Халдварын тархалт тэлэхийн хэрээр хүмүүсийн вакцин хийлгэх идэвх буурч эхэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тэгвэл Covid-19-ийн эсрэг дархлаажуулалттай холбоотой асуудлаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
Тэрбээр, дархлаажуулалтын явц нийслэлд идэвхтэй байгаа ч орон нутагт хамрагдах идэвх сул байна. Вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл нийгэмд гарч байна. Гэхдээ иргэд энэхүү вакциныг хийлгэснээр өвчлөх болон өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон томоохон судалгааны төвүүд тогтоосон. Аль ч үйлдвэрийн вакциныг хийлгэсэн хүн тухайн халдварт өртөхөөс 92 хувь урьдчилан сэргийлж байгаа юм. Тухайлбал, Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн уушгины рентген зургийг харьцуулан харахад вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүсийн өвчлөл тэнгэр, газар шиг өөр байна. Огт вакцин хийлгээгүй хүний уушги маш их гэмтэлтэй байгаа бол дархлаажуулалтад хамрагдсан хүн хөнгөн тусаад эдгэрч байгаа юм. Хүүхэд төрснөөс хойш товлолт вакциныг хийдэг. Covid-19-ийн эсрэг вакцин яг л тэдгээр вакцины нэг. Дархлаа тогтолцооны онцлог шинж чанар үүсгэгчээрээ л ялгаатай. Тиймээс хүмүүс аль болох вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсч байна. Харин вакцины II, III дугаар тундаа хамрагдсан хүмүүс нийгмийн харилцаанд оролцохдоо хариу арга хэмжээг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.
11-ЭЭС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТОМУУГИЙН ВАКЦИН БОЛОН ИММУНОГЛОБУЛИН ХИЙНЭ
Халдварын мутацид орсон хэлбэр тархаж, вакцингүй бүлэг рүү өвчлөл чиглэж байгаа. Тиймээс бид зургадугаар сарын 15-наас хүүхдийн вакцинжуулалтыг эхэлсэн. Одоогоор 12-17 насны зорилтот бүлгийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Хичээл, сургууль танхимаар орж эхэлж байгаа энэ үед 11-ээс доош насны хүүхдүүдийг хэрхэн дархлаажуулах талаар яам болон холбогдох байгууллага, ДЭМБ судалгаа хийж байгаа. Юуны түрүүнд томуугийн вакцины татан авалтыг хийж, 11-ээс доош насны хүүхдүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа алба хаагчид, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна. Учир нь хүүхэд томуугаар өвдөж, Covid-19-тэй хавсарвал маш хүнд өвчилнө. Мөн зорилтот бүлгийн буюу вакцин хийлгээгүй байгаа хүүхдүүдээс тусгайлан сонгож дотоодын Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн иммуноглобулинаар дархлаажуулахаар болсон. Хүчин чадлаас хамаарч тус уургийг бага тун үйлдвэрлэж байгаа учраас тураалтай, төрөлхийн хүнд өвчтэй зэрэг хүүхдүүдийг эхний ээлжинд хамруулахаар болсон.
ВАКЦИНААС ХАМААРЧ БУС УРВАЛ, ХҮНДРЭЛ ҮҮСЧ ЭНДСЭН ТОХИОЛДОЛ БИЙ
Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцин хийлгээд биеийн байдал нь хүндэрч нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Хариу урвал илэрч, биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол бол гарсан. Вакцин хийлгэсэн хүн бүрд өөр, өөр хариу урвал илэрдэг. Урвал илрэхгүй хүн ч олон бий. Хариу урвал хүндэрч биеийн байдал нь хөнгөн, хүнд, маш хүнд хэлбэрт хүрэхэд эрүүл мэндийн салбарын ажилтнууд хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг хичээж байгаа. Хавсарсан өвчтэй, хариу урвал хүндэрч эндсэн тохиолдол бол бий. Вакцины дараах урвал хүндрэл аль ч насны хүнд гарч болно.
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 55-ААС ДООШ НАСНЫ ХҮМҮҮСИЙГ III ТУНД ХАМРУУЛНА
Улс даяар дархлаажуулалтын III тунг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 140 мянга гаруй хүн хамрагдаад байна. Ирэх долоо хоногоос 55-аас доош насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийлгэх боломжтой.
Covid-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараа зарим хүүхэд болон бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст өвчний шинж тэмдгүүд удаан үргэлжлэх тохиолдол ажиглагдсан. Тэдгээр хүмүүс III тунгаа аль үйлдвэрийн вакцин хийлгэх болон хийлгэхгүй байх талаар асууж байна. Энэ сонголтыг иргэд өөрсдөө хийнэ. Халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст толгой өвдөх, ядрах, үс унах, сэтгэл гутралд автах, мартах зэрэг 50 гаруй шинж тэмдэг илэрч байгаа. Эдгээр шинж тэмдэг 4-6 сар, зарим хүнд нэг жилийн хугацаанд үргэлжлэх ч тохиолдол байна. Эдгэрсний дараа шинж тэмдгүүд удаан үргэлжлээд байвал эмчид хандах хэрэгтэй. Дараагийн тунг хийлгэх нь дээрх шинж тэмдгийг хүндрүүлнэ гэж ойлгох нь мөн өрөөсгөл юм.
Холбоотой мэдээ