"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

"Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилдог эрхээсээ татгалзаж байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар өнөөдөр /2021.09.06/ мэдээлэл хийлээ. 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/  хандсан. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас  Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/  даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ А.БЯМБАЖАРГАЛ:

-Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байгаа шийдвэр нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд нь анх удаагаа тохиож байна. Энэ нь Шүүхийн шинэтгэлийн хувьд шинэлэг, хууль зүйн хувьд энэ нь цоо шинэ практик боллоо. Хуульд ҮХЦ-д хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог эрх бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтын дагуу уг эрхээсээ татгалзаж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол мөн чанар нь дараах хоёр байгууллагыг агуулгын хувьд задалж өгсөн. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/ нь хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүргийг гүйцэтгэдэг. Нөгөө талдаа шүүгчдэд хариуцлага тооцдог механизмыг Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Энэ байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Мөн 49 дүгээр зүйлийн 6-д Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана” гэж заасан. Өнгөрсөн хугацаанд шударга бусын хонгилыг улстөрч, судлаачид ярьж ирсэн. Монгол Улсын хувьд 1992 оны Үндсэн хууль баталсан цагаас хойш 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталсан. Мөн 2013 онд шүүхийн багц хуулийг баталсан. Шүүгчдийг шилж, сонгодог шүүхийн захиргааны байгууллага гэж нэрлэсэн одоогийн ШЕЗ-ийн гишүүн нэг бүрийг тэр дундаа даргыг нь Ерөнхийлөгч томилдог хуультай болсон. Энэ цагаас хойш шударга бусын хонгилын талаар яригдах болсон. Өөрөөр хэлбэл, энэ томилгооны үйл явц нь эцсийн дүндээ шүүхэд нөлөөлж байна гэсэн үг.

Шүүхийн сахилгын хороо мөн адил Ерөнхийлөгчийн институцтэй хариуцлага тооцдог механизм холбогдож ирсэн. Ингэснээр хэнийг шүүгч болгох вэ гэдэг асуудал нь Ерөнхийлөгчийн институц илүүтэй хамааралтай болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол мөн чанар нь энэ хамаарлыг арилгах зорилготой. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ шүүхийн тухай хуулийг баталсан. Улмаар хоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮХЦ-д хандсан. Иргэн ҮХЦ хандвал уг маргааныг үүсгэх эсэх асуудал яригддаг бол Ерөнхийлөгч хүсэлт гаргавал шууд маргааныг хянан шийдвэрлэдэг. ҮХЦ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтийг гаргасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш тооцвол жил найман сар, ҮХЦ-ийн дүгнэлт гарснаас хойш 130 хоногийн хугацаанд шүүхийн шинэтгэлийн асуудал гацаанд орсон. Тиймээс энэ гацааг арилгахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог, АТГ-ын дэд даргыг санал болгох эрхээсээ татгалзаж байна. Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг ийнхүү илэрхийллээ. Одоо ҮХЦ-ээс бүх зүйл хамаарна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилал шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэнэ” гэдгээ илэрхийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж