СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

Хуучирсан мэдээ: 2021.09.08-нд нийтлэгдсэн

СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

/Бусан хот/


Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь далайн боомт хот гэдгээрээ олонд танигдсан бөгөөд хотыг зорин ирсэн хүн бүрийг амтат хоол, төрөл бүрийн сонирхолтой аяллууд хүлээж байдаг ажээ. Хотын бахархал болсон уламжлалт худалдааны зах, амттай хоолоороо алдартай гудамж болон далайн эргийн наран шарлагын газрууд нь газар газрын жуулчдын сэтгэлийг татдаг. Мөн Бусан хотын тэнгэр баганадсан, орчин үеийн хээнцэр барилгууд нь Солонгос улсад хамгийн алдартай газруудын нэг юм. Азийн томоохон кино наадмуудын нэг болох Бусаны Олон Улсын Кино Наадам нь энэ хотод зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.

Хэүндэ наран шарлагын газар

Бусан хотын хамгийн алдартай энэ наран шарлагын газарт тансаг зэрэглэлийн зочид буудлын өндөр шилэн барилгууд тэнгэр баганадан сүндэрлэдэг. Зуны халуун өдрүүдэд жуулчдын хөлд дарагддаг энэ газар өнгө өнгийн нарны шүхэр элсэн эргийг чимдэг байна.

Бусаны Аквариум

Энэхүү аварга том аквариумд 250 гаруй төрөл зүйл бүхий 10,000 гаруй нэр төрлийн далайн амьтад, загас жараахай бий. Далайн 80 метрийн гүнд хийгдсэн шилэн хонгил нь аквариумын хамгийн гайхалтай бөгөөд сонирхолтой үзвэрийн нэг билээ. Харин хүүхдүүдийн хамгийн дуртай хэсэг бол далайн амьтдыг гараараа илж, хүрч болдог усан сан юм.

101 дүгээр Тэнгисийн булан

Эрч хүчтэй, доргио хотын тэнгисийн буланд нэгэн мартагдашгүй гайхалтай үдшийг өнгөрөөхийг санал болгож байна. Энд та тансаг загвартай өндөр барилгын дээвэрт байрлах зоогийн газарт хооллож, скай лоунж, уушийн газраар нь үүр цайтал үйлчлүүлж болно. Мөн урьдчилж захиалга өгөх юм бол дарвуулт завиар аялалд гарч болдог байна.

Сүёнгман дарвуулт завины зогсоол

1986 оны Азийн наадам, 1988 оны Сөүлийн Зуны Олимпын Их Наадмын тэмцээнүүд энд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Энд та төрөл бүрийн дарвуулт завины тэмцээн, уралдаан, арга хэмжээнүүд зохиогдохыг харж болно. Мөн дарвуулт завиар далайд гарах зэрэг жуулчдад зориулсан аяллын хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.

Шинсэгэ Сентум Сити

Энэхүү худалдааны комплекс нь 2009 онд “Хамгийн том худалдааны төв”-ийн ангилалд Гиннесийн дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн байна. Мөн дэлгүүр хоршоо, мөсөн гулгуурын талбай, гоо сайхан, хүүхдийн тоглоомын төв, амралт, алжаал тайлах газрууд болон үйлчилгээний төвүүд нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд нэн тохиромжтой.

Бусаны кино урлагийн музей

Энэ бол Солонгос дахь хамгийн анхны кино урлагт зориулж байгуулсан музей юм. Жуулчид энд кино урлагийн нарийн чимхлүүр ажлууд болох дуу оруулах, зураг авалтын эффект хэрхэн хийдгийг үзэж сонирхох ба кино үйлдвэрлэлтэй холбоотой тусгай тоног төхөөрөмжөөс эхлээд олон мэдлэгийг өвөртлөн буцах нь дамжиггүй.

Сомёны 1-р гудамж

Бусан хотын их хөлийн газар болсон 1-р гудамжинд цог жавхлантай залуучууд кофе шоп, кино театр, ресторан, уушийн газрууд олон бий. Сомён метроны газар доорх захаар явахад гоо сайхны бараа, бэлэн хувцасны төрөл бүрийн дэлгүүртэй таарах болно.

Кафены гудамж Жонпу

Дээр үед боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны гудамж байсан энэ газар одоо шинэ зохион байгуулалтад орж, тав тухтай, этгээд, дэгжин шийдэл бүхий дотоод засалтай цайны газар, кофешоп, мухлагууд болжээ. Энэ гудамжийг Нью Йорк Таймс сониноос 2017 оны хамгийн очиж үзүүштэй 52 газрын нэгээр онцолж байсан удаатай билээ.

Камчон уламжлалт соёлын тосгон

1950-аад оны үед Солонгосын дайны дүрвэгсдийн байгуулсан энэ сууринд үзэх харах зүйл олон бий. Тосгоны байшингууд нь өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй бөгөөд залуу зураачдын зоримог шийдэлтэй ханын зураг, өнгө өнгөөр алаглах дээврүүд, гүн хөх далайг дүрсэлсэн зураг зэрэг нь нүд баясан сэтгэл сэргээм ажээ. Энэ тосгонд ирвэл та амттай кафегаар нь зочилж, зотон даавуун цүнхний урлан, өөрийн гараар хийсэн аягатай болоод буцаарай.

БНСУ-ын талаар илүү их мэдээллийг https://www.facebook.com/KTOULAANBAATAR хуудсаас авна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж