Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас иргэдийг аюулгүй зам, гүүрээр зорчихыг сануулж буй. Гэвч иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн усны ослын дуудлага тасрахгүй байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
- Онцгой байдлын алба хаагчид Увс аймагт гэр бүлийн хамт аяллаар явж байхдаа төөрсөн долоон настай хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, аймгийн Түргэн сумын нутаг Хамрын амны-Адаг гэх газарт өчигдөр 12:00 цагийн орчимд долоон настай Б нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт орой 19:55 цагт бүртгэгдэж, алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн багийнхан алга болсон хүүг Хэрцийн-Эхэн гэх газарт 22:28 цагийн үед олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
- Баян-Өлгийн аймгийн нутаг Ховд голын усанд суудлын автомашин онхолдсон байна. Аймгийн Цэнгэл сумын чиглэлд зорчиж явах үед жолооны механизм нь гацсанаас болж 15 метр далангаас унасан байна. Золоор хүний амь эрсдээгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Автомашинд гурван том хүн, хоёр хүүхэд зорчиж явсан аж. Ослын дуудлага өчигдөр орой 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн тул алба хаагчид цаг алдалгүй очиж иргэдийг аварчээ. Тодруулбал, автомашин гол руу хажуугаар унаж, зорчиж явсан 53 настай болон 25 настай есөн сартай жирэмсэн эмэгтэй, гурав, долоон настай эрэгтэй нарыг эсэн мэнд гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
- Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голд өчигдөр “Ланд круйзер-200” загварын автомашин суусан байна. Машинд зорчиж явсан хүмүүс машин дээрээ гарч аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ тухай мэдээлэл 21:15 цагт бүртгэгдэж алба хаагчид 23:50 цагт очиж, иргэдийг аюулгүй газарт эсэн мэнд гаргажээ. Тус аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэний “Королла фиелтэр” загварын автомашин усанд живж зорчин явсан нэг хүүхэд, таван том хүн машины бүхээг дээрээ гарсан байсныг уснаас гаргажээ.
Харин автомашиныг нь татаж гаргах боломжгүй живсэн тул үлдээсэн байна. Өнөөдөр орой Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид живсэн машиныг татаж гаргах юм байна. Мөн Архангай аймгийн нутаг Хануйн голд "Ланд круйзер-200" загварын автомашин сууж, дөрвөн иргэнийг эсэн мэнд гаргасан байна. Алба хаагчид иргэдийг өнөө өглөө уснаас гаргаж, автомашиныг татаж гаргахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ