Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гэгч өнөөдөр /2021.09.07/ мэдээлэл хийж авлигын эсрэг аян зохион байгуулахаа зарлав. Тэрбээр "Авлигыг таслан зогсоох цаг нь болсон тул МЗХ-ноос санаачилга гаргаж, аян эхлүүлж байгаа юм. Авлига авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэм даяар жигшүүлэх үйл ажиллагааг МЗХ-ноос явуулна" гэв. МЗХ-ноос АТГ-тай хамтарч ажиллах хүсэлтээ явуулсан гэнэ. Улсын хэмжээнд хуулийн сургалт явуулж буй их сургууль, Хууль зүйн яам, хувийн хэвшлийн байгууллагуудад хамтарч ажиллах албан бичгээ хүргүүлсэн юм байх. Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээ мартсан уу аль эсвэл шинэ цагийн "До" болохоор шийдсэн үү, ямар ч байсан МЗХ-ноос авлигачдыг жигшүүлэхийн тулд нийгэм даяар хэн нэгнийг матарлах гэнэ. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд гэмт хэрэгтэнд ч гишгэх газар хэрэгтэй. Гэтэл МАН-ын шинэ үеийн хурган коммунистууд эргээд 1937 оныг санагдуулам мэдээлэл хийх нь айдас, хүйдэс төрүүлж байна. Нэртэйгээр нь үр хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс хойж, нутаг заагаад явуулна гэх нь холгүй мэдээлэл хийж байгаа МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од бол ердөө нэг төрийн бус байгууллагыг л толгойлдог хүн шүү дээ. Гэтэл бусдыг бид матарламаар байна гээд хүний эрхэнд халдахыг хүсээд сууж байгаа нь Монголд хууль гажуудсаны илрэл.
Авлига бол Монголын хамгийн том асуудал болсон нь үнэн. Төрийн доод шатнаас эхлээд дээд шат хүртлээ авлигад идэгдсэн. Зарим нэг хүн авлигад авсан ам.доллараа оймсондоо нуугаад баригдсан тохиолдол бий. Гэхдээ тухайн хүн авлига авсан эсэхийг шүүх тогтооно. Авлигачдыг өмөөрч байгаа юм биш, гэхдээ шүүхээс өөрөөр ямар ч хувь хүн, төрийн бус байгууллага, Монголын залуучуудын холбоо бусдыг нэмж яллах эрх байхгүй.
Авлига бол нийгмийн хорт хавдар мөн. Бидний болон үр хүүхдийн маань сайхан ирээдүй, эрүүл мэнд, амьд явах эрхийг маань хулгайлж байгаа авлигачидтай тэмцэх нь зөв. Гэхдээ арга нь буруу байна. Зорилго нь зөв бол арга нь буруу байсан ч хамаагүй хүч хэрэглэх ёстой гэж ойлгодог хүмүүс бий. Гэхдээ зорилго аргаа зөвтгөдөггүй юм. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс хүчгүй байх аюултай. Хүч чадал шударга бус байх бас аюултай” гэж үг бий.
Монголын шүүх шударга шийдвэр гаргадагт олон хүн эргэлздэг. Шүүх нь өөрөө авлигын үүр уурхай болсон, хэнийг ч хэн нэгний захиа даалгавраар хэлмэгдүүлэхэд бэлэн үед шүүхээс авлигачин гэж яллалаа гээд бусдыг давхар яллаж болохгүй.
Монголд үйл ажиллагаа явуулдаг дурын нэг төрийн бус байгууллага хуулиас дээгүүр эрх эдлээд бусдыг яллаад, гутаагаад, гүтгээд матарлаад байвал нийгэмд шударга ёс улам үнэгүйднэ. Төрийн бус бус замаараа, төр нь төрөөрөө явж байж л хууль хэрэгжинэ. Захын нэг төрийн бус байгууллагын тэргүүн гарч ирээд бид зам тээврийн осол гаргасан хүмүүсийг матарлана гээд байвал яах вэ.
АТГ-ын ажил хошуу, хуруу дүрж, өөрсдийгөө улсын яллагчид гээд эндүүрчихсэн энэ мэт төрийн бус байгууллагууд өмнөх ажлаа хийж байвал барав. Өмнө нь А.Мөнхбат гэгч нөхөр "Хар цагаан жагсаалт" гэгчийг гаргаж, өөрийнхөө үнэлэмжээр бусдыг "матарлаж" явсан бол өнөөдөр О.Гэрэлт-Од нь авлигачин нэрээр хэн нэгний нэр төрд халдахаар санаархаж байна. Авлигачдыг матарлана, жигшүүлнэ гэж суухаар МХЗ залуусынхаа сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, нийгмийн болон хувь хүний хөгжил, улс орны амьдралд авлига ямар хор хөнөөлтэй болохыг тэдэнд ойлгуулах нь илүү үр дүнтэй аян болж магадгүй юм шүү.
Б.БАТ
Холбоотой мэдээ