Ургах нарантай зэрэгцэн Улаанбаатар өртөөн дээр очлоо. Цар тахлын улмаас зорчигчийн галт тэрэгний үйл ажиллагаа 9 сар орчим зогссон. Харин өнгөрөгч наймдугаар сарын 29-нөөс гурван чиглэлд үйлчилж эхэлжээ. Вокзалын чанга яригчаар Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн галт тэрэг зорчигчдоо хүлээн авахад бэлэн болсныг зарласнаар иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өртөөний байрнаас гарч ирж байгаа нь харагдав. Амралт сувилал, аялал зугаалга, ажил хэргээр явж буй хүмүүс вагондоо суухаар яаран алхана. Автомашинаар явснаас вагонаар явах нь аюулгүй, найдвартай бас тав тухтай унаа болохыг зорчигчид хэлэв.
Өндөр настан н.Болормаа эгчдээ туслахаар Үнэгт рүү явж байгаа гэв.
Тэрбээр "эгчийнхээ хадлан, өвс тэжээлийн ажилд туслахаар явж байна. Вокзал дээр ирээд хоёр цаг боллоо. Зам түгжрэлтэй гээд арай эрт гараад ирчихжээ. Вагоноор яваад вагоноор ирнэ. Энэ нь хамаагүй ая тухтай, аюулгүй байдаг" гэв.
Ч.Батбаяр "Баян буурал" амралтын газар амрахаар явж буй аж. "Халдварын тохиолдлыг харахад галт тэрэгний үйлчилгээ дахин зогсох эрсдэлтэй байна. Гэвч, цар тахалтай дасан зохицоод дэг журмаа баримтлаад ингэж явахаас өөр аргагүй болчихсон байна. Би вагоноор яваагүй уджээ. Залуудаа Москва хүртэл явж л байлаа. Манай вагонууд ая тухтай шүү" гэлээ.
Ангийнхантайгаа чацаргана хураалтад явж буй ХААИС-ийн Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй ангийн оюутан Н.Орхонтуул "Манай ангийнхан Бургастай руу чацаргана хураахаар явж байна. Зарим нь анх удаагаа вагонд сууж байна. Ангиараа бүтээж буй гоё дурсамж юм даа. Бид бараг хоёр хоног унтаагүй, бүгд догдолсон. Маргааш явна, эрт босно шүү гээд хоорондоо ярилцаад, чат бичиж байлаа. Гурван хүүхэд маань хараахан ирж амжаагүй, хүлээгээд зогсож байна. Бусад нь 09.00 цагт өнгөрөөгөөд ирсэн дээ. Зорчигчийн галт тэрэг удаан хугацааны дараа үйлчилж эхлэж, бид сууж байгаа нь азтай байна" гэлээ.
Халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөвхөн зорчигч нар өртөө рүү, зорчигчийн тавцан руу нэвтэрч, харин үдэн гаргагчдыг нэвтрүүлэхгүй байгаа аж. Иймээс өртөөний зүгээс өндөр настан, жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан “Чиглүүлэгч” хэмээх алба гаргажээ.
Чиглүүлэгч Б.Хонгорзул хэлэхдээ "Зорчигчдыг нэг чиглэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Билет тасалбараа худалдан авсан иргэд вокзалын арын хаалгаар дотогш нэвтэрнэ. Орж ирсэн ачаа ихтэй, нялх хүүхэдтэй, өндөр настай хүмүүст тусалж, аль галт тэргэнд хэдэн номерын суудалд суухыг нь чиглүүлэн өгч, ачаа тээшийг нь зөөж тусалдаг. Намрын улирал болоод ийш тийш зорчиж буй иргэдийн ачаалал их байна" гэв.
Цэнхэр дүрэмт хувцсаараа гангарсан галт тэрэгний үйлчлэгчид зорчигчдоо угтан авч байгаа нь цаанаа л дотно. Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчлэгч болон вагон дарга нартай их ажлынх нь хажуугаар ярилцаж амжсан юм.
Галт тэрэгний үйлчлэгч Э.Сүрэнчимэг
-Удаан хугацааны дараа ажилдаа эргэн орж байгаадаа баяртай байна. Гэртээ багагүй хугацааг өнгөрөөсөн. Ажил хийгээд, хамт олонтой байхын сайхныг мэдэрсэн. Байгууллага маань өнгөрсөн хугацаанд тодорхой ажлаар хангаад орлоготой байсан. Монголын томоохон байгууллагуудын нэг гэдэг утгаараа ажилчдаа хэзээ ч орхигдуулаагүй. Зорчих хүмүүсийн тоог цаанаасаа тодорхой заасан учир тэр тоогоор үйлчилнэ. Хуучных шиг асуудал гарахгүй. Халдвар хамгааллын дэглэмийг иргэд маань сайн баримталж байна. Зорчигчид 1-2 метрийн зай барьж, тогтмол амны хаалтаа зүүж байгаа. Ариун цэврийн өрөө ашигласны дараа үргэлж ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж байна. Хүмүүс маань одоо л энэ бүхэнд дадаж байна. Ер нь л вагон дотор амны хаалт гэдэг зүйлээс салахаа больчихсон байна шүү дээ.
271 дүгээр галт тэрэгний дарга Л.Энхтуул:
-271 дүгээр галт тэрэг нь Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд аялдаг.Нэг вагонд 30 зорчигч зорчино. Өнөөдрийн хувьд Сүхбаатарын чиглэлд 190 зорчигч үйлчлүүлж байна. Өнөө өглөө Сүхбаатараас Улаанбаатрын чиглэлд 267 зорчигч ирсэн. Зорчигчийн урсгал боломжийн байна. Цаашид энэ хэвээрээ яваад байвал зорчигчдын аюулгүй байдал, сэтгэл ханамж өндөр байх нь лавтай. Дарханы авто зам бүрэн ашиглалтад ороогүй иргэд энэ чиглэлд галт тэргээр явахыг хүсч байгаа нь анзаарагдлаа. Манай байгууллага үнэ тарифаа нэмээгүй. Иргэд маань ая тухтай, тайван орчинд, төлөвлөгөөт хуваарийнхаа дагуу зорьсон газартаа хүрэх боломжтой. Цар тахлын хүнд нөхцөлд манай байгууллага ажилчдынхаа цалин хангамж, бүхий л зүйлсийг сайн хангасан.
Зорчигчид, албаны хүмүүстэй ярилцаж байх зуур цаг ч хурдан өнгөрч, нэг л мэдэхэд 271 дүгээр галт тэрэг зорьсон газартаа хүрэхэд бэлэн, зорчигчдоо суулгажээ. Вокзалын чанга яригчаар галт тэрэг хөдөлж буйг анхааруулж, зүтгүүрийн дохио чангаас чанга цуурайтна.
Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээ үдэн гарсан бид Зорчигч үйлчилгээний төв буудлын дарга н.Байгальтай ярилцлаа.
-Зорчигч тээврийн галт тэрэг хэзээнээс хэдэн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-2020 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон. Үндсэндээ 10 сарын дараа буюу 2021 оны наймдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн УОК-ын зөвшөөрлөөр Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Чойр гэсэн гурван чиглэлд аялж байна. УОК, НОК, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бүх зөвлөмжүүдийг дагаж, агаар сэлгэлт, зай барилт, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Бүх чиглэлд нийтийн вагоноор зорчигчдоо тээвэрлэж байна. Нэг нийтийн вагонд 81 хүн зорчих боломжтой байдаг бол одоо бид 45 хүнд тасалбар худалдаалж байна. 50 хувиар үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хэрээр алдагдал хүлээж байгаа. Гэхдээ бид үзүүлдэг үйлчилгээ, чанараа алдагдуулаагүй.
Зорчигч тээврийн галт тэрэг зогссон үед ачааны галт тэрэг нэг дахин илүү ажилласан.
-Иргэд "Тасалгаат галт тэрэг яагаад явуулахгүй байгаа юм бэ?" гэж асууж байна лээ. Та тайлбар өгөөч?
-Бүх чиглэлд нийтийн вагон явж байгаа гэж би өмнө хэлсэн. Тасалгаат вагоны хувьд 36 хүн суух багтаамжтай. Нэг тасалгаанд хоёр хүн битүү орчинд явсан нь аюулгүй юу, эсвэл нийтийн задгай вагонд агаар сэлгэлт сайтай орчинд, зайгаа бариад суусан нь дээр үү? Энэ байдлыг нэгдүгээрт бид тооцсон. Хоёрдугаарт, нэг ч гэсэн илүү хүнд үйлчилгээгээ хүргэхийг зорьсон. Нийтийн вагоны тасалгаануудыг маш сайн тусгаарлаж, зорчигчид контакт авах эрсдэл багасгасан. Мөн хуучных шиг вагон дамжих, сэлгүүцэх асуудал байхгүй. Суусан вагоноосоо л зорчигч бууна.
Тасалбар худалдаалах цэггүй өртөө, зөрлөгөөс суух зорчигчдыг тусгай вагонд суулгана. Бид тасалбар худалдаалахаасаа эхлэн тухайн зорчигчийн мэдээллийг Үндэсний дата төвөөс авч, хяналт тавьж байна. Хэрэв эрсдэлтэй зорчигч вагонд суувал тусгаарлаж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгнө. Бид энэ бүх боломж, бололцоог хангасан. Иргэд цахимаар, мессежээр, тасалбар худалдаалах цэг дээр биеэр ирж тасалбараа авах боломжтой.
-Олон улсын зорчигч тээвэр болон Сайншанд, Замын-Үүд чиглэлийн галт тэрэг хэзээнээс явж эхлэх вэ?
-2020 оны гуравдугаар сарын 10-наас хойш олон улсын галт тэрэг яваагүй. Хоёр хөрш орнууд маань хил гаалиа чөлөөтэй нээгээд, Монголоос зорчигчид хүлээн авахад асуудалгүй гэсэн цагт явах байх. Хөрш орнуудаас бүх зүйл шалтгаална. Мөн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгасан. Үүнд манай зорчигч тээвэр гадагшаа явна гэсэн чиглэл тусгагдаагүй учир энэ ондоо олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явахгүй байх. Харин урд чиглэлийн Сайншанд, Замын-Үүд газрууд нь улсын хэмжээнд “Ногоон бүс” гэж зарлагдсан учир Чойр хүртэл явж байна. Хэдий зорчигчийн галт тэрэг явахгүй ч ачаа тээш тусгай графикийн дагуу тээвэрлэгдэж байна.
Цар тахлын аюул биднээс холдоогүй ч төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд олон нийт хэвийн амьдралдаа эргэн орохыг хичээж байна. Удаан хугацаанд зогсонги байсан зорчигчийн галт тэрэг үйл ажиллагаагаа эргэн сэргээлээ. н.Байгаль дарга зорчигчийн галт тэрэг алдагдалтай ажилладаг ч зорчигч, үйлчлүүлэгчдээ үргэлж нэгдүгээрт тавьж, үйлчилгээ, чанар хоёртоо байнга анхаардаг гэдгийг онцолж байв.
Холбоотой мэдээ