Covid-19-тэй хүн хувийн зардлаар эмчлүүлсэн тохиолдол байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Covid-19-тэй хүн хувийн зардлаар эмчлүүлсэн тохиолдол байхгүй

Covid-19-тэй хүн хувийн зардлаар эмчлүүлсэн тохиолдол байхгүй

Улсын хэмжээнд хоногт батлагдах халдварын тоо сүүлийн өдрүүдэд 3900-гаар өслөө. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хавьтагч болон тусгаарлалтад орох шаардлагатай халдвартай иргэд нэмэгдэж байна. Эмнэлгийн орны нөөцтэй холбоотойгоор зарим иргэд өндөр төлбөртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өөр сонголтгүй байгаа талаар цахим хуудаст мэдээлжээ. Хэвтэн эмчлүүлэх орны нөөц хэр байгаа талаар болон хувийн эмнэлэгт Covid-19-өөр өвдсөн иргэд үйлчилгээний хөлсөө төлж хэвтэн эмчлүүлж байгаа эсэх талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад:

-Covid-19-өөр өвдсөн иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх боломжит хувилбарыг сонгож ажиллахыг хичээж байна. Гэхдээ халдварын тархалт тогтмол өсч буй энэ үед улсын хэмжээнд байгаа бүх ор, хүний нөөцийг зөвхөн Covid-19-ийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй. Халдвараар өвдсөн иргэд хувийн зардлаар хүссэн хувийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Улсын эмнэлгүүд иргэдийг тусгаарлан эмчилж байгаагаас гадна зарим хувийн эмнэлэг улсын зардлаар өвчтөнүүдийг эмчилж байна. Сувилал болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс ямар нэгэн төлбөр аваагүй.

Монгол Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байгаагаас Covid-19-ийг эмчилгээнд 14 мянгыг нь дэлгэсэн. Ажиллах хүч, орны нөөц бага байгаа энэ үед хувийн эмнэлгүүд тусгайлан Covid-19-тэй хүнийг хүлээн авч, төлбөртэй эмчилж буй тохиолдол байхгүй. Өдрийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бусад өвчтөнүүдэд үйлчлэх боломжоо хааж, тусгай цэг болоогүй байж 1-2 Covid-19-тэй хүнийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын ажиллах хүч бүхий л нөөц боломжоор ажиллаж байна. Одоогоор хэвтэн эмчлүүлсэн өвчтөн хувийн зардлаар эмчлүүлсэн тохиолдол гараагүй" гэлээ.

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ НӨӨЦ БАГАСЧ БАЙНА

Өрхийн эмнэлгүүдийн тухайд ажиллах хүний нөөц багасч ачаалал нь эрс нэмэгджээ. Өвдсөн болон хавьтал болсон иргэдэд шаардлагатай анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн санхүүжилт авч байгаа. Хуучин Эрүүл мэндийн яамнаас зардлыг хариуцаж гаргадаг байсан бол одоо эмнэлгүүд ЭМДЕГ-аас үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө авах зохицуулалттай ажиллаж буй. Гэсэн ч халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаагаас болж өрхийн эмнэлгийн эмч, сувилагчид хамгийн их эрсдэлд өртөж байгаа аж.

Ойрын хавьтал болсноос хойш зургаа хоногийн дараа түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд хэрэв батлагдаж, биеийн байдал нь хүндэрсэн тохиолдолд эмнэлэг рүү шилжүүлэх гол ажлыг тэд нугалж байгаа юм. Covid-19-ийн тусламж, үйлчилгээ хариу арга хэмжээний багт нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, мэргэжилтэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Харамсалтай нь хариу арга хэмжээний багаас өвчлөх тохиолдол нэмэгдэж, хүний нөөц өдөр ирэх бүрд багасч байгааг ойлгож, хүлээцтэй хандахыг хүслээ.

Бүх эмнэлэг Covid-19-тэй өвчтөн хүлээж авах боломжгүй бөгөөд хүлээж авч буй эмнэлгүүд заавал улаан буюу халдвартай бүс болж байгаа учир бусад өвчтөнүүдийг зааглаж эмчлэх боломжгүй болохыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох онцолсон юм.

70 МЯНГАН ТӨГРӨГИЙН БАГЦ ӨГӨХӨӨ БОЛЬЖ, ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГЧ БАЙНА

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгодог, иргэд гэрээрээ эмчлүүлж үзүүлсний тусламж үйлчилгээний зардлыг долдугаар сараас эхлэн 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Тус санхүүжилт нь дан ганц иргэнд зориулсан эмийн зардал биш юм. Үүнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын ажлын нэмэлт урамшуулал, хамгаалах хувцас хэрэгсэл болон машин, техникийн зардал багтжээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын өгсөн мэдээллээр, өмнө нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 70 мянган төгрөг байсан. ЭМЯ-наас Сангийн яаманд 160 мянган төгрөг болгох саналаа хүргүүлснээр зардлыг нэмэгдүүлжээ. Энэ нь гэрээр эмчлүүлж үзүүлж буй иргэнд очих эмийн ямар нэг багцын зардал биш, иргэдээс өөрсдөөс нь эмчилгээний ямар нэг зардал гаргуулахгүй эмчлүүлэх нэг боломжийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа зүйл гэсэн юм.

Covid-19-өөр өвдсөн хүмүүст тусламжийн багц буюу дархлаа дэмжих витамин шаардлагатай эмийн багцыг харилцан адилгүй өгч байгаа аж. Биеийн байдал хөнгөн, хүндээс шалтгаалж багцыг гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст өгч буй юм байна. Өрхийн эмнэлгүүдээс холбогдож асуухад "Эмийн багц өгөхгүй байгаа. Иргэд 70 мянган төгрөгийн эмээ авъя гэж их асуудаг. 7, 8 сараас багцыг бараг өгөхөө больсон. Зайлшгүй шаардлагатай иргэдэд багц, бусад хүнд дархлаа дэмжих витамин, эм өгч байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж