ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өчигдөр (2021.09.06) ажлаа хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Тус төвийн захирлын томилгооны талаар захирал асан Д.Нямхүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Би ХӨСҮТ-ийн захирлын ажлаа хүлээж аваагүй. Би хааяа цар тахлын эсрэг вакцины талаарх эрдэм шинжилгээний хурал удирддаг. Миний гаргасан нэхэмжлэлтэй шүүх хурлын дараагийн тов гараагүй байна. Шүүх хурал хэдийд болохыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан шүүхээр би өөрийгөө буруутай, буруугүй гэдгээ тогтоолгож авмаар байна. Би тэтгэвэрт гарахынхаа өмнө хохирч байна.
Яг тэтгэврээ тогтоолгох гэсэн чинь халдварт нөхцөлд таарахгүй, удирдах албанд олон жил ажилласан гээд байгаа юм. Тэгэхээр би тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. ХӨСҮТ-ийн хашаанд 27 жил цагаан халад өмсч ажиллачихаад, гавьяаныхаа амралтыг авч чадахгүй байгаа нь харамсалтай. Би 1999 онд хаа байсан АНУ-д энэ чиглэлээр есөн сар сургуульд сурч байлаа. Би тэтгэврээ зөв тогтоолгомоор байна. Одоо би 56 настай учраас тэтгэвэрт гартлаа салбартаа ажилламаар байна. Тэрнээс заавал ХӨСҮТ-ийн захирал болъё гэж шүүхдэлцээгүй. Шүүхийн шийдвэр миний талд гарлаа гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар л ХӨСҮТ-ийн захирлыг томилно шүү дээ" гэв.
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан наймдугаар сарын 12-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх нэхэмжлэлийг авч хэлэлцээд, Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргасан билээ.
Холбоотой мэдээ