Мисс, жүжигчин А.Баярцэцэг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, жүжигчний мэргэжлээр гадаадад суралцаад ирсэн. Тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болоод амжсан билээ.
Эх орондоо ирээд удаагүй байгаа авьяаслаг бүсгүй "Сити" их сургуулийн Урлагийн сургуулийн багшаар ажиллахаар болжээ. Жүжигчин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан анх удаа "Bloomsbury Festival"-ийн хүрээнд Лондонд театрын жүжигт дүр бүтээхээр болсон тухайгаа дуулгасан юм.
"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”, "Хөх тавилан" зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.
Холбоотой мэдээ