Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага болох АСОСАИ-н 15 дугаар чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр эхэлж, АСОСАИ-н гишүүн 43 орны 249 төлөөлөгч болон Олон улсын Аудитын дээд байгууллага ИНТОСАИ, Аудитын дээд байгууллагуудын Европын байгууллага ЕВРОСАИ, ИНТОСАИ-н Хөгжлийн санаачилгын байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтыг Тайландын Хаант улсын Төрийн аудитын газар цахим хэлбэрээр зохион байгуулав.
Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага болох АСОСАИ нь гишүүн орнуудын аудитын дээд байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Чуулга уулзалтыг 3 жил тутамд 1 удаа зохион байгуулж өнгөрөгч онуудад хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, дараагийн гурван жилд хэрэгжүүлэх ажил, стратеги төлөвлөгөөгөө баталдаг юм.
Энэ удаагийн чуулга уулзалтаар 2022-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн гишүүд болон Аудитын хорооны гишүүн орнуудыг сонгох сонгуулийг зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний аудитын газар АСОСАИ-н санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх үүрэг бүхий Аудитын хорооны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөв.
АСОСАИ-н 15 дугаар чуулга уулзалтаар Аудитын дээд байгууллагууд ба цар тахлын дараах хэвийн байдалд бэлтгэх “Бангкокийн тунхаг”-ийг баталлаа. Бангкокийн тунхагт сайн засаглалыг бэхжүүлэх, авлигаас ангид оршиж, авлигын эсрэг тэмцэхэд аудитын дээд байгууллагуудын ач холбогдлыг онцолсон бөгөөд төрийн аудитад дэвшилтэт технологийг ашиглах, цар тахал, гамшгийн үед үзүүлэх хариу үйлдэл зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах талаарх асуудлыг тусгасан байна.
АСОСАИ-н 15 дугаар чуулга уулзалт есдүгээр сарын 8-ны өдөр “Ковидын дараа хэвийн байдалд шилжих-Сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд АСОСАИ-н гишүүн орнууд өөрсдийн мэдлэг туршлага, алсын хараа, хэтийн төлөв болон төрийн аудитын байгууллагын сайн туршлагуудаа хуваалцах 8 дугаар цахим бага хурлаар үргэлжлэх юм.
Холбоотой мэдээ