Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Дипломат албаны мэргэжлийн бус томилгоонууд!

Монголын дипломат алба бараг “дампуурсан”-ыг сүүлийн үед хийж буй Элчин сайд, Элчин зөвлөх, Консулуудын томилгооноос харж болно. Мэдээж, зарчмаараа дипломат албан томилогдож буй мэр сэр хүн бий.  Гэвч нөгөө талдаа ялсын намын тэтгэвртээ суусан өвгөд, дарга нарынх нь ах дүү хамаатан садан, найз нөхөд, карьер нь дууссан улстөрч, харьсан бөх, дуучин гээд  Элчин сайд, консулын ажилтнаар томилогддог бичигдээгүй хууль энэ удаад мөн мөрдөгдөв. 

Тухайлбал, ордны тэмцэгч тавын нэг  УИХ-ын гишүүн асан Л.Болд Бельгийн Элчин сайдаар томилогдсон бол Ж.Батзандан Австрали руу Элчин зөвлөх болоод явсан.  Энэ бүгд МАН өрөө төлж байна гэх шүүмжлэлд өртсөн. Түүнчлэн дэлхийгээр аялаг АНУ-гийн Элчин сайдаар томилогдсон нь Монголын дипломат албанд хэрхэн үнэгүйдсэний нэг жишээ болж байна. 

Залгуулаад сүүлийн үед олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа  консулуудын томилгооноос дурдвал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Шадар  туслах, Л.Түвшинжаргалыг АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулоор томилох тухай мэдээ гарсан билээ.   Өнгөрсөн хавар  Л.Түвшинжаргалыг  Ерөнхийлөгч асан Х.Баттулга Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах асуудлыг оруулж ирсэн. Гэвч уг асуудал олон нийтийн анхааралд орж, араасаа маргаан дагуулсан тул тэгсгээд чимээгүй өнгөрсөн билээ. Хамгийн сүүлд Монгол Улсын   гавьяат, жүжигчин дуучин Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон. 

Дипломат албаны тухай хуульд дипломат албан тушаалд томилогдох иргэн нь “Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь сүүлийн үеийн томилгоог харахад дээр шалгуурт тэнцэхгүй хүмүүс дипломат албыг төлөөлөхөөр болж байна.

ДИПЛОМАТ АЛБА ДАМПУУ БОЛЧИХСОН

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн  бүс нутаг, олон улсын харилцаа, судлал салбарын эрхлэгч, Доктор (Sc.D), профессор А.ДАВААСҮРЭН :

-Сүүлийн жилүүдэд  Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс томилогдох болсон. Мэргэжлийн бус гэдэг нь эрх барьж байгаа намын хүнийг мэргэжил, туршлагыг үл харгалзан улс төрийн томилгоог хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад дипломат алба нь эрх барьж байгаа намыг сонгуульд ивээн тэтгэсэн мөнгөтэй бизнес эрхлэгч эсвэл зарим албан тушаалтны шагнал, зарим улстөрчдийг улс төрөөс түр холдуулах арга хэрэгсэл болж хувирчхаад байна.

Сайд эсвэл агентлагын даргын ширээнээс буугаад гадаадад Элчин сайд болж байх жишээтэй. Гэтэл гадны улсад томилогдож очиж байгаа дипломатууд тухайн улсынхаа хэл, соёл зан заншил, уламжлал, нөхцөл байдлыг сайн мэддэг гэхчлэн бүх асуудлыг мэддэг байхаас гадна дипломат ажлын туршлагатай хүн байх ёстой. Гэтэл бодит байдал дээр ямархуу байгааг хүн бүр мэдэж байгаа. Томилогдож байгаа хүмүүс гадаад хэлний мэдлэггүй, дипломат албанд ажиллаж байгаагүй мэргэжлийн, бус хүн ажиллаж байна.

Үнэндээ сүүлийн арван гаруй жилийн дотор Монгол Улсын дипломат алба дампуу болчихсон. Одоо бол хэн дуртай нь  дипломат албанд томилогдоод байхаар мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж байна. Дипломат албаны ажилтнууд гадаад улсад Монгол Улсын нүүр царай болдог хүмүүс. Гэтэл бизнес, наймаа хийж байсан хүн Элчид сайдад томилогдож өөрийнхөө бизнесийг явуулж байх жишээтэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж