Дуучин Бритни Спирсийн бүх эд хөрөнгө, шийдвэрүүдийг 13 жилийн турш захирч байсан аав Жеми Спирс асран хамгаалагчийн эрх мэдлээсээ албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдэж, Лос Анжелесийн шүүхэд өргөдлөө өгчээ.
Тэрбээр өргөдөл дээрээ “Бритни Спирст одоо асран хамгаалагч шаардлагагүй болсон тул энэ эрхээс татгалзаж байгааг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэж хүссэн байна.
Анх 2008 онд Бритни Спирсийн сэтгэцийн асуудлаас шалтгаалан бүх эрх мэдлийг нь хууль ёсны асран хамгаалагч буюу аавд нь шилжүүлж байв. Улмаар Бритни Спирс өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах болон бусад өдөр тутмын амьдралын олон шийдвэрийг бие даан гаргах эрхгүй болжээ.
Гэвч удалгүй Бритни Спирс өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж, эцгээ асран хамгаалагчийн эрхээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган зарга үүсгэсэн юм. Харин Жеми Спирс үргэлж өөрийгөө өмгөөлөн, ямар ч буруу зүйл хийгээгүй, ямагт охиныхоо сайн сайхны төлөө санаа зовж явсан гэдгээ илэрхийлдэг аж.
Гэтэл сүүлийн үед дуучин бүсгүйн шүтэн бишрэгчдийн эхлүүлсэн “Бритнид эрх чөлөө өг” уриатай хөдөлгөөн хүчээ авч, бие даан амьдралаа авч явах эрхийг нь Бритнид буцаан өгөхийг шаардах болсон юм.
Бритнигийн үүсгэсэн зарга удаан үргэлжилсэн ч энэ онд гарсан баримтат киноноос болж олны анхаарлын төвд орж, ийнхүү шүтэн бишрэгчдийг нь идэвхжүүлсэн аж.
Бритнигийн мэдүүлснээр тэрбээр мансууруулах бодисын нөлөөнд орж, хүсээгүй зүйлээ хийхээс гадна жирэмслэхээс сэргийлэх арга хүчээр хэрэглэж байжээ.
Чухамдаа Бритнигийн аавд хоёр үндсэн эрх мэдэл байв. Нэгдүгээрт, түүний бүх хөрөнгийг захиран зарцуулах, хоёрдугаарт, хувь хүнийг нь харж хянах. Гэхдээ 2019 онд Жеми эрүүл мэндийн шалтгаанаар охиноо харж хянах эрхээсээ татгалзсан аж. Харин Бритни эд хөрөнгөө өөрийн болгохоор хөдөлгөөн эхлүүлж, зорилго нь биелэхээс нааш тайзан дээр гарахгүй гэдгээ зарлаж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ