Токио-2020 зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өчигдөр/2021.09.05/ албан ёсоор өндөрлөв. Дэлхийн 162 орны баг тамирчид 12 өдрийн турш сэтгэл хөдлөлөөрөө нэгдэж, спорт хэмээх агуу зүйл хүн бүрт эрх тэгш, ялгаварлалгүй үйлдчилдэг гэдгийг харууллаа.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Олон улсын паралимпийн хорооны тэргүүн Андрью Парсонс “Гайхалтай найман жилийн дараа бидний хугацаа бараг л дуусч байна гэдэгт би итгэхгүй байна. Ямар гайхалтай цаг хугацаа, ямар гайхалтай спорт, ямар гайхалтай наадам болж өнгөрөв өө. Миний хэлж чадах ганц л зүйл бол баярлалаа, Токио. Энэ удаагийн наадам түүхэн байгаад зогсохгүй гайхалтай байлаа. Тамирчид маань рекорд эвдэж, зүрх сэтгэлээ нээж, хамгийн гол нь амьдралаа өөрчиллөө. Энэ наадмыг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн сайн дурын ажилчдадаа мөн баярлалаа. Та нар бол ард түмнийхээ бахархал нь шүү. Энэ бол хаалт биш харин гэрэлт, эрх тэгш ирээдүйн эхлэл. Үүнийг хийхийг хүсэхгүй байгаа ч паралимпийн наадам албан ёсоор хаалтаа хийж буйг зарлаж байна. Та бүхэнтэй гурван жилийн дараа Парист уулзъя” хэмээжээ.
Энэ удаагийн паралимпэд 24 мянган сайн дурынхан ажилласан гэнэ.
Токио хотын захирагч хатагтай Юрико Коикэ Олон улсын паралимпийн хорооны тугийг Андрью Парсонст гардуулж, улмаар 2024 оны олимп, паралимпийг зохион байгуулах Парис хотын төлөөлөл тугийг хүлээн авсан юм.
Японы эзэн хааны гэр бүлийг төлөөлөн хунтайж Акишино цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн аж.
Токио-2020 паралимпийн наадмыг багийн дүнгээр Хятад улс илт тасархай тэргүүлсэн. Тэдний араас Их Британи болон АНУ тэргүүтэй улсууд удааллаа.
- Хятад – 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл – нийт 207 медаль
- Их Британи – 41 алт, 38 мөнгө, 45 хүрэл – нийт 124 медаль
- АНУ – 37 алт, 36 мөнгө, 31 хүрэл – нийт 104 медаль
- Орос – 36 алт, 33 мөнгө, 49 хүрэл – нийт 118 медаль
- Нидерланд – 25 алт, 17 мөнгө, 17 хүрэл – нийт 59 медаль
- Украин – 24 алт, 47 мөнгө, 27 хүрэл – нийт 98 медаль
- Бразил – 22 алт, 20 мөнгө, 30 хүрэл – нийт 72 медаль
- Австрали – 21 алт, 29 мөнгө, 30 хүрэл – нийт 80 медаль
- Итали – 14 алт, 29 мөнгө, 26 хүрэл – нийт 69 медаль
Харин Монгол Улсын тухайд нэг алтан медальтай 59 дүгээр байрт жагслаа.
Манайх түүхэндээ хамгийн олон буюу 11 тамирчнаа энэ удаагийн паралимпэд илгээсэн.
- Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ
- Буудлага – З.Ганбаатар
- Жүдо – А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг
- Таеквондо – Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
- Хөнгөн атлетик – Д.Саруултөгс, П.Энхманлай
- Пауэрлифтинг – Э.Содномпилжээ
- Триатлоны шүүгч – Б.Цагаанбаатар
Үүнээс пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Э.Содномпилжээ паралимпийн рекордыг эвдэн түрүүлсэн. Таван жилийн өмнө Риогийн наадмын 88 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад жин өгсөж оролцон, медалийн өнгөө хувиргасан юм.
Хаалтын үйл ажиллагааны онцлох зургуудыг танд хүргэж байна.
Холбоотой мэдээ