Нийслэлийн боловсролын газраас өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон сургууль, цэцэрлэг байхгүй хэмээн мэдээллээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар тус газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.
–Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэгээс Covid-19 халдвар илрээд байна вэ. Энэ талаар нэгдсэн мэдээлэл бий юу?
-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 260 нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан журмын дагуу 5:9 зарчмаар хичээллэж байгаа. Харин 19 сургууль танхимаар хичээллэж байгаа бол нэг сургууль бүрэн цахимд шилжсэн. Мөн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг харъяа дүүргээс нь нэгтгэж байна. Баасан гаригийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайны сургалтад шилжсэн.
Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт Covid-19 халдвар бүртгэгдсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлөөс шалтгаалаагүй. Цэцэрлэг, сургуулийн багш нар халдвар авч өвдсөн тул зайн сургалтад шилжсэн байгаа.
–Цахимаар хичээллэж буй сургуулийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль цахимаар хичээллэж байна. Тус сургуулийн гурван багш Covid-19-ийн халдвар авч, ойрын 32 хавьтал бүртгэгдсэн. Иймд дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр цахимд шилжсэн.
–Цаашид Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрвэл халдвар гарсан сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоох уу. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар нэг анги танхим бүлэгт нэг хүүхдээс Covid-19 халдвараар өвдсөн бол долоо хоног цахимд шилжинэ. Мөн гурван бүлгээс халдвар илэрвэл тухайн давхар, бүлгийг цахимаар хичээллэнэ. Хэрэв гурваас дээш анги бүлэгт Covid-19 илэрвэл тухайн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хориглоно гэсэн журам бий. Энэ журмыг одоогоор мөрдөж байна.
Одоогоор хүүхдүүдээс шалтгаалж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй. Багш нар халдварт өвдсөн, зарим анги танхим бүлэг цахимаар хичээллэж байгаа юм.
Хэдийгээр Covid-19 халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа ч Улсын онцгой комисс, Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газраас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй гэсэн бодлого барьж байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд түр журмаа баримтлан ажиллана. Covid-19 халдвар илэрсэн тохиолдолд анги, бүлгийг хэсэгчлэн хязгаарлаж долоо хоног цахимд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийг хааж хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Энэ асуудлаар Засгийн газраас эцэслэн шийдэх болов уу.
–Сургууль, цэцэрлэг түр завсарлахад хүүхдээ асран хамгаалах асуудал давхар хөндөгддөг. Covid-19 халдвар илэрсэн тухайн анги танхимыг долоо хоног цахимд шилжүүллээ гэхэд эцэг эхчүүдийг ажлаас түр чөлөөлөх үү. Энэ талаар шийдвэр гарсан уу?
-Хоёр сайдын хамтран гаргасан журамд ар гэрийн зохицуулалт тусгаагүй. Гэхдээ танхимаар хичээллэх, 5:9 зарчмаар хичээллэх, цахимаар хичээллэх гэсэн гурван сонголт бий. Хүүхэд өөрөө хүсвэл цахимаар хичээллэж болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож цахимаар хичээлүүлэх эрх нь нээлттэй.
Харин Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг цахимд шилжүүлсэн тохиолдолд ар гэрийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдын ажиллаж буй хувийн компани, аж ахуйн нэгж шийдэх болов уу.
Холбоотой мэдээ