Дэлхий дулаарлын үлгэр Монголд хамаагүй

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

Дэлхий дулаарлын үлгэр Монголд хамаагүй

Дэлхий дулаарлын үлгэр Монголд хамаагүй

Тэрслүү үг

“АНХ УДАА” АЖИГЛАГДСАН НЬ

"Айда" хар салхи Мексикийн буланг дайрч, АНУ-ын зүүн хойд хэсгийг чиглэж Пенсильвани, Нью Жерси, Коннектикут, Нью-Йорк хотуудад хүчтэй аадар бороо орсоныг хэдэн зуун жилд үзэгдээгүй үерийн гамшиг тохиолоо гэж дэлхийн дулаарал яригчдыг ам булаалдан ярихад хүргэв. Энэ мэт хүчтэй хар салхи, ган гачиг, гамшигт үзэгдлийг сүүлийн 100 жилд хүний оролцоотой дэлхийн дулаарлаас үүдсэн гажуудал гэж шүүрч аваад тайлбарладаг. Гэтэл нум сумнаас өөр ноу хаугүй эрхий мэргэн харваачийн үед ч ган гачиг болж байсан тухай үлгэрт гардаг. 800 жилийн өмнө Хубилай хааны цэрэг Япон руу дайрахад ч хар салхи гарч, хайр найргүй усан цэргийн флот нь сүйрсэн тухай баримт байж л байна. Дундад зуунд тэр чигтэй хар салхи, ган гачиг болж байсныг бишгүй ном зохиолд тэмдэглэсэн байдаг нь хачирхалтай.

Гринландын мөсөн бүрхүүл дээр түүхэнд анх удаа цас биш, бороо орлоо. Агаарын хэм үргэлж хасах байдаг хэдий ч ийнхүү бороо орсон нь дэлхийн цаг уурын өөрчлөлт ноцтой түвшинд хүрсний баталгаа болж байна хэмээн эрдэмтэд мэдээлжээ.

Наймдугаар сарын 23-нд Гринландад бороо орсоныг урьдчилж мэдээгүй эрдэмтэд хур тундасны хэмжээг хэмжиж амжаагүй аж. Гэсэн атлаа Гринландад өмнө нь хэзээ ч бороо орж байгаагүй гэж мэдээлэхээ мартсангүй. Гэтэл Гринландын хамгийн мэдрэг цэг дээр ямар ч цаг агаарын хэмжилтийн станц байдаггүй нь хаанаас “хэзээ ч бороо орж байгаагүй” гэх нотолгоог гаргаж ирээд байна гэж эргэлзмээр. Арлын нэр нь Ногоон арал төдийгүй викингүүд арлыг эзлэн авч, ойг нь шатаан бэлчээр болгосон түүхээс харвал энэ арал дээр урьд өмнө нь бороо орж байсныг ядах юмгүй баталж болохоор мэт. Бороо ордоггүй байтлаа арлын ууган оршин суугчид  тариа тарьж байсан байх уу? Ан амьтад нь устаж үгүй болоход энэ арлынхан тариа буудайг хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон түүх олж харахыг хүсвэл хаа сайгүй байж л байдаг. Бодох л асуудал.

СУРГУУЛЬ ЗАВСАРДАХ ИЙМ АЮУЛТАЙ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн хамгийн том төлөөлөгч болсон Грета Тунберг “Та нарын хий хоосон яриа миний хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг хулгайллаа” гэх үгээрээ дэлхийд танигдсан. Түүнийг бүр оны онцлох хүнээр хүртэл өргөмжилсөн билээ. Гэтэл 2018 оны зун Грета охин уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын эсрэг тэмцлээ илүү үр дүнтэй болгохын тулд сургуулиа хаяж байгаагаа зарлав. Ингэснээрээ хөөрхий охин уур амьсгалын өөрчлөлтөд үнэхээр хүн нөлөөлөөд буйг мэдэх боломжгүй болсон юм. Өнгөрсөн жил Грета охин “Модон савхаар хоол идэхээ больцгооё. Хятадад нэг удаагийн савх бэлтгэх гэж маш их ой мод сүйтгэж байна” гэж цаасан дээр бичсэн үгээ хэлсэн нь “Цаасыг юугаар хийдгийг мэдэх үү?” гэж шүүмжлэхэд хүргэв. Түүний хэлсэн үгийг хятадууд эгдүүцэн хүлээн авсан бөгөөд хариуд нь “Экологийн хамгийн цэвэр тээвэр бол өөрийн хөлөөр алхах. Хэрэв чи утаа униар гаргадаг тээврийн хэрэгслээс татгалзаж, Шведээс Хятадад алхаад ирэх юм бол бид модон савхнаас татгалзъя” гэж хэлэхэд л хангалттай байв. Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлт яригчид сайтар анзаарвал хүний оршихуйн эсрэг зүйлийг ярьдаг. Тэднийхээр бол хүн төрөлхтөн өнөөгийн бүх дэвшлээсээ татгалзаж, агуйд амьдраад ч тусыг эс олно. Учир нь хүн амьсгалах тоолондоо нүүрсхүчлийн хий ялгаруулдаг “адгийн” амьтан билээ.

Шинжлэх ухаанаар тогтоосноос аваад үзвэл мөстлөгийн дараа үед дэлхий дулаарсан бөгөөд тэр үед агаар мандалд дахь нүүрстөрөгчийн давхар исэл 30 хувь байсныг ачаар ургамал, мод ургаж дэлхий ногоорсон гэдгийг геологийн өрөмдлөг баталжээ. Харин энэ үзүүлэлт өнөөдөр 0.04 хувь болтлоо буурсан байх юм. Түүний ердөө гуравхан хувийг л хүн ялгаруулдаг аж. 97 хувийг нь байгаль эх өөрөө ялгаруулдаг. Дэлхий жам ёсоороо дулаарч, сэрүүсч байдаг бөгөөд яг одоо бид 34 сая жил үргэлжилж буй мөсөн галвын эрин дээр мөстлөг хоорондын дулаан үе шатанд амьдарч буй. Дэлхийн насжилтын дийлэнхэд нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн эзлэх хувь өнөөгийнхөөс их байсаар ирсэн бөгөөд тэр үед дэлхийн уур амьсгал дулаарч байсан түүхгүй ажээ. Ийм л энгийн зүйлийг сургууль завсардсан охин хэрхэн ойлгох билээ. Тиймээс л сургууль завсардах ийм аюултай. Монголд ч боловсролын салбар нь дампуурчихсан учраас дэлхийн дулааралд итгээд хадлан, тэжээлээ базаалгүй зуднаар хуйгаар нь алдаж, хотоо харлуулаад хот бараадагсад бишгүй болсон билээ.

ГАЛУУГ ДУУРАЙЖ ХЭРЭЭ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨХ  

АНУ-аас эхлээд дэлхийн улс орнууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь бууруулах амлалт өгчээ. Монгол яаж дуугүй байх билээ. 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг 14%-иар бууруулна буржээ. Монголын мундагчууд улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нийт суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийн эзлэх хувийг 2014 онд 7.6% байсныг 2020 онд 20%, 2030 онд 30% болгож нэмэгдүүлнэ гэж туужээ. Энэ харин биелэх боломжтой. Учир нь, бид эрчим хүчний тав дахь эх үүсвэрээ хэдэн жил ярьлаа. Өмнө нь бий болгосон станцууд маань үеэ өнгөрөөж, хэзээ мөдгүй хэцүүдэх бодит аюул бидэнд бий. Тийм байтал нүүрсэн цахилгаан станцаа яриад 20 жил болсон бид илүү өндөр өртөгтөгтэй, нарийн ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц бариад, барьсан станцаа маллаад байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Өнөөдөр Оросоос эрчим дутагдсан эрчим хүчээ авдаг байж ингэж том том амлалт өгөх нь биднийг шившиг л болгоно. Гэтэл ад үзээд буй нүүрс Монголд ямар нөлөөтэй билээ. Нийслэлдээ бид нүүрс түлэхийг хориглочихсон гээд томроод байгаа. Атал нүүрсийг орлуулж буй шахмал түлш нь нүүрсийг нунтаглаад цавуутай хольчихсон нүүрс гээд бод доо. Дээр нь монголчуудыг юу тэжээдэг вэ гээд бодоод үзвэл бүр ч сонирхолтой.

Монголын нийт экспортын 23.2 хувийг нүүрс эзэлж байна гэдгийг Гаалийн ерөнхий газрын гаргасан хагас жилийн тайланд дурджээ. Монголчуудыг 1072 хувьцаатай болгож, түүнийхээ ноогдол ашгийг хүртсэн үйл явдлын цаана юу байна вэ гээд харвал нүүрс л байх жишээтэй. Covid-19-өөс шалтгаалан БНХАУ нүүрсний тээвэрлэлтийг зогсооход улсын төсвийн орлого тасалдаж, хүндхэн байдал орж байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс 9.9 сая тонн нүүрс экспортолж, 1,100.8 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын орлого 221.3 сая ам.доллараар буюу 25.2 хувиар өссөн байна.

Гэтэл чөлөөлөгдсөн татварын дүнг харвал, сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг зэрэг 10.9 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 1.6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлжээ. Нүүрс монголчуудыг тэжээж буй бол сэргээгдэх эрчим хүчнээс авдаг татвараа ч хөнгөлж байна. Тиймээс бид нүүрсээ ад үзэх нь тэжээгчээ нулимсан хэрэг болно. Сэргээгдэх эрчим хүч зардал өндөртэйн дээр илүү их эрсдэл дагуулж буйг өнгөрсөн өвөл болсон хүйтрэлээр германы сэргээгдэх эрчим хүчний хавтангууд хөлдөж, гал алдсан жишээнээс харж болно.

Хэрэвзээ үнэхээр дэлхий дулаарвал Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд илүү ашигтай. Бид ганц авдаг ургацаа олон болгож, өвлийн нүсэр зардлаа бууруулна гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ дэлхий дулаарах бус нэг мөстлөгөөс нөгөө мөстлөгийн завсарт явна.

Тиймээс хүний оролцоотойгоор дэлхий дулаарч байна гэх яриа бидэнд үнэндээ ямар ч ашиггүй төдийгүй харин ч гарз авчирна гэсэн үг. Тэгээд ч дэлхийн дулааралд хүн нөлөөлөөд байгааг тогтоосон яг таг баримт байхгүй бөгөөд харин тийм үзүүлэлт гаргасан моделууд бий. Түүнд нь зориудаар өөрчлөлт оруулж байсан хакерууд ил болгож шившигтэй нь хутгасан. Дэлхийн тухай асуудлыг ярьж буй хэр нь дата-гаа ил болгохыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нөхдүүд бид итгэсээр байгаа нь туйлын харамсалтай билээ.

Тиймээс дэлхийн дулаарал ярих нь галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гээч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж