"Уул уурхайн компанийг бус хариуцлагатай уул уурхайг хөндсөн"

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

"Уул уурхайн компанийг бус хариуцлагатай уул уурхайг хөндсөн"

"Уул уурхайн компанийг бус хариуцлагатай уул уурхайг хөндсөн"

Төрийн өмчит “Мон-Атом” компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн байна. Энэ асуудлаар тус сонины зүгээс Монголын сэтгүүлчдийн эвлэл болон салбарын эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага зэрэг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран өнөөдөр /2021.09.06/ мэдээлэл хийв.

Тэдний зүгээс “Мон-Атом” компани нь албаны нэр төр унагаасан гэх шалтгаанаар 100 сая төгрөг нэхэмжилснийг тодорхой үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь “Өглөөний сонин”-ны тухайд, уул уурхайн компанийг бус хариуцлагатай уул уурхайн асуудлыг хөндөж “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэвлүүлжээ.

Энэ талаар тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан хэлэхдээ "Ямар байдлаар албаны нэр төр унасан эсэх. Мөн яагаад 100 сая төгрөг болсон зэрэг нь тодорхойгүй байгаа. “Бадрах Энержи" компанийн үйл ажиллагаа нь тасалдаж, доголдоогүй бөгөөд одоо үндсэн ордынхоо олборлолтоо эхэлчхээд байгаа юм билээ. Бид уул уурхайг эсэргүүцээгүй. Хариуцлагатай уул уурхайн талаар ярьж байна” гэлээ.  Уг нийтлэлийг бичсэн С.Өлзийбаяр нь орон нутгийн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бодит нөхцөл байдлыг хөндөж долоон цуврал нийтлэл бичсэн байна. Гэтэл уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100 сая төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” компанид олгуулахыг шаарджээ. Нийтлэлтэй холбоотой шүүх хурал товлогдсон ч одоогоор түр хойшилжээ. Уг маргаантай холбоотой асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өмгөөлөгч гарч ажиллаж байгаа аж. Энэ талаар хуульч Г.Балжмаа “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хуулийн зөвлөхтэй ажиллаад гурван жил болж байна. Ийм учраас “Мон-Атом” компанийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаан дээр өмгөөлөгчөөр ажиллаж байна. Төрийн өмчит компани өөрөө нэр төр алдар хүндийн тухай ярих нь өрөөсгөл ойлголт. Төрийн өмчит компаниуд тэднийг толгойлж буй төр Засгийн газрын агентлагууд өөрсдөө хуулийн хүрээнд ажлаа сайн хийж байвал нэр төрийн асуудал яригдах боломжгүй. Харин хууль зөрсөн асуудал яригдаад байгаа учраас төрийн компани байна уу эсхүл хувийн компани байна уу хамаагүй хэвлэл мэдээллийн байгууллага үзэл бодлоо илэрхийлээд баримттайгаар нийтэлж, хэвлэн нийтлэх эрхтэй эрхтэй байдаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж