Чулуужсан ойгоос ганцхан мод үлджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

Чулуужсан ойгоос ганцхан мод үлджээ

Чулуужсан ойгоос ганцхан мод үлджээ

Байгаль эхийн давтагдашгүй бүтээлд би нэг цэг, зураас нэмэх эрхгүй” хэмээн өгүүлэх энэ эрхэм бол Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, эрдэс судлаач Г.Гонгоржав. Түүнийг “Чулууны Гонгоржав” гэдгээр нь хүмүүс илүүтэй мэднэ.

Онгон зэлүүд тал нутагт өвөрмөц содон хээ угалзтайгаар оршин буй чулууг 60 жилийн хугацаанд судалж, цуглуулсан тэрбээр Монголын үндэсний музейн танхимд “Чулууны хээ-4” үзэсгэлэнгээ дэлгээд буй. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн сэдэв “Чулуужсан модны дууль”. Олон сая жилийн тэртээ Монголын говь нутагт үүсч, өнөө цагтай золгосон байгалийн гайхам бүтээлүүдээ тэр “гайхуулжээ”. 


-Цар тахалтай байгаа ч таны үзэсгэлэнг сонирхох олны хөл тасрахгүй байна. Үзэсгэлэнгийн нэр ч бас сонирхолтой юм. “Чулуужсан модны дууль”, яагаад ингэж нэрлэх болов?

-Эрт галавын үед говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Одоогоос зүйрлэшгүй ондоо халуун орны ч гэмээр юм уу мод, ургамал ихтэй ой байж. Тэгээд галт уул дэлбэрч, нуурын шавар, галт уулын нурам нь газрын ой модонд дарагдаж чулуужсан мод үүсч, тэр олон сая жилийн өмнө бий болсон түүхтэй.

Анх Америкийн хоёр судлаач Сүйхэнтэд 90 босоо, 40 гаруй хэвтээ чулуужсан мод бүртгэсэн байдаг. Дараагаар нь манай судлаачид очиход тэнд ганцхан ширхэг хэвтээ мод үлдчихсэн байсан. Дэндүү харамсалтай.

Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн үзэсгэлэнт энэ газрыг хожим 1990-ээд оны сүүлчээр “Дурсгалт газар” болгон улсын хамгаалалтад авсан. Би чулуужсан модны холтос, үүрмэгийг нь цуглуулж л үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Чулууны хээ гэдэг нь чулууны зураг гэсэн утга шүү дээ. Энэ үзэсгэлэнд 200 гаруй чулууны цуглуулгаа дэлгэлээ.

-Та чулуужсан модоо засч янзалдаг уу. Үзэсгэлэнгээрээ та үзэгчдэд юу мэдрүүлж, ойлгуулахыг хүссэн бэ?

-Харин хүмүүс тэгж асуух юм. Байгаль эхийн давтагдашгүй бүтээлд би нэг цэг, зураас нэмэх эрхгүй. Байгалийн дахин давтагдашгүй бүтээлээ контемпорари урлагийн чиглэлээр зохиомжилж өгсөн хэрэг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох бүтээл бол эрт галавын кордайт модны самар, үр жимс. Чулуужсан модны бүтцийг харахад цахиур, мана, гартаам, чүнчигноров гэх мэт эрдсүүдээс бүрддэг. Тиймээс би чулуужсан модыг дундуур нь хөрөөдөж харуулсан. Мөн чулуугаар зүйл зүйлийн юм хийж болно. Жишээлбэл, чулуужсан модоор хөөрөг, дарь эх бурхан, бөгж, үзэгний сав, цагийн тавиур хийж ахуй амьдралд хэрэглэж болно.

Улсын тусгай хамгаалалттай Дорноговь аймгийн нутагт орших Сүйхэнт гэдэг газрыг хэрхэн сүйрч, устаж байгааг энэ үзэсгэлэнгээрээ сануулахыг зорьсон.

Хоёрдугаарт, чулуужсан модыг шинжлэх ухааны талаас судалвал их юм бий. Зөвхөн уран сайхан, гоо сайхны талаас нь харахад л маш олон зүйл нуугдаж байна шүү. Тэр дунд гайхамшигтай зураг дүрслэл, бичээс ч тааралдана. Хүмүүс байгаль орчноо хайрлан, хамгаалъя. Тэгэхгүй бол мөдхөн сүйрч, мөхлийн ирмэгт хүрэхэд ойрхон байна шүү гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм.

-Хамгийн сүүлд Монгол орныхоо хаагуур аялав. Ямар олз омогтой ирэв дээ?

-Би арав хоногийн өмнө Дорноговь аймгийн Сүйхэнтийн дурсгалт газар руу яваад ирсэн. Уг нь үзэсгэлэн маань өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарах ёстой байсан юм. Цар тахлын улмаас хойшилсоор байгаад “Болохоо байлаа та минь” гээд хичээл сургууль орж буй үүлэн чөлөөгөөр үзэсгэлэнгээ яаран гаргалаа. Энүүхэн хооронд бас юу ч олдов билээ гээд зориод очсон ганц нэг сонин хачин чулуужсан мод олж ирсэн.

-Хангайн хүн говь нутгийн байгальд ингэтлээ татагдах болсон нь чулуутай холбоотой юу?

– Говь нутаг ааш араншин ихтэй. Энэ жил говь нутагт сонин сайхан юм үзсэн бол дараа жил нь очиход элсэнд дарагдаад алга болчихдог. Бүр юмгүй газар байсан чинь сонин юм гараад л ирэх жишээтэй. Говь нутгаар явахад тухайн өдрийн цаг агаараа сайн ажиглах хэрэгтэй. Миний олон жилийн туршлага гэж байна.

Жишээлбэл, шинийн 15-ны сар гарч байгаа үеэр говь нутаг сайхан харагддаг ч тэр үеэр тэнгэр хангай их аягүйрхдэг. Говь нутаг бол хангай нутгаасаа хамаагүй илүү. Байгалийн хамаг сонин сайхныг агуулсан тэр чигээрээ чулуун судар юм даа. Хангай нутгийн гоё сайхныг хар шороон хөрс дарчихаад юу байгаа нь мэдэгддэггүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд  чулууг ихээр түүж, Хятад руу худалдаалдаг болсон. Та судалгаа хийж явахдаа ийм хүмүүстэй таарч байв уу?

-Харин тийм ээ. Гол асуудал тэр болоод байна. Би  Сүйхэнт рүү гэхэд 11 удаа очсон. Нэг талдаа 700-800 километр газар нийлээд 1000 гаруй километр зам туулна. Олон удаа явж, үйл тамаа үзнэ. Тэгэхэд янз бүрийн л юм таарна.

Нэг удаа говьд явж байсан чинь хар тас шувуу суучихсан юм уу гэмээр хар юм сууж  байхаар нь ойртоод очтол говийн хэдэн авгай, хүүхдүүд ямааны сам барьчихсан газар самнаж байна. Яаж байгаан гэхээр жижиг үзэм мана чулууг түүж байгаа юм байх. Тэгээд тэрийгээ Хятад руу гаргадаг гэнэ. Мөнгөний төлөө эх орныхоо чулууг хүртэл зүгээр байлгахгүй байна шүү дээ.

-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монгол орноороо хэрхэн аялж, цуглуулгаа арвижуулсан бол?

-Намайг ямар сайндаа “Чулууны Гонгоржав” гэхэв дээ. Аав ээжийн минь нэрээр дууддаггүй шүү дээ. Чулуугаа 60 жил цуглуулжээ. Би чинь химич, эрдэс чулуу судлаач, сэтгүүлч гэсэн гурван мэргэжилтэй.Химич мэргэжлээрээ ажиллаж байгаад хордсон хүн байгаа юм.

Тэгээд мэргэжлээ солиод сэтгүүлч болсон л доо. Тэгээд яахав “Үнэн” сонин, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, “Монголын нэвтэрхий” толь сонинд ажилласан хэрнээ өмнө нь хийж байсан мэргэжлээ хобби болгож, ном бичихийн хажуугаар монголынхоо говиор тэнэж өөрийгөө зугаацуулж  байгаа юм уу гэж нэг бодлын. Би өөрийнхөө дуртай юмыг хөөгөөд явж байна даа.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж