“Дэлхийн монголчууд 3 аймагт амьсгалын аппарат хандивлав”

Хуучирсан мэдээ: 2021.09.09-нд нийтлэгдсэн

“Дэлхийн монголчууд 3 аймагт амьсгалын аппарат хандивлав”

“Дэлхийн монголчууд 3 аймагт амьсгалын аппарат хандивлав”

Дэлхий даяар 10 сая монгол үндэстэн байдаг гэх албан бус тоо бий. Тодруулбал, Халимаг, Тува, Урианхай, Буриад, Өвөр Монгол, Ойрод монгол гэх мэт. Тэр дундаа Өвөр Монголд ойролцоогоор зургаан сая монгол үндэстэн амьдардаг бөгөөд тэдний 1.5 сая нь өдгөө эх хэл, бичиг үсгээ хадгалж үлдээд буй. Тиймээс дэлхийн монголчууд нэгдэж, эх хэл, өв соёлоо хадгалж, хамгаалах нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ингээд Дэлхийн монголчуудын холбооны “Дэлхийн монголчууд” төслийн зохицуулагч Н.Золзаяатай ярилцлаа.


-Дэлхийн монголчууд холбоог 2021 оны гуравдугаар сард үүсгэн байгуулжээ. Энэ хугацаанд ямар ямар ажлуудыг хийв?

-Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд 2020 оноос хойш санаа нэгдэн хурал уулзалтууд хийсэн. Улмаар 2021 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагчдын хурлаа зохион байгуулж, гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар энэхүү Дэлхийн монголчуудын холбоог албан ёсоор байгуулсан. Холбооны бүрэлдэхүүнд АНУ, Япон, Европын зарим улсад амьдарч буй Өвөр Монгол, Ойрод, Буриад, Халимаг, Халх үндэстний төлөөллүүд байдаг. Төв салбар нь Монгол Улсад байдаг бөгөөд ерөнхий зохион байгуулалтын ажлыг хариуцаж байна. Манай холбооны нэгдсэн зөвлөл нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

Мөн холбооны салбаруудаа байгуулж, гишүүнчлэлээ нэмэх, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулах ажилд илүүтэй анхаарч байна. Цаашид ч энэ чиглэлийн бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Жишээлбэл, холбооны албан ёсны уриалга, лого, дүрэм журам, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлүүдээ баталсан.

Холбооны ерөнхий зорилго бол дэлхийгээр тархсан мөн тухайн түүхэн газар нутаг дээрээ амьдран суудаг монгол хэл, соёлоо хадгалсаар байгаа боловч өөр улсад харьяалагдаж буй монгол үндэстний хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний өмнө тулгарсан түүх, хэл соёлын асуудлаар тэднийгээ өмгөөлөн дугарах, тэдгээрийн эрх, эрх чөлөөг олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах, ашиг сонирхолд нь дэмжлэг үзүүлэх, монгол бахархал, түүх, соёл, хэл  бичгийн өвийг хадгалан, хамгаалах, өвлүүлэхэд анхаарах. Монгол судлал зэрэг монгол үндэстний төлөөх бүхий л ажлуудыг дэмжиж ажиллана. Мөн эдгээрийн зэрэгцээ Монгол Улсдаа дэлхийн монгол үндэстний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах нь бидний чухал зорилт юм.

-Холбооны зүгээс Өвөрмонголчуудын асуудлаар дуу хоолой болж, нийгэмд уриалга гаргаж байсан шүү дээ?

-Дэлхийн монголчууд холбооны хурлаар жил бүрийн тавдугаар сарын 11-ний өдрийг Өвөрмонголчуудыг дэмжих дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд жил болгон энэ өдөр Өвөрмонголчуудыг дэмжсэн контент, үйл ажиллагаа өрнүүлж байх уриалга гаргасан. Энэ хүрээндээ Монгол дахь холбооны гишүүд пэйж хуудсаараа дамжуулан Өвөрмонголчуудыг дэмжсэн бичлэг, зурган уриалга нийтэлж, олон нийтийн сүлжээгээр нөлөөллийн ажлуудыг өрнүүлсэн. Гадаад дахь монголчууд ялангуяа Японд өргөн хүрээний жагсаал зохион байгуулж Өвөр монголчуудыг дэмжихийг дэлхий нийтэд уриалсан.

Яагаад энэ өдрийг сонгосон гэхээр 2011 оны тавдугаар сарын 11-нд Өвөр Монголд малчин, тэмцэгч Д.Мэргэн уул уурхайн компанийн машинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үйл явдалд дэлхий даяарх монгол үндэстнүүд бухимдаж, томоохон жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан.

Иймд жил бүрийн тавдугаар сарын 11-ний өдөр дэлхийн монголчуудын хувьд маш гунигтай өдөр тохиож байгаа юм. Мөн холбооны зүгээс эх хэл, бичгийн асуудалтай холбоотой эх хэлний төлөөх хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсад монгол бичгийн хэрэглээг түгээмэл болгох асуудал дээр анхаарч байна. Цаашид ч энэ асуудлаар байнга дуу хоолойгоор хүргэж, нийгмийн ажлуудыг дэмжин ажиллана. Сүүлд монгол бичгийн асуудалтай холбоотой "ЮНИКОД"-ын дөрөвдүгээр олон улсын хурлын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэхээр ярилцаад байна.

-Сүүлд элэг нэгт монгол ахан дүүс нэгдэж, хандивын аян зохион байгуулсан гэсэн үү?

-Бидний сүүлд хийсэн том ажил гэвэл “Монголынхоо төлөө” хандивын аяныг тавдугаар сараас хойш зарлаж, дууслаа. Энэ үйл ажиллагаанд Дэлхийн монголчуудын холбооны гишүүд дэмжигчдийг уриалж цар тахлыг даван туулахад Монголынхоо хүн ардад туслахаар хандив цуглуулсан. Ялангуяа эмч эмнэлгийн ажилтнуудад нэн шаардлагатай аян өрнүүлж, АНУ, Япон, Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд нэгдэж, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод аймагт гурван ширхэг амьсгалын аппарат, 5000 маскыг хандивласан. Уг нь ХӨСҮТ-д амьсгалын аппаратаа хандивлая гэж бодож байсан ч орон нутагт өвчлөл улам нэмэгдэх болсон. Орон нутгийн Засаг даргын Тамгын газраас аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт аппаратаа хүлээлгэн өгсөн.

-Хандивын аянд хэчнээн монгол үндэстэн оролцов?

-Дэлхийн өнцөг булан бүрээс монгол үндэстэн нэгдэж, хандивын аяныг дэмжсэн.

-Цаашдаа Дэлхийн монголчууд холбоо юун дээр төвлөрч, ямар арга хэмжээ зохион байгуулах бол?

-Бид “Цар тахлын хүндрэлийг даван туулахад монголчууддаа туслая” уриалгын хүрээнд эмнэлгийн ажилчдад туслах хүн хүч гадаадаас ирвэл бид хүлээн авч, зохион байгуулалт хийх, бусад хандив тусламжийн ажлуудад дэмжлэг үзүүлэх санаачлагыг гаргасан. Энэ уриалгын дагуу Өвөр Монголоос маск, эм эмчилгээ, мөнгөн хандивуудыг өгч байсан. Ер нь хандивын аяныг зохион байгуулахаас өмнө хүмүүс сайн дураараа нэлээн хандив өгсөн. Манай зүгээс АНУ-ын "Жонсон & Жонсон" компанийн үйлдвэрлэсэн вакциныг Монголд хандиваар өгөх боломжтой эсэх захидлыг тус үйлдвэрийн ерөнхий захиралд хаяглан илгээсэн. Одоогоор вакцинтай холбоотой тодорхой хариу ирээгүй байна.

Монгол дахь Монгол үндэстний асуудлаар хууль эрх зүй, хүний эрхийн зөвлөгөө мэдээллийг өгөх, шаардлагатай тусламжийг үзүүлэх чиглэлээр ажиллахыг зорьж энэ чиглэлийн судалгааг хийгээд байна. Мөн энэ хүрээнд зарим тодорхой асуудлууд дээр дэмжлэг үзүүллэн ажиллаж байна.

Мөн цаашид дэлхийн монголчуудад зориулсан чуулга уулзалтууд, соёлын солилцоо, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнүүд, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, монгол туургатны наадам гэх мэтчилэн хамтын ажиллагааг бэхжүүлсэн сонирхолтой ажлууд болон монгол үндэстний эрх зүйн орчныг бий болгоход нөлөөлөх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа.

-Дэлхийн монголчууд холбоонд хэчнээн монгол үндэстэн гишүүнчлэлтэй байдаг вэ. Холбоонд нэгдэхийг хүссэн иргэд хэнд хаана хандах вэ?

-Тун удахгүй манай вэб сайт нээгдэнэ. Энэ бол бидний дараагийн маш том ажил. Бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүр вэб сайтад ханддаг болно. Одоогоор фэйсбүүк, твиттер хуудсуудаа идэвхтэй ажиллуулж, холбооны бүх мэдээллээ нээлттэй байршуулсан байгаа. Гадаад байгаа монголчууд холбооны салбар байгууллагад хандаж, бидний үйл ажиллагаанд оролцоод явж болно. Бид удахгүй гишүүнчлэлээ зарлаж, дэмжигчдийн тодорхой хэмжээний татварын системтэйгээр олон нийтийн оролцоотой байлгах болно.

Холбоо учраас байгууллагаараа нэгдэх сонирхолтой хүмүүс ч байна. Одоогоор хүсэлт илэрхийлсэн байгууллага болон хувь хүмүүстэй уулзалт зохион байгуулж санал зөвлөлдөж байна. Бидэнтэй нэгдэн ажиллах, санал хүсэлт илэрхийлэх хүмүүс байвал бид үргэлж нээлттэй байх болно шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж