Санкт-Петербургийн зөвлөлд ижил нэр, төрхтэй 3 хүн нэр дэвшчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Санкт-Петербургийн зөвлөлд ижил нэр, төрхтэй 3 хүн нэр дэвшчээ

Санкт-Петербургийн зөвлөлд ижил нэр, төрхтэй 3 хүн нэр дэвшчээ

ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербургийн зөвлөлийн суудалд дахин нэр дэвшиж буй сөрөг хүчний ардчилсан Яблоко намын дарга Борис Лазаревич Вишневский цахим хуудастаа хачирхалтай мэдэгдэл хийжээ. Тэрбээр зөвлөлийн суудалд өөртэй нь яг ижил овог нэр, төстэй төрхтэй хоёр ч нэр дэвшигч гарч ирснийг санал хуваах, будлиантуулах бусармаг арга хэмээ хэмээн шүүмжилсэн байна.

Тэрбээр 2011 оноос хойш тус албан тушаалаа хашиж байгаа юм. Харин энэ оны долдугаар сараас эхлэн өөрийнх нь суудлын төлөөх нэр дэвшигч нар тодорч эхлэхэд тэр дунд түүнтэй яг ижил овог нэртэй, төстэй төрхтэй хоёр ч хүн гарч иржээ. Сонгууль энэ сарын сүүлээр болох юм.

Тиймээс жинхэнэ Борис Вишневский дээрх хоёр этгээдийг зориуд нэрээ солиулж, сахлаа ургуулан, өөртэй нь ижил төрхтэй болсон, улмаар өөрийг нь хотын зөвлөлийн суудлаас буулгахыг санаархаж байна хэмээн сэжиглэж буй аж.

Тэрбээр “Намайг дуурайсан энэ хүмүүс хэргээр овог нэрээ солиулсан байна. Түүгээр ч зогсохгүй гадаад төрхөө өөрчилжээ. Тэд сахлаа ургуулж, нүүрэндээ мэргэжлийн хүнээр бага зэрэг засвар хийлгэсэн харагдаж байна” хэмээн бичсэн байна.

Борис Вишневскийг дуурайсан хоёр хүн хэдхэн сарын өмнө нэг нь Виктор Быков, нөгөө нь Алексей Шмелев хэмээх нэрээ өөрчилсөн аж. Гэхдээ тэднийг ялгах ганц амар арга үлдсэн нь эцгийн нэр гэнэ. Тухайлбал, жинхэнэ Борис Вишневскийн эцгийн нэр Лазаревич бол нөгөө хоёрынх нь Геннадьевич, Иванович нар юм.

Энэ мэт нэр, төрхөө өөрчлөн сонгуульд оролцож, будлиантуулах арга аль эртнээс ОХУ-д тэр дундаа Санкт Петербург хотод байсаар ирсэн билээ. Жишээлбэл, 2015 онд улстөрч Оксана Дмитревагийн эсрэг ийм арга хэрэглэгдэж байв. Тухайн сонгуульд Дмитрева 31 мянга гаруй санал авсан бол дуурайгч нар нь нийлээд 9000 гаруй санал цуглуулжээ. Харин сонгуулийн эцсийн дүнд Нэгдсэн Орос намын Михайл Романов 40834 саналаар ялсан аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж