SOS: Улаанбаатарчууд хагарал дээр амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

SOS: Улаанбаатарчууд хагарал дээр амьдарч байна

SOS: Улаанбаатарчууд хагарал дээр амьдарч байна

 Лхагва гаригийн шөнийн 00.54 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэдэг газарт таван магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон чичирхийлэл Улаанбаатарт дахин мэдрэгдэв. Үүнээс өмнө хэд, хэдэн удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн юм.  Одон орон геофизикийн хүрээлэн, ОБЕГ-аас уг газар хөдлөлтийн магнитудыг “аюулын хэмжээнд биш” хэмээн "тайшруулсан" тайлбар өгсөн. Гэвч, газар хөдлөлт тайвшрах асуудал бигш болжээ.

Байгалийн гамшиг хэлж ирдэггүй гэдэг ч газар хөдлөлтийн анхааруулга, сэрэмжлүүлэг, дохиог монголчууд хэдэнтээ мэдрэв. Энэ нь Монгол байгалийн гамшиг нүүрлэж болзошгүй эрсдэл хэдийнэ бий болжээ гэсэн үг юм.

Аюул хоолойд тулсан үед хамгийн түрүүнд Улаанбаатарын барилгууд хэдэн магнитудын газар хөдлөлтөд тэсвэртэй вэ гэх асуулт тавигдаж байна.  Мөн хоргодох байр, хүнсний нөөц, эрсдэл, эмнэлгийн үйлчилгээний асуудал зайлшгүй анхаарах ёстой сэдэв юм. Хэрэвзээ нийслэлд газар хөдөлбөл барилга байгууламжийн 50 хүртэлх хувьд нуралт үүсч, дор хаяж 80 мянган хүн өртөх эрсдэлтэй гэсэн тооцоо бий. Ингээд Монгол Улс газар хөдлөлтөд бэлэн үү гэсэн асуултыг хөндөн тавьж байна.

ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ 400 ОРЧИМ БАРИЛГЫГ АКТАЛЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өгч буй мэдээллээр Улаанбаатарын хэмжээнд өнөөдрийн байдлаар 140 орчим мянган барилга бүртгэлтэй байна. Үүнээс 503 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх тооцоо гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй 503 барилгын 340 нь орон сууц, 41 нь сургууль, 82 нь цэцэрлэг, 38 нь эмнэлэг аж. Иймд дахин төлөвлөх шаардлагатай гэсэн акт дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. Мөн энэ онд 102 барилгад дахин акт дүгнэлт гаргаж Хот байгуулалт хөгжлийн газарт хүргүүлэхээр бэлдсэн байна.

 НМХГ-ын Хэлтсийн дарга Н.ГАНТУЛГА: 

-Нийслэлийн хэмжээнд Эмээлт, Гүнжийн ам, Гавжийн шанд, Хустайн нуруу орчим газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Мөн Туул голын сав орчим эрсдэлтэйд тооцогддог. Сав газрын орчимд баригдаж буй барилга байгууламжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх шаардлага тавьдаг. Энэ дагуу компаниуд зураг төслөө гүйцэтгэдэг. Мөн тухайн барилга байгууламж баригдахад Онцгой байдлын газраас хяналт тавьж зөвшилцөж байгаа. Мэргэжлийн хяналтын газар зөвшилцөж хяналт явуулдаг. Ер нь гамшиг боллоо гэхэд урьдчилан мэдээлэх боломж хомс. Энэ бол дэлхий нийтээрээ батлагдсан. Газар хөдөлснөөс хойш хэдэн доль, секундын дараа бидэнд мэдэгдэж байгаа юм. Хэрэв газар хөдлөлт болбол иргэд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн гадна цуглах хэрэгтэй. Учир нь гамшгийн үед иргэд цуглаж эмнэлгийн тусламж авах нөөц талбайн зориулалттай байдаг. Сургуулийн барилгыг хоёр давхраас илүү зөвшөөрдөггүй нь газар хөдлөлтийг тэсвэрлэж үлдэх зориулалттай. Улаанбаатар хот газар хөдлөлтийн долоо, найм, есөн баллын бүсчлэлд байдаг ба нийт 470 мянган га талбайг хамардаг. Үүний 27.6 мянга нь барилгаажсан. Ер нь 2000 оноос хойш хойш баригдсан барилгууд зураг төсөл, угсралтын шатанд газар хөдлөлтийн  баллаар нь нормлосон. Өөрөөр хэлбэл, есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар зураг төслөө гаргаж барилга барьсан гэсэн үг.  Үүнээс өмнө нь баригдсан барилгууд нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг төлөвлөгдөөгүй байдаг. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг акталж, дахин төлөвлөлтөд оруулах саналаа бид хүргүүлдэг. Ер нь барилга байгууламжуудад өргөтгөл, хүчитгэл хийж, дахин төлөвлөлтөд хийж байна” гэлээ. Түүний хэлснээр гамшиг болсон үед иргэд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн гадна цуглах ёстой аж. Учир нь гамшгийн үед нөөц талбайг бэлдсэн тул иргэд эмнэлгийн тусламж авах боломжтой.

Хэрэв хүчтэй газар хөдлөлт болж гамшиг боллоо гэхэд бид хэр бэлтгэлтэй байна вэ. ОБЕГ-ын мэдээлснээр Мөн бидэнд хоргодох аюулгүй байр, хүнсний нөөцийн бэлэн байдал бий юу гэдэгт Онцгой байдлын ерөнхий газрын өгч буй мэдээллээр  улсын хэмжээнд гамшгийн дуут дохиог мэдээлэх 60 цамхаг бий. Мөн хоргодох байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

           АЮУЛГҮЙ ХОРОГДОХ БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ОБЕГ-ын Дэд бүтэц газар хөдлөлтийн тасгийн дарга хурандаа Г.ДАМДИНСҮРЭН: 

-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Он гарснаас хойш 3.5 магнитутаас дээш газар хөдлөлт улсын хэмжээнд 260 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс доош магнитуттай чичирхийлэл маш их болсон. Зарлан мэдээлэх цамхагуудыг нэмэх хөрөнгийг нь шийдэх зэргээр бодлогын хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ гамшиг болохыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Ер нь ойр ойрхон газар хөдлөлтийн чичирхийлэл ойр ойрхон мэдрэгдэх нь аюултай. Энэ сарын 8-нд шилжих шөнө болсон Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо таван магнитутын хүчтэй газар хөдлөлт нь аймгийн 26 сум, Сэлэнгэ, Булган аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас нийслэлд 3-3.5 магнитутын хүчтэй чичирхийлэл болсон нь байршлаас хамаарч  харилцан адилгүй нөлөөлсөн. Шөнийн цагаар газар хөдлөлт мэдрэгдсэн тул иргэдийн хувьд айж түгшиж гэрээсээ гарах, ОБЕГ руу холбогдож байсан. Гамшиг болохыг урьдчилан мэдээлэх боломжгүй ч аюултай хэмжээнд газар хөдлөлт болоогүй тул дуут дохио ажиллаагүй. Газар хөдлөлтийн улмаас аймаг, сум болон нийслэлд ямар хохирол учраагүй. Иргэдийн хувьд айж сандрахгүй аль болох тайван байх хэрэгтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл намжтал хүлээх хэрэгтэй. Хэрэв газар хөдлөлт аюултай түвшинд хүрвэл Улаанбаатар хот дахь зарлан мэдээллийн 60 цамхаг автоматаар ажиллана. Гамшгийн үед хорогдох байруудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар байршлуудыг нь гаргах талаар судалж байна. Энэ талаар албан байгууллага ч бас санаачлагатай байх хэрэгтэй. Зөвхөн улс биш албан байгууллагууд хоргодох байраа бэлтгэж болно. Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэд өөрсдөө л бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Нэгэнт гамшиг болсон тохиолдсон бол айж сандралгүй чичирхийлэл намжтал тайван байх нь чухал. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээллийг иргэд сайн үзэж, хувийн аюулгүй байдлаа хангах ёстой" гэлээ.

Нийслэлд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдэж байв. Энэ үзүүлэлт 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн дээд тал нь жилд 63 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол энэ жил дөрөв дахин нэмэгдсэн болохыг мэдээлэв. Статистикт зөвхөн 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг оруулжээ. Үүнийг графикаас харвал,

     ЗУРГААН МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

ШУА-ны Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.БАТСАЙХАН:

-Улаанбаатар хотоос 125 км орчимд Төв аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн хойшоо 18 км алслагдсан газар таван магнитудын газар хөдлөлт энэ сарын 8-нд шилжсэн шөнийн 00:25 цагийн орчимд болсон. Энэ удаагийн газар хөдлөлт 56 км орчмын гүнд болсон. Өмнө нь 2-10 км гүнд газар хөдлөлт болдог байсан. Нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлт нь үргэлжилсэн цохилттой байсан. Харин энэ удаад нэг цохилттой газар хөдөллөө. Дараагийн газар хөдлөлт зургаан магнитуд байх магадлал маш өндөр. Үүнийг бид ойрын хугацаанд гэж тооцож байна. Рихтер-Гутенбергийн хуулиар таван магнитудын газар хөдлөлт тодорхой удаа болбол дараа нь зургаан магнитудын газар хөдлөлт болоход бэлэн болсон байна шүү л гэсэн дохио. Давтамж ихсэх тусам аюул өндөр болох магадлалтай. Газар хөдлөлтийн долгион нь хүний аминд хүрэх эрсдэл бага ч байшин барилгууд илүү аюул дагуулж байна. Хэдийгээр сүүлийн үеийн барилга байгууламж нь цутгамал, зураг төслийн дагуу баригдсан чанартай ч бас учир дутагдалтай. Ялангуяа сургууль цэцэрлэгүүдийг өртгөтгөж давхарлах, барилгын даацын ханыг нурааж худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, өргөтгөх нь маш том эрсдэл болж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлтийн үед хамгийн  аюултай. Уг нь болохгүй. Эрсдэлийг бид давж гарахад барилгыг норм нормативын дагуу л барих ёстой.

Үүнээс гадна 2000 оноос өмнө баригдсан барилга байгууламж нь газар хөдлөлтийн долоон магнитудыг тэсвэрлэхээр баригдсан. Гэвч өнөөдөр найман магнитудын газар хөдлөлтөд тэсвэргүй бүгд нурах эрсдэлтэй гэх тооцоог бид гаргасан. Учир нь, 1957 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг ерөнхийдөө долоон магнитудын бүсчлэлд хуваадаг байсан. Тэгвэл өнөөдөр хотын нутаг дэвсгэрийг долоо, найм, есөн магнитутын бүсчлэлд хуваах болсноор бүгд эрсдэлтэй болсон. Хотын бүсэд хамаарах баруун хэсэг 22-ын товчооноос цааш Эмээлт орчимд есөн магнитудын эрсдэлтэй. Мөн нийслэлд зургаагаас илүү маш олон хагарал бий. Хотыг блокон суурьтай гэж тооцдог. Өөрөөр хэлбэл, уртаашаа, өргөөшөө маш олон хагаралтай гэсэн үг. Баруун талаасаа Гүнжийн хагарал, зүүн талаас Хустайн нуруу дагасан хагарал нь нийслэлийн хамгийн том. Сүүлийн хоёр жил нийслэлийн газар хөдлөлтийн хагарлуудыг судалж идэвхтэй, үгүйг нь тодорхойлж байна. Бидний багажаар бол нийслэл дэх хагарлуудад газар хөдлөөгүй. Хүчтэй газар хөдлөлтөд  хуучны орон сууц, барилга байгууламж нурах эрсдэлтэйгээс гадна гэр хороололд байшин нурахгүй ч гал түймэр гарах магадлал өндөр.

Учир нь цахилгаан тасрахад утас хайлах, шатах улмаар гал гарах эрсдэлтэй. Хэрэв Улаанбаатар хотын орчимд Могод Дэрэнгийн орчимд хүчтэй газарт хөдлөлт болбол Улаанбаатар хотын орчимд дуут дохио ажиллана. Аз болоход энэ дуут дохио өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Монгол Улсын хувьд ХХ зуунд найм ба түүнээс их магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон. Тухайн үед монголчууд гэрт амьдардаг байснаараа нэг бодлын их азтай.  Хүн ам сийрэг,  барилга байгууламж маш бага, хамгийн өндөр нь л Гандан байсан үе. Тиймээс хүчтэй газар хөдлөлт болсон ч эрсдэл нь маш бага байлаа. Харин одоо газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр. Үүнд хүн амын нягтаршил, барилга байгууламж хамгийн том эрсдэлт хүчин зүйл болж байна. Иймд авран хамгаалах асуудалд  манайх болон онцгой байдал зэрэг олон газар хамтран тооцоо судалгааг гаргаж байна гэлээ.

“Газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байна” гэж мэргэжилтнүүд  тоть шиг олон жил  давтсан, гэвч цагаа тулахаар бэлтгэлгүй сууж байх вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байна.  “Байгалийн гамшгийг бид урьдчилж мэдэх боломжгүй” ч бид эрсдэлийн бэлэн байдал,  урьдчилаад бэлтгэлээ хангасан байх ёстой. Учир нь, Улаанбаатарчууд хагарал дээр амьдарч байгаа болохоор.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ГайхмаарГайхмаар
24
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж