УИХ-ын гишүүн асан өдгөө гэрэл зурагчин болсон Мөнхчулууны Зоригт “Сонгинохайрханд АН-ынхан маань ёстой л нэгдэж нийлээд Бат-Үүл ахыг гаргаж чадвал 24 оны УИХ-ын сонгуульд олонхи болно, одоо чадахгүй бол дараа мөн чадахгүй” хэмээн жиргэжээ. Доор нь “АН байхгүй болсон, МАН үнэмлэхүй ялна” гэх утгатай комментыг хэн нэгэн бичсэн харагдав. Үнэндээ, Ардчилсан нам амьд үлдэж байж л Монголын ардчилал амьд үлдэж чадах юм.
УИХ-д Ардчилсан намын бүлэг байхгүй. ЖАН гэж фракци үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-д орсон С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёр аль, аль нь АН-ыг парламентад төлөөлж чадахгүй.
Аравдугаар сарын 10-нд болох нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу Даваа гаригт СЕХ-нд хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшихээр найман хүн бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлжээ. Мэдээж, гол өрсөлдөөн АН, МАН гэхээс Э.Бат-Үүл, Н.Энхбаярын дунд өрнөнө. Хүүгээ бэрс гаргахын тулд намаа зарсан Н.Энхбаярын хувьд энэ сонгуульд бүх бооцоогоо тавьж байгаа. Ямар ч байсан МАН амалсныхаа дагуу Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн, ялах, ялагдах эсэх нь Н.Энхбаярын өөрийнх нь хэрэг.
Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ынхан С.Эрдэнийгээ унагаах гэж ажилласан бол Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-ынхан Э.Батшугарын эсрэг “зогсох” магадлалтай. Хэдийгээр томчуудын хийсэн наймаа, тохиролцооны дагуу Э.Батшугар нэр дэвшиж буй ч энэ нь МАН-ынханд, ялангуяа Сонгинохайрханы МАН-ынханд огтоос таалагдаагүй.
Тогтвортой засаглал нэрийн дор МАН засгийн бүх эрхийг гартаа авсан. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойшхи дараалсан бүх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Өнөөдөр МАН-ынхны өөдөөс хуцсан нохойг хүртэл цагдаа баривчлах нь холгүй болсон шүү дээ.
Дөрвөн сарын өмнө Монгол Улс сүйрч, дарангуйлагчдын гарт шилжих нь хэмээн МАН-ыг тараах захирамж гаргаж явсан Х.Баттулга нь хүртэл засагт нь зөвлөхөөр гүйгээд оччихоор “нохойг хэн сааж, намайг хэн хэлэх вэ” гэж эрх баригчид дураараа авирлахаас яахав. Тэднийг хянах байтугай хялайх сөрөг хүчин парламентад алга.
Төсвийн алдагдал их наядаар тоологдож, экспорт, импорт нь тэг зогсож, үнийн хөөсрөл үүсч, шатахууны хомсдол нүүрлэж байхад эрх мэдлийн төлөө талбай дээр долоо хоног өлссөн өнөөх УИХ-ын долоон гишүүн үг дуугарах нь бүү хэл “сураг ч” алдрав. Эзэн нь эрх баригчдын өвөрт орчихсон болохоор өөрөөр яалтай ч билээ.
Ийм үед эрх баригчдын өөдөөс цор, цор хийж, ганцаардахгүй тэмцэх ганц дайчин нь Э.Бат-Үүл болж харагдаж байна. Хэрэвзээ, Сонгинохайрханыхан Улаанбаатарын хамгийн ядуус олонтой, хөгжил муутай дүүрэг байхыг хүсэж, МАН-д таашаалтайгаар хүчиндүүлж яваа тавилантайгаа эвлэрчихээгүй бол шүү дээ. Тэгээд ч Н.Энхбаяр бол МАН биш. Эрх мэдэл өгвөл эх орноо ч зарж мэдэх хүн. Жилийн өмнө МАН дарангуйллаа тогтоож байна гэж шүүмжилж суусан тэрбээр сандал суудлын төлөө 56 мянган гишүүнээсээ асууж тодруулахгүйгээр намаа хүртэл зарчихсан шүү дээ.
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш гудамж метрлэж яваа АН-ынхан өдгөө гурав байтугай хэдэн хэсэг хуваагдсан. Малгай, толгой, орон гэр, үзэл баримтлал, үнэт зүйл, эв нэгдэл тэдэнд алга. Гэхдээ энэ удаагийн нөхөн сонгуульд АН-ынхан АН-ынхаа эсрэг ажиллавал цаашдаа АН гэж байхгүй болно.
Ардчилсан намынханд нэг мулгуу зан байдаг. Өөрийг нь болон өөрийнх нь хүнийг нэр дэвшүүлэхгүй бол намаасаа гарна, урвана, муулна, араас нь хутгална. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ынхан юу боллоо доо, өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй гэж Ц.Оюунгэрэл яаж хорлож, урвалаа. Нөхөн сонгуульд горилж явсан С.Жавхлан хүртэл АН-ыг хаяснаа мэдэгдсэн нь урлагаа хөөж буйдаа биш улс төрийнх нь нэг нүүдэл байв. Магадгүй нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүйд “өширхсөн” ч биш, үгүй бол өрсөлдөгч нь үг заагаад явуулсан байхыг үгүйсгэхгүй. Хашгирсан цуурай нь намжаагүй байхад өөрөөсөө, үгнээсээ, үзэл бодлоосоо урвахдаа манай улстөрчид гаргууд сайн.
Ардын намынхан эв нэгдэлтэйдээ зодоон цохионгүй яваад байгаа юм биш л дээ. Цагаан хаус дотроо бол намын даргын суудлын төлөө алалцаж л байгаа. Гол нь, хэрүүл зодоон, талцал тэмцлээ цагаан ордон дотроо нам дарж байгаа болохоос Н.Энхбаярын хүүг дэвшүүлсэнд Ц.Нямдоржоос эхлээд дургүйцэх хүмүүс цөөнгүй. Ардчилсан намынхан шиг урд урдаасаа хараад зодолдохгүй, наашаа харж инээгээд цаашаа харж хутгаа билүүдээд явдаг хүмүүс.
Гэтэл ил цагаан хэрүүл, зодооноо дотоод ардчилал гэж зөвтгөсөөр ирсэн АН-ын тамга ч үгүй, дарга ч үгүй болсон байна.
Э.Бат-Үүлийн хувьд Н.Энхбаяр шиг үзэл бодлоо худалдахгүй байх. Адаглаад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардын намынхантай үзэлцэж чадна.
М.Зоригтын жиргээ бол үнэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан нам эв нэгдлээ хангаж чадахгүй бол ирэх 2024 онд энэ хэвээрээ гудамжинд үлдэнэ. Ардчилсан намын амьд үлдэх сүүлчийн боломж. Ёстой л “ял эсвэл үх” гэсэн сонголттой АН нүүр тулж байна.