Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.09.07) мэдээлэл хийлээ.
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.НАРАНЦОГТ:
-Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 6-нд мэдээлэхдээ "30 автобусны тендер зарласан. Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн мэтээр илтэд Сангийн яамыг гүтгэсэн мэдээлэл хийсэн учраас үнэн бодит хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна. Хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалтан ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсч байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл рүү явуулсан албан бичгийг танилцуулъя.
Уг албан бичигт Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй. Энэ албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан зүйлийн дагуу тендерт оролцогч компаниуд Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаж, өөрийнхөө дүгнэлтийг гаргаж, холбогдох дарга нараар хянуулж, Төрийн нарийн бичгийн дарга албажуулдаг.
Энэ тендер нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой тендер байсан учраас товч мэдээлэл өгье. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт "Сүлдэрхан минералс" компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Тухайн өрсөлдөгч компаниуд тендерийн материалтай танилцаж, гомдлоо гаргасан тохиолдолд үнэн зүйлийг ямар нэгэн албан тушаалтны хүсэлтээр худлаа болгох, худлыг үнэн болгох ямар ч боломжгүй. Манай улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад зургаан шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн.
Тухайлбал, "Сүлдэрхан минералс" компани автобус нийлүүлсэн туршлагагүй гэх мэт шаардлагыг хангаагүй. Ажлын туршлагад нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг албан бичиг ирүүлсэн байсан. Тодорхой нэр бүхий уул уурхайн төрийн өмчит компаниас санхүүжүүлж байгаа төслүүд дээр сүүлийн жилүүдэд шууд гэрээ байгуулсан байдаг. Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж, болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой. Хотын даргын өчигдрийн ярьсан асуудалд ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг гомдол гаргасан компаниуд тавьсан. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй.
Нийслэл өөрөө захиалагч учраас хуулиар тендерээ ил тод, шударга зарлах эрхтэй. Сангийн яаманд гомдол ирвэл дүгнэлт гаргадаг. Нийслэлийн Худалдан авах газраас зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол 2020 онд 22 ирсэн. Үүний 16 нь хууль зөрчсөн тендер шалгаруулалт байсан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой есөн гомдол ирж, есүүлээ хууль зөрчсөн. Тийм учраас нийслэл өөрөө худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу, зөв зохион байгуулах шаардлагатай байна.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАТЗУЛ:
-2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлын хүрээнд тендер шалгаруулалтыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дөрөвдүгээр сарын 16-нд зарласан. Төсөвт өртөг нь 21.3 тэрбум төгрөг. Тендерийг тавдугаар сарын 17-ны өдөр нээж, долоон компаниас санал ирж, зургадугаар сарын 4-ний өдөр "Сүлдэрхан минералс" гэдэг компани хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзээд, гэрээ байгуулах эрх олгосон.
Тендерт оролцсон "Моннис моторс", "Евро хан", "Батсээр" зэрэг гурван компаниас гомдол гаргасан. 2019 оны гуравдугаар сарын 22-ноос тендерийн хуульд өөрчлөлт оруулж, тендерт оролцсон компаниуд шалгарсан компанийн материалтай танилцаж, захиалагч хууль ёсны дагуу тенперийг үнэлсэн туршлагатай эсэхийг нь магадлах зорилгоор өөрчлөлт оруулсан байдаг. Мөн хөндлөнгийн хяналтыг бий болгосон. "Сүлдэрхан минералс" компани нь өмнө нь 13 тендерт оролцсон бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэг тендерт амжилттай оролцсон.
Манайхаас өгсөн шийдвэрийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, долдугаар сарын 2-ны өдөр шийдвэрээ гаргаж, бүх тендерээс татгалзсан. Хоёр дахь удаагийн тендерийг есдүгээр сарын 3-нд шалгаруулалтыг нээсэн байгаа.
Холбоотой мэдээ