Япон улс цар тахлын үед олимп, паралимпийг зохион байгуулж, их ажлын ард гарлаа. Токиогийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэико Хашимото энэ долоо хоногийн эхээр ажлаа тайлагнасан бөгөөд энэ үеэрээ "Токиогийн наадмыг амжилттай болсон эсэхийг түүх гэрчилнэ" хэмээсэн. Зуны 32 дахь олимпийн нийт өртөг нь 15.4 тэрбум ам.доллар бөгөөд түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн наадам болохыг Оксфордын их сургуулиас тогтоожээ. Хэдийгээр 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40 гаруй тэрбум ам.доллар болсон гэгддэг ч ихэнхи зардлууд нь наадамтай шууд холбоогүй гэнэ.
17 хоногийн турш дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулсан Токиогийн олимпийг гадаадын жуулчид байтугай дотоодын иргэд нь ч цэнгэлдэхээс үзэж чадаагүй. Харин ч халдвар тархахаас сэргийлж, Японы ихэнхи хотуудад онц байдал зарлаж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, хүмүүс олноор цуглах эрсдэлтэй баар, ресторан, шөнийн цэнгээний газруудыг эрт хааж байв. Шүүмжлэгчид, олон нийтийн зүгээс ч энэ удаагийн олимпийг Японы эдийн засагт хохирол амсуулсан, алдагдалтай наадам болсон хэмээн үзэж байгаа ч яг ч тийм биш аж.
Номүра судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Такахидэ Киүчи өнгөрөгч зургадугаар сард Япон улс олимпийн наадмаас 16.4 тэрбум ам.долларын ашиг олно гэж тооцоолжээ. Гэвч хаалттай цэнгэлдэхэд, үзэгчгүй наадмыг явуулах шийдвэр гарсны дараа энэхүү тоо 15.2 тэрбум ам.доллар хүртэл буурчээ. Тэрбээр судалгааныхаа талаар ярихдаа “Хэдэн жилийн өмнө Токиогийн хотын захиргаа наадмын эдийн засгийн үр ашгийн тооцоог 109 тэрбум ам.доллараар үнэлж байв. Тэд гадны жуулчид, үзэгчид олимпийн үеэр Япон улсад зочилж, дотоодын эрэлт хэрэгцээг түргэсгэнэ гэж үзсэн хэрэг. Гэвч харамсалтай нь, гадаадаас жуулчид авахгүй гэж шийдвэр гаргасан учир энэ тооцоолсон том тоондоо хүрч чадаагүй. Гэхдээ л асар их мөнгө эргэлдсэн. Зочид буудлууд, ресторанууд гадаадаас жуулчид ирнэ хэмээн засвар үйлчилгээ хийж, өргөтгөл барьж, тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд асар их мөнгө зарцуулсан” гэжээ.
Токиогийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто Япон улс олимп, паралимпийн тасалбар борлуулалтаас 819 сая ам.доллар олно гэж тооцоолж байсныг дурджээ.
Ер нь сүүлийн жилүүдэд олимпийн наадмыг өндөр өртгөөр зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа. 2024 оны олимпийн эрхийн төлөө Парис, Хамбург, Будапешт, Ром, Лос Анжелес зэрэг хотууд өрсөлдөж, Хамбург, Ром, Будапешт хотууд төсөв болон олон нийтийн эсэргүүцлийн улмаас нэрээ татаж, Парис 2024 оны олимпийн эрхийг, Лос Анжелес 2028 оны эрхийг тус тус авч байв. Өөрөөр хэлбэл, улс орнууд санхүүгийн алдагдал хүлээхээс айж, олимп зохион байгуулахаас татгалзах хандлагатай байна. 2032 оны олимпийн зохион байгуулах эрхийн төлөө Австралийн Брисбен хот ганцаараа өрсөлдөж, наадмын төсвийг улсаас бус хувийн хэвшлээс бүрдүүлнэ гэх амлалт өгч, иргэдийнхээ мөн ОУОХ-ны дэмжлэгийг авчээ.
Токиогийн олимпийн ачаар Японы барилгын салбар ашигтай ажилласан. Тодруулбал, 68 мянган хүний суудалтай Японы архитектор Кэнго Күмагийн зураг төслөөр баригдсан Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон бусад олимпод зориулан барьсан долоон байгууламжийн нийт зардал нь гурван тэрбум ам.доллар аж. Үүнээс гадна 25 барилга, байгууламжийг сэргээн засварлажээ. Паралимп өндөрлөсний дараа эдгээр цэнгэлдэх, байгууламжуудыг хөлбөмбөг, регби болон соёлын арга хэмжээнүүдэд зориулан ашиглахаар болжээ. Харин 490 сая ам.долларын өртөгтэй тамирчдын тосгоныг орон сууц болгох гэнэ.
Олимпийн наадам нэг жилээр хойшилсонтой холбогдуулан 2.8 тэрбум ам.долларын нэмэлт зардал гарчээ.
Барилгын салбараас гадна Японы цахилгаан барааны тэр дундаа телевизорын эрэлт улам нэмэгдсэн аж. Нэгэнт л цэнгэлдэхэд орж, наадам үзэж чадахгүй болсон тус улсын иргэд илүү том дэлгэцээр баг тамирчдынхаа тэмцээн уралдааныг үзэж, дэмжих зорилготой телевизор худалдан авч эхэлжээ. Олимпийн үеэр хамгийн эрэлттэй байсан цахилгаан бараа бол 65 инчийн "OLED" буюу байгалийн гэрэл ялгаруулдаг телевизор гэнэ. Японы хамгийн том цахилгаан барааны сүлжээ дэлгүүрүүдийн нэг “Bic Camera” -ийн судалгаагаар өнгөрөгч долдугаар сард "OLED" телевизорын борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн гэнэ.
Мэдээж, нутагт нь олимп болсон учир Японы спортын салбарт ахиц дэвшил гарчээ. Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт скейтбордын төрөл нэмэгдсэн бөгөөд Японы өсвөр үеийн тамирчид ч энэ төрөлд олон медаль хүртсэн. Яг л 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр түрүүлсний дараа Монголд жүдогоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд нэмэгдсэнтэй адил зүйл энэ жил Японд тохиожээ. Юто Хоригомэ эрэгтэйчүүдийн скейтбордын стрийт ангилалд түрүүлсний дараа Сакүра Йосозүми, Кокона Хираки, Момижи Нишия, Скай Браун хэмээх Японд төрсөн дөрвөн охин мөн олимпоос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэдний нөлөөллөөр Японы скейтбордын паркууд өсвөр үеийн хүүхдүүдээр дүүрч, цар тахлын үед гадаа талбайд дасгал хөдөлгөөн хийх сайхан боломж нээгджээ.
Токио хотын Мүрасаки цэцэрлэгт хүрээлэнгийн менежер Коичи Хироока ярихдаа “Олимпийн дараахан скейтбордоор хичээллэх хүүхдүүд, насанд хүрэгчид олширсон. Наадмаас өмнө Ныжа Хастон гэх мэт гадаадын тамирчид залуучуудад нөлөө үзүүлдэг байсан бол япон тамирчид медаль авсны дараа хүүхдүүд тэднийг даган дуурайдаг болсон. Магадгүй скейтборд Японы томоохон спортуудын нэг болох биз” гэжээ.
Өөр нэг эерэг өөрчлөлт гарсан нь Японд охид, эмэгтэйчүүд өмнөхөөсөө илүү спортоор хичээллэх сонирхолтой болсон гэв. Токиогийн олимпоос Япон улс 58 медаль хүртсний 33-ыг нь, үүний дотор 27 алтан медалийнх нь 15-ыг нь эмэгтэй тамирчид авчирчээ. Голдман Сакс байгууллагын дэд тэргүүн асан эдийн засагч Кэти Мацүи энэ талаар “Эмэгтэй тамирчид өндөр амжилт гаргасны ачаар олон охид бүсгүйчүүд спортоор хичээллэх хүсэл зорилготой болсон гэж би бодож байна. Хамгийн гол нь тэд япон охид бүсгүйчүүдэд бүх зүйл боломжтой, өмнөө тулгарсан саад бэрхшээлийг даван туулах ёстой гэдгийг харууллаа” гэжээ.
Кэти Мацүи эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих эдийн засаг буюу “womenomics” хэмээх нэр томъёог гаргаж ирсэн билээ.
Дэлхийн эдийн засгийн форумоос хамгийн сүүлд гаргасан жендерийн зөрүү буюу жендерийн ялгаатай байдлын тайланд Япон улс 156 орноос 120 дугаар байрт жагсчээ. Энэ нь Япон улсад эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эмэгтэйчүүдээс их байна гэсэн үг. Хатагтай Мацүигийн бичсэнээр жендерийн ажил эрхлэлтийн зөрүүг арилгаснаар Японы ДНБ 10 хувиар нэмэгдэх аж.
Ямартай ч Токиогийн олимп Японы барилга, спорт, худалдаа гэх мэт салбаруудад эерэг нөлөө үзүүлж чаджээ. Магадгүй ирэх жилүүдэд та бид сүр дуулиантай уламжлалт бус энгийн хямд төсвөөр бүтсэн олимпийн наадмуудыг үзэх эхлэл энэ байж болох юм. Улс орнууд цар тахал мэтийн урьдчилан таамгалахад бэрх аюулуудаас сэргийлж, олимп зохион байгуулж, үргүй зардал гаргахаас зайлсхийж эхэлж байна.
Холбоотой мэдээ