Төсвийн мөнгө үрдэг аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцъё!

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Төсвийн мөнгө үрдэг аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцъё!

Төсвийн мөнгө үрдэг аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцъё!

Барилга нурсан ч, нураасан ч өнөөдөр хариуцах эзэн алга. Үүнд хүний амь нас, татвар төлөгчдийн мөнгө огт хамаагүй. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга, бүтээн байгуулалт нь газар хөдлөлтөд бүү хэл ганцхан өдрийн бороо, ширүүн салхины ая даахгүй боллоо. Жишээ нь, Орхон аймгийн 17 дугаар сургууль. Өргөтгөлийн барилга нурж, хана, тааз нь цуурч, шал нь цөмөрснөөс болж 600 хүүхэд сургуульгүй хоцорч, дахин гэрээсээ хичээллэх эсэх асуудал анхаарал татаж байна. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад барилга нурж, ангайсан том ан цав үүсчээ. Хэрэв хүүхэд гэмтэж, амь насаа алдсан бол яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй. Ашиглалтад авсан төрийн албан хаагч уу, барьсан гүйцэтгэгч компани уу гэх мэт эзэнгүй асуултууд олон байна.

Уг нь, бяцхан үрсийн амь насыг дэнчинд тавьсан эл барилга нурж цуурсанд тендерт шалгарч, барилгыг гүйцэтгэсэн компани, чанарыг нь шалгаж авсан комисс бүгд хариуцлагаа хүлээх ёстой.

Орхон аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамирын спортын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Отгонбаярын хэлснээр “Урагшлах” гэх компани сургуулийн барилгыг гүйцэтгэсэн бололтой. Тус компани нь Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар 2018 онд нийслэл орон нутгийн сургуулийн барилгын өргөтгөл засварын гүйцэтгэгч компаниар тендерт нэг бус удаа шалгарч байжээ. Үүнтэй адил өнгөрсөн жилийн хавар төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баригдсан спорт заал хүчтэй салхины ая даалгүй нурж байв. Барилгыг “Уул өвгөд” ХХК 2012 онд барьж, 2018 онд ашиглалтад оруулжээ. Гэвч ашиглалтад ороод, хоёр жилийн нүүр үзээгүй байхдаа 2020 оны хавар баруун, зүүн талын хана нь нурж, ашиглах боломжгүй болсон. Шуурганд нурсан эл барилгын асуудал тухайн үедээ л олны анхаарлын төвд байв. Гэвч удалгүй хариуцлага хүлээсэн эзэнгүй, чимээгүй өнгөрсөн нь нууц биш.

Энэ мэтчилэн балгас болсон чанаргүй барилга Монголд маш олон. Бүтээн байгуулалт нэртэй шавар овоохой ч их. Олны хэл амнаас болоод нураах нь ч энүүхэнд. Саяхныг хүртэл олны хэл ам дагуулсан "Андлалын хөшөө” түүхий шүүрхий бүтээн байгуулалт болсноороо “алдартай”.

Ууртай баатруудын хөшөөг хоёр тэрбумаар барьж, 200 саяар нураасан нь “Ичсэн хүн хүн ална” гэдгийн л үлгэр боллоо. Өөрөөр хэлбэл, төсвийн 5.7 тэрбум төгрөг шавар овоохой, ууртай баатрын хөшөө нь овоолсон шороо болоод дууслаа.

"Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй" гэж энэ. Хэдийгээр “Андлалын хөшөө"-ний бүтээн байгуулалтад оролцсон гэх “Хос санаа” компани улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг төлсөн ч энэ нь хариуцлагаас мултарсан гэж үг биш байлтай.

Энэ мэт татвар төлөгчдийн мөнгийн үрэн таран хийж буй хүмүүстэй хариуцлага тооцох цаг болжээ.  Нүглийн нүдийг гурилаар хуурсан бүтээн байгуулалт нэртэй балгас барьж, төсвийн мөнгө улайлгадаг аж ахуйн нэгжүүдийн толгойг илээд өнгөрөх ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж