Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2021 оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруулалтад гурван комданин оролцсоноос “Power Construction Corporation of china” болон “Power Chengdu engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан байна. Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлдээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авснаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй. Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of china” болон “Power Chengdu engineering Corporation limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгааг байршуулаагүй байгаа аж. Тодруулбал, хуульд ТОӨЗ-ийн 39.1-т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн зургадугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ.
Гэвч уг хуулийн заалт зөрчигдсөнөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг шалгаруулсан байж болзошгүй юм байна. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилгын ажил мөн л хойшлогдож болзошгүй нөхцөл үүсчээ. Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч Эрчим хүчний яам мөн л хуулийн зөрчил үүсгээд байгаа байна. Хуульд "Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн баталгааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана гэж заажээ. Гэтэл Эрчим хүчний яам гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадахгүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байна вэ гэдэг эрх ашгийн зөрчил үү гэх хардлага дагуулаад байна.
Холбоотой мэдээ