Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.09.08/ Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоол буюу төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тогтоолын талаар мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА:
-Засгийн газрын гаргасан 43 дугаар тогтоолын 1.3 буюу төрийн болон олон нийтийн өмчит компаний бүтэц, чиг үүрэг, удирдлагын цалин хөлс зэргийг нийтлэг жишгээр тогтох, цалин урамшууллыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Анх захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан боловч нийт төрийн үйлчилгээний салбарт ажиллаж бүх хүнд хамааруулж байна. Тиймээс багш, эмч зэрэг төрийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдын эрх ашгийг зөрчиж байна гэж МҮЭХ үзэж, үүнийг эсэргүүцэж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна. Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомстолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа учир удирдлагын бус ажилчдын цалинг хасч байгаад анхаарал хадуулахыг шаардаж байна.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.БУЯНЖАРГАЛ:
-Эрчим хүчний салбар ажиллаж байгаа хүмүүс олноор өвдөж, хавсарч, орлож нэгнийгээ нөхөж ажиллахад ажилчдын ачаалал эрс нэмэгдсэн. Гэтэл нэг алба хаагч ачаалалтай ажилласан ч цалин нэмэгдүүлэх, нэмэлт цалин бодох боломжгүй тогтоол гарсан. Үйлдвэрлэл, үйл ажиллагаан дээр ажиллаж байгаа хүмүүст энэ шийдвэр сөргөөр тусаж байна. Энэ оныг дуустал айл өрх, албан байгууллагыг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байгаа. Есдүгээр сарын 15-наас өвлийн ачаалалд орох гэж байна. Манай салбарын нийт 16 мянган ажилчин эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа учраас энэ тогоолыг эргэж харах нь зүйтэй.
Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.ЦЭРЭНПҮРЭВ:
-Автозам засварын болон нийслэлийн автозамын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Автозамын салбарын ажилчид маш хортой нөхцөлд ажилладаг байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын санхүүжилтийг танаж байгаад бухимдалтай байна. 2-3 сар цалинг нь олгохгүй, ажилчдын орон тоог хэмнэж, захиргааны орон тоог нэмж байгаа. Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл. Төрийн өмчийн газрууд, Зам тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Монгол компаниуд дампуурч, Хятад компаниуд ноёлж байна.
Холбоотой мэдээ