Орон нутагт Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Сүүлийн 24 цагт 2494 эерэг тохиолдол батлагдсан нь нийслэлээс өндөр үзүүлэлттэй байгаа юм. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр аймаг, орон нутагт эмнэлгийн ор хүрэлцээгүй болж нэмэлтээр ор дэлгэж эхэлжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Биеийн тамир, спорт хороонд 100 ор дэлгэсэн байна. Үүнийг аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авсан бол Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор тус тус дэлгэжээ.
Мөн аймгийн Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байгаа аж. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эмч эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул есдүгээр сарын 15-наас хэвийн горимд ажиллаж эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217 байгаа бол 1092 хүн эмчлүүлж байна. Үүнээс 728 нь эмнэлэгт, 365 нь гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн Хэнтий аймагт өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Биеийн тамир спортын ордонд ор засч өвчтөнүүдээ эмчилж эхэлжээ.
Цаашид Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрвэл улсын хэмжээнд хоногт батлагдах тохиолдын тоо нэмэгдэнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тус төвийн дэд захирал Ж.Байгальмаа “Covid-19 халдварын нөхцөл байдал аймаг орон нутагт хүнд байна. Тухайлбал, өвчлөл эрс нэмэгдсэн Баян-Өлгий аймагт тандалтын сорьцоор дельта хувилбарын тархалт өндөр хувьтай байсан. Хэрэв Covid-19 халдварын давалгаа орон нутагт хүндэрвэл улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх өвчлөлийн тоо ч нэмэгдэнэ. Аймаг орон нутгаас нийслэлийг зорих оюутнуудын хөдөлгөөн, албан байгууллагуудын ажил жигдэрсэн тул хүн хоорондын харилцаа ихэсч, нягтаршил, хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Хүн хоорондын харилцаа ихсэх бүрт өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Бид халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн ор, эмч ажилчдын нөөцийг тооцож байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ