр ихэд унасан гэдэг. Улмаар хоолны дуршилгүй болж, мөр нь гэмтсэнээс болж бэлтгэл хийхээ больж, бараг 10 кг жин хаяжээ.

Гэсэн ч тэрбээр спортоо орхихыг хүсээгүй учир сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж, багасгасан цагаар бэлтгэлээ үргэлжлүүлсэн аж. Мөн тэрбээр орон нутгийн усанд сэлэлтийн охидын багийг дасгалжуулж эхэлжээ.

ТӨРСӨН ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ УУЛЗСАН НЬ

Лонгийн нэр хүнд 2013 онд тэнгэрт мандаж, олон улсад нэр хүндтэй тамирчин болсон байна. Тэрбээр 2012 оны Лондонгийн паралимпоос таван алтан медаль хүртсэнийхээ дараа төрсөн эцэг эхтэйгээ уулзахаар Орос руу явсан аж. Харин Наталиа, Олег Валтишев нар өөрсдийнх нь охин олимпийн аварга болж мандаж явааг огт мэдээ ч үгүй байж.

“Би анх тэдэнтэй уулзахдаа хамгийн түрүүнд өөрсдөд нь огт гомдоогүй гэдгийг мэдүүлэхийг хүссэн. Үнэхээр би намайг өргүүлснийх нь төлөө тэдэнд уурлаагүй юм. Тэдний энэ үйлдэл бол маш зоригтой үйлдэл байсан. Хэрвээ би ээжийнхээ оронд 16 настайдаа оролцооны бэрхшээлтэй хүүхэдтэй болж, түүнийгээ тэжээж, хүн болгон хүмүүжүүлж, шаардлагатай асаргаа сувилгаа, эмчигээг нь хийж өгч чадахгүйгээ мэдэж байсан бол хэрхэхээ төсөөлөх ч үгүй байна. Би түүнтэй уулзмагцаа маш их хайртай гэдгээ хэлсэн. Учир нь тэр хүн л надад амьдрал бэлэглэсэн шүү дээ” хэмээн дурсчээ. Мөн тэрбээр төрсөн гэртээ очихдоо гурван ч дүүтэй гэдгээ олж мэдсэн байна. Дүү нарынх нь нэг нь төрөлхийн тархины саажилттай гэнэ.

Эх сурвалж: OLYMPICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж