Монгол Улс газрын тосны бүх бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор оруулж ирдгээс 90 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Хойд хөршид шатахууны үнэ их хэмжээгээр өсч, тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг энэ оны есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ.
Өнгөрсөн сарын хилийн үнэ дээр бүх төрлийн бензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлшин дээр 10 ам.доллар болон нэмэгдэж орж ирснээр хэрэглээний гол шатахуун АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 695-733 ам.доллар болж нэмэгджээ. Үүнийг өртгөөр тооцвол ойролцоогоор нэг литр нь 2000 гаруй төгрөгийн үнэтэй болсон гэсэн үг юм.
Цаашдаа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байна. Гадаад зах зээлийн өсөлт манай жижиглэнгийн борлуулалтын үнэд 100 хувь нөлөөлдөг учир цаашид тодорхой хэмжээгээр үнэ нь өсөхийг албаныхан хэлж буй. Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шууд хамааралтай, импортод ямар нэгэн хязгаарлалт тавиагүй, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр ажиллаж буйгаа мэдээлсэн билээ.
Төрөөс шатахууны үнийг шууд хянах боломжгүй, хуулийн дагуу тодорхой зохицуулалт хийдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлага байнга тулгардаг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, газрын тосны бүтээгдэхүүн улсын хэмжээнд 31 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 шатахуун 41, АИ-92 шатахуун 25, дизелийн түлшний 35 хоногийн нөөцтэй байгаа аж.
Шатахууны үнэ өсөх, буурах нь тухайн сарын газрын тосны үнээс хамаардаг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц хангалттай байгааг албаны эх сурвалж мэдээлэв.
Өнгөрсөн долдугаар сард хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны үнэ хоёр удаа нэмэгдэж, литр тутамдаа нийт 600 төгрөгөөр өссөн. Аж ахуйн нэгжүүд нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомсдол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмсэнээ холбогдох албанынхан мэдээлсэн билээ.
ОПЕК гарцаа нэмсэн учраас цаашид шатахууны үнэ өсөхгүй, тогтвортой байна гэж АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн. Олон улсад шатахуун, дизелийн үнэ буурахад манай улсад ч дагаад буурдаг.
Өнгөрсөн хугацаанд аж ахуй нэгжүүд Сингапурын хөрөнгийн биржийн эрхтэй компанитай 115 мянган тонн тосны хэджингийн гэрээ байгуулж, 14 тэрбум төгрөг иргэдийн халаасанд үлдсэн.
Манай улсад нийт газрын тосны 35 талбай ялгаснаас гурав нь ашиглалтын талбай аж. Монгол Улс жилд 200-300 тэрбум ам.долларын орлогыг газрын тосны худалдаанаас олж буй. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор бид "Петро чайна дачин тамсаг"-аас тос авдаг болох юм.
Мөн 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлснээр ААН-үүд үнээ 50-100 төгрөгөөр бууруулах боломж бүрджээ. Одоо улсын нөөцөд 12.7 мянган тонн, ААН-үүдэд 120 мянган тонн тос байгаа аж. Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмаар нөөцөө нэмэхээр төлөвлөжээ. Тодруулбал АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлэх юм.
Өнгөрсөн онд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурах үед санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах, гэрээ байгуулах, 115 мянга орчим тонноор 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд импортлогч компаниудтай гэрээ байгуулж ажилласан. Үүний дүнд 2020 оны 5-7 дугаар сар хүртэл үнэ өсөөгүй.
Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өсчээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджээр 2.9 хувиар өсч, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдсан бол өнөөдөр (2021.09.06)-ийн байдлаар баррель нь 71.68 ам.доллар хүрч өсчээ.
ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахимаар хуралдаж, ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцсэн. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчлөөгүй.
ОПЕК-ийн шийдвэрийн дараа Брентийн үнэ даруй бараг гурван хувь, WTI төрлийн газрын тосны үнэ нэг хувиар тус тус буурчээ. Энэхүү цахим хурлаар арваннэгдүгээр сарын олборлолт, нийлүүлэлтийг хэлэлцээгүй тул дараагийн уулзалтыг 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр товлосон байна.
Газрын тосны олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэвээр үлдээх шийдвэрт энэ оны наймдугаар сарын тайлан нөлөөлжээ. Тодруулбал, тайлант хугацаанд түүхий газрын тосны үнэ 70 ам.доллар/баррелиас дээш байсан, улс орнуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл удааширсантай тус тус холбоотой аж.
Эрчим хүчний зах зээлд худалдаа эрхэлдэг байгууллагууд газрын тосны үнийн төлвөө шинэчилсэн. “JP Morgan” 2021 оны дөрөвдүгээр улиралд Брент түүхий тосны үнэ 74 ам.доллар/баррель хүрч, газрын тосны чиг хандлага Хятад улсын эдийн засгийн хэрэглээ болон бодлогоос шууд хамаарна гэж мэдэгдсэн. Харин “Goldman Sachs” 2021 оны дөрөвдүгээр улиралд 80 ам.доллар/баррель хүрнэ гэсэн таамгаа хэвээр үлдээсэн билээ.
Холбоотой мэдээ