Ерөнхийлөгч "шударга" шүүхээс татгалзав уу?  

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч "шударга" шүүхээс татгалзав уу?  

Ерөнхийлөгч "шударга" шүүхээс татгалзав уу?  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдэл огцом байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дарга “ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна… Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ” гэж өнөөдөр/2021.09.06/ мэдэгдсэн.

Энэ асуудлыг эргэн сануулахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу боловсруулсан Шүүхийн тухай хуулиар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Ерөнхийлөгч бус парламентаас томилдог байхаар хуульчилсан юм. Үүнийг шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж эрх баригчид зөвтгөдөг.

Тэгвэл энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга “УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна” гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.

Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт

Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ. Иймд  Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.

 Цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс Цэц их суудлаараа хэлэлцэнэ гэсэн үг.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх “Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан тал өөрийн хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог процессийн эрх байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ эрхийнхээ дагуу татгалзаж байна” гэсэн тайлбарыг хийв. Гэхдээ түүний хэлсэн шиг хуульд тусгаагүй аж.

Түүний иш татсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18-ын 4-т “Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заажээ. Хуулийн зөвлөхийн хэлээд буй шиг татгалзах хүсэлтийг Цэц маргааныг хянан хэлэлцэхээс өмнө гаргаж болно гэсэн үг. Гэтэл Цэцийн дунд суудлын хуралдаан болсон төдийгүй шийдвэрээ гаргаад УИХ-д танилцуулсан. УИХ харин хүлээж аваагүй.

Хуульд “Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана” гэж заасан. Тиймээс УИХ ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны өөрсдөөс хамаарах томилгоог хийж чадахгүй байгаа гэсэн үг.

Тиймээс Цэцийн их суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ. Энэ талаар “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй  тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэж заажээ.

Эндээс Ерөнхийлөгч хоёр шийдвэр гарч болох нь. Хэрэв их суудлын хуралдаанаар дунд суудлынхаа дүгнэлтийг хүчингүй болгоно. Эсвэл хэвээр үлдээнэ. Хүчингүй болсон тохиолдолд Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж УИХ-д дээрх шүүгч бус гишүүнийг томилох эрх нь үлдэнэ. Хэвээр үлдээвэл, “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” гэсний дагуу хууль хүчингүй болно. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлэн шинээр Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж таарна. Гэхдээ энэ хувилбарыг Ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр хүсээгүй.

Энэ бүхний цаана, эрх баригчид асуудлыг Цэцэд даатгаж буй мэтээр уснаас хуурай гарах шийдвэрээс нь хамаарч аргагүй буй асуудлыг цэгцлэхийг оролдох бололтой. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байхыг ч үгүйсгэхгүй.

Эхнээсээ шүүхийн шинэчлэлийг Үндсэн хуулийн Цэц гацааж буй мэтээр хэлж, яриад эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг хийх үеэр ч үүнийг баталсан юм. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цэцийн дээрх дүгнэлтийн талаарх шийдвэрээ Улсын Их Хурал тавдугаар сард гаргасан байхад Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл; шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг "шударга ёсны араа шүд" болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа” гэж хэлсэн билээ.

Харин асуудалд хамгийн их анхаарлаа хандуулах ёстой УИХ-ын дарга авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай хэлж сэрүүн зүүдэлсэн юм. Эндээс асуудлыг хаашаа чиглүүлээд байгаа нь харагдах болов уу?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж