Талибууд Афганистанд өөрсдийг нь эсэргүүцэн тэмцэж байсан хамгийн сүүлийн цэг буюу Панжширийн хөндийг эзлэн авч, ялалт байгуулсанаа албан ёсоор тунхаглажээ. Тэд цахим орчинд Панжширийн хөндийд өөрсдийн далбаагаа мандуулж буй бичлэг байршуулж баталгаажуулсан аж.
Гэвч Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтынхон Панжшир мужийн стратегийн ач холбогдолтой байршлуудыг эзэгнэсэн хэвээр байгаагаа мэдэгдэж, цаашид ч эсэргүүцэн тулалдсаар байх болно гэцгээж, бүх афганчуудыг талибуудын эсрэг босохыг уриалж байна.
Тухайлбал, цахим орчинд дэлгэгдсэн нэгэн дуу бичлэг дээр фронтын удирдагч Ахмад Массуд барууны орнуудыг Талибаныг санхүүжүүлж, зөнд нь хаясанд буруушааж, гадаад, дотоодод буй бүх афганчуудад талибуудын эсрэг зогсохыг идэвхтэй уриалж буй нь сонсогдох аж.
Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Бид Панжширийг эзлэн авсан. Энэ ялалтын үр дүнд Афганистан оронд ийнхүү дайн дууслаа” хэмээн ярьжээ.
Панжшир бол Афганистаны хамгийн жижиг мужуудын нэг бөгөөд өндөр хадархаг уулсаар хүрээлэгдсэн, олон толгой эргүүлэм хөндий, асга, агуйтай учир тулалдахад тун төвөгтэй газар юм. 1980-аад онд ЗХУ-ын эзлэн түрэмгийлэл ч Панжширийг эзэлж чадаагүй гэдэг. Тиймээс үе үеийн мужахид дайчид тус мужид төвлөрөн ЗХУ, Талибантай олон жил дайтаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ