Мерседес нэрийн шинэ загварын автомашиныг танилцуулжээ. Энэ удаагийн цоо шинэ загвар жолоочийнхоо бодлыг уншиж ажилладаг гэдгээрээ хамгийн онцлог, дэвшилтэт болсон байна.
Шинэ загварын автомашины нэрийг “Mercedes Vision AVTR” гэх бөгөөд түлш хэрэглэдэггүй, 100 хувь цахилгаанаар ажилладаг гэнэ. Энэхүү цоо шинэ технологиор ажилладаг ухаалаг автомашиныг энэ долоо хоногт Германд болсон үзэсгэлэн дээр танилцуулсан аж. Гэхдээ машин худалдаанд гарах болоогүй, одоохондоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа аж.
Машины гадна болон дотоод үзэмж нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардагтай тун төстэй, гайхан биширмээр аж. Гэхдээ Мерседес үйлдвэрийн үзүүлэх гэсэн зүйл үзэмж төдийхэн бус, бодлоор жолоодох шинэ технологи байж.
Тухайлбал, машинд жолооны хүрд, хааз гэх мэт зүйл байхгүй бөгөөд жолооч ердөө бодох төдийд л машинаа удирдан чиглүүлэх боломжтой гэнэ. Түүгээр зогсохгүй машинд эгшиглэх дууг, ямар өнгийн гэрэл асаах зэргийг ч бодлоороо удирдах боломжтой аж.
Үүний тулд жолооч тусгай дуулга өмсөх шаардлагатай бөгөөд дуулга тухайн жолоочийн тархины үйл ажиллагааг тэмдэглэн автомашины үйлдлийн системд дамжуулах үүрэгтэй юм байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ