Хотын дарга & Сангийн яам: Гүтгэсэн, гүтгээгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

VS

Хотын дарга & Сангийн яам: Гүтгэсэн, гүтгээгүй

Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар  есдүгээр сарын 6-нд болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр  "30 автобусны тендер зарласан боловч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн" гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл Сангийн яамнаас дээрх мэдэгдлийг өчигдөр /2021.09.07/ үгүйсгэсэн юм. Ингээд  хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Д.Сумъяабазар
Хотын дарга:

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1200 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Гэвч 2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа нь  дуусна. Оронд нь үйлчилгээнд явах автобус байхгүй учраас ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй. Ашиглалтын хугацаа дууссан автобус иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд эрсдэлтэй.

30 автобусны тендер зарлахад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нэгт шалгарсан компанийг бус дөрөв дэх компанийг шалгаруул гэдэг албан бичгийг явуулсан. Хэрэв шалгаруулахгүй бол АТГ-руу бичиг хүргүүлнэ гэсэн. Тендерийн хуулийг дандаа ингэж завааруулна. Хэрэв автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү. Сангийн яам ч хариуцлага хүлээх үү. Гэвч эцэст нь аль, аль нь хариуцлага хүлээхгүй. 

Ажлын дунд садаа болдог шуналтнууд, эрх мэдэлд дулдуйдагч нар хотын хөгжилд гай болж байна. Одоо ахиад 500 орчим автобус оруулж ирнэ. Ахиад гацаана. Өөрсдийнх нь ашиг сонирхол бүхий компани тендерт шалгарах ёстой юм байх. Нийтийн эрх ашиг буюу нийслэлд тулгамдаж буй асуудал тэдэнд ямар  ч хамаагүй. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингэж явж иржээ.  Нийслэлийн удирдлагууд тендер явуулдаггүй, гацаагаад байгаа мэтээр нийгэмд ойлгуулдаг.

Гэвч Сангийн яамныхан тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод нийслэлийн асуудал ямар ч хамаагүй юм байна. Бүр болохгүй бол 532 автобусыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулна. 

С.Наранцогт
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга:

-Хариуцлагатай төрийн өндөр албан тушаалтан, хотын дарга ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсанд харамсч байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон.

Тухайн тендерт "Сүлдэрхан минералс" компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Тухайн өрсөлдөгч компаниуд тендерийн материалтай танилцаж, гомдлоо гаргасан тохиолдолд хэн нэгэн албан тушаалтны хүсэлтээр үнэнийг худлаа, худлыг үнэн болгох ямар ч боломжгүй.

Сангийн яамны улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад зургаан шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн. Тухайлбал, "Сүлдэрхан минералс" компани автобус нийлүүлсэн туршлагагүй гэх мэт шаардлагыг хангаагүй. Ажлын туршлагад нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэх албан бичиг ирүүлсэн байсан. Тодорхой нэр бүхий уул уурхайн төрийн өмчит компаниас санхүүжүүлж байгаа төслүүд дээр сүүлийн жилүүдэд шууд гэрээ байгуулсан байдаг. Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж, болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой.

Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой. Хотын даргын өчигдрийн ярьсан асуудалд ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг гомдол гаргасан компаниуд тавьсан. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж