Ухань хотод 2019 оны сүүлээр үүсэн тархсан гэх SARS-CoV2 вирусийн анхны D614G хувилбар олон улсад тархаж, тэр дундаа барууныг нөмрөхдөө Англид В.1.1.7 буюу альфа хувилбар болон хувьсч, олон улсад зонхилж байв. Түүнээс хойш Өмнөд Африкт В.1.351 буюу бета, Калифорнид В.1.427 буюу эпсилон, Нью-Йоркт В.1.526 буюу Ита гэх мэт олон шинэ хувилбар үүссэн юм. Харин тэдний дундаас Энэтхэгт үүссэн В.1.617.2 буюу дельта хэмээх хувилбар өдгөө олон улсад бүртгэгдэж буй халдварын 90 гаруй хувийг дангаар эзэлж байна.
Дээрх хувилбарууд бол цар тахал анх үүссэнээс хойш бүртгэгдсэн олон мянган мутацийн хамгийн хүчирхэг хэлбэр болж тархсан цөөн хэд нь юм. Ялангуяа өдгөө олон улсад зонхилж буй дельта хувилбар анхны хувилбараа бодвол хэд дахин өндөр халдвартай, өвчтөний биеийн байдлыг эрс доройтуулах хөнөөлтэй, зарим тохиолдолд сул тогтсон дархлааг дарангуйлж, дахин өвчлүүлэх онцгой аюултай хувилбар.
Чухам энэ мэтээр өмнөх хувилбарынхаа эсрэг тогтсон эсрэг биетүүдэд тэсвэртэй шинэ хувилбарууд гарч ирсээр байгаа тул өдгөө олон улс вакцины гурав, зарим нь бүр дөрөвдүгээр тунг иргэддээ тариад эхэлжээ.
Сүүлийн үед ДЭМБ өөр нэгэн шинэ хувилбарыг онцгойлон анхааралдаа авчээ. Шинэ хувилбарын нэр нь В.1.621 буюу Мю аж. Мю хувилбар одоохондоо шинэ халдварын маш бага хувийг эзэлж, олон нийтэд харьцангуй бага аюул заналхийлж байгаа ч хөнөөлт чанарын хувьд дельтагаас хэд дахин аюултай байж болзошгүй юм байна.
Анх энэ оны нэгдүгээр сард Колумбын зочид буудалд тусгаарлагдаж байсан өвчтөнөөс илэрсэн тус хувилбар өдгөө дэлхийн 39 орчим улсад маш цөөн тоогоор бүртгэгджээ. Эрдэмтдийн эхний ээлжинд мэдээлж байгаагаар, тус хувилбар бусад бүх хувилбараасаа илүү дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлж, эсрэг биетүүдэд дарагддаггүй, вакцинд өмнөхөөсөө илүү тэсвэртэй аж.
Мю хувилбарын тухай дэлхий юу мэдэж байна вэ?
Энэ оны нэгдүгээр сард анх бүртгэгдсэнээс нь хойш ДЭМБ-ын эрдэмтэд тус хувилбарын шинж чанаруудыг судалсны эцэст өнгөрсөн долоо хоногт “Анхааралтай ажиглах шаардлагатай эрсдэлтэй хувилбар” хэмээн тодорхойлжээ.
Ийнхүү Мю хувилбар ДЭМБ-аас зарласан дээрх ангиллын тав дахь хувилбар болж байна. Хэрвээ цаашдын судалгаа шинжилгээний явцад эл хувилбар эрүүл мэндийг ноцтой доройтуулдаг, ер бусын өндөр халдвартай, вакцинаар үүссэн эсрэг биетүүдэд дарагддаггүй нэн хөнөөлтэй болох нь батлагдвал “Тэмцэх шаардлагатай” ангилалд багтах нь. Тус ангилалд өмнө нь альфа, бета, гамма, дельта хувилбарууд багтаж байв.
Хэдийгээр SARS-CoV2 вирус үргэлжид хувьсан өөрчлөгдөж, олон мянган мутаци төрүүлж байгаа ч тэдгээрийн ихэнх нь төдийлөн аюул хөнөөлгүй, зарим тохиолдолд бүр ямар ч хүчгүй, өмнөхөөсөө дорой байдаг аж. Гэвч олон зуун мутаци дундаас ганц нэг хүчтэй нь байх бөгөөд цаашид улам хөгжсөөр дээрх мэт бие даасан хувилбар болдог байна.
Мю хувилбар зонхилж, олон улсыг хамарсан дараагийн аюулт давлагааг эхлүүлэх үү?
Өдгөө дэлхийн нийт 39 оронд Мю хувилбарын дор хаяж 4500 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүний талаас илүү хувь нь АНУ-д бий аж.
Хонгконгийн эрдэмтэн Дэвид Хуй Шүгийн хэлснээр, Мю хувилбар одоогийн байдлаар дельта хувилбар шиг хурдан тархаж, дараагийн давлагааг эхлүүлэх эрсдэл харьцангуй бага байгаа ч үгүйсгэн тайвширч болохгүй юм байна.
Тэрбээр “Мю хувилбар анх нэгдүгээр сард бүртгэгдсэн ч өдгөө 39 оронд тархсан. Харин дельта хувилбар мөн ижил үед үүссэн ч өдгөө 163 улсад дэгджээ. Үүнээс харвал Мю хувилбар халдварлах чадварын хувьд харьцангуй сул байж магадгүй” хэмээсэн аж.
Харин Хонгконгийн хүнс, эрүүл мэндийн департментын нарийн бичгийн дарга Софиа Чан “ДЭМБ анхаарвал зохилтой гэж тодорхойлсон л бол тэр хувилбар хүн төрөлхтний эсрэг багагүй аюул заналхийлж байна гэсэн үг. Тиймээс бид тайвширч болохгүй” хэмээжээ.
Мю хувилбарын эсрэг вакцин хэр үр дүнтэй вэ?
Өдгөө олон улсад ашиглаж байгаа вакцинуудын үүсгэж буй эсрэг биетүүд Мю хувилбарын эсрэг чухам хэр үр дүнтэй болохыг нарийн тодорхойлсон судалгааны батлагдсан үр дүн гараагүй байна.
Гэвч ДЭМБ-ын анхааруулж байгаагаар, Мю хувилбарт түшиглэж хувьссан олон арван мутаци дундаас вакцины үйлчилгээг үнэгүйдүүлэх аюултай шинэ хувилбар төрөх өндөр эрсдэлтэй аж. Гэхдээ үүнийг батлахын тулд мэдээж илүү нарийн судлагаа, шинжилгээ хийх чухал шаардлага үүсээд, эхний шатандаа үргэлжилж байгаа юм.
Ямартай ч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар, зарим судалганы эхний шатнаас ажиглавал тус хувилбар зарим вакцины эсрэг биетүүдийн эсрэг тэмцэх чадвар сул гэсэн бол нөгөө хэсэг судалгааны үр дүн эсрэгээр гарч байгаа нь эргэлзээ төрүүлж, тайвшрах шалтгаан болохгүй байсаар байгаа юм.
Эх сурвалж: SCMP WASHINGTONPOST
Холбоотой мэдээ