Паралимпын нээлтийн үеэр Афганистаны төрийн далбаа гарч ирсэн нь олон улсын сэтгүүлчдийн анхааралыг зүй ёсоор татаж байлаа. Афганистанаас оролцох таэквондогийн Закиа Кодадади, хөнгөн атлетикийн Хоссайн Ласори нар наймдугаар сарын 17-нд Токиод ирэх төлөвлөгөөтэй байсан боловч Исламын шашны Талибан бүлэглэл нийслэл хот Кабулыг эзэлсэн тул нутгаасаа гарч чадахгүй болсон юм. Тийм учраас паралимпын наадмын нээлт дээр НҮБ-ын ажилтан тус улсын тугийг өндөрт өргөж, цэнгэлдэхэд мандуулжээ.
Тухайн үед Закиа Кодадади тамирчин Паралимпын хороонд видео мессэж илгээж, “Афганистан улсаас анх удаа эмэгтэй тамирчин оролцох болохоор эрхийг минь бүү хасаарай, та бүхэн дэмжиж туслаарай” хэмээн хүссэн аж.
Тэрээр Кабул хотоос нууцаар гарч, Ираны хил хүртэл алхаж, Австралийн тусгай хүчний онгоцоор Франц улсад нэвтэрч, тэндээсээ Японд 26-ны өдөр иржээ. Хүн төрөлхтний паралимпын наадам ямар их учир агуулгатайг эндээс харж болно.
Олимпын хөдөлгөөн, наадмын үйл ажиллагаанд зайлшгүй дагаж мөрдөх олимпизмын үндсэн хууль гэгддэг “Олимпын Харти”-д “Олимпизмын зорилго бол хүний эрхэм чанарыг хадгалахад санаа тавих, энх тайван, амар амгалан нийгэм байгуулахад тус дэм болох, спортыг хүний өв тэгш хөгжлийн төлөө үйлчлэхэд чиглүүлэх, мөн өөрийн арга хэрэгсэлийн хүрээнд бусад байгууллагатай хамтран эв нэгдэл,энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна” гэж бичсэн байдаг.
Энэ ч утгаараа олон улсын олимпын хороо санаа тавьж, бусад засгийн газруудад яаралтай саналууд хүргүүлж, цаг бүрд амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах тусгай арга хэмжээнүүдийг авчээ. Олон Улсын Паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны Спорт ба Эмэгтэйчүүд комиссын дарга Н.Оюунбатын хичээл зүтгэл ч байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.
Тэрбээр Азийн паралимын холбооны спорт ба эмэгтэйчүүдийн комиссын дарга учир Азиас, ялангуяа хүнд нөхцөлд байгаа орны эмэгтэй тамирчдыг дэмжиж, олимпын уралдаан тэмцээнд оруулах тал дээр ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Афганистаны уг хоёр тамирчин Япон улсад ирснийхээ дараа, тамирчдын тосгонд байрлах Н.Оюунбат болон манай тамирчидтай албан ёсоор уулзаж, дэмжиж тусалсанд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэсвэр хатуужил, зүтгэл дээрээс нь итгэл найдвар, эв хамтын хүч бүхий л зүйлийг энэ хоёр тамирчин харуулж чадлаа.
Г.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ