Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо 4000 дөхөв. Цаашид халдварын тархалт нэмэгдсээр цар тахлын хоёр дахь давалгаа гарахыг ч эрүүл мэндийн салбарынхан анхааруулах болжээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр есдүгээр сарын дунд үед халдварын дэгдэлт оргилдоо хүрэх таамаг байгаа юм. Тус төвд хийж буй тандалтын сүүлийн долоо хоногийн эерэг сорьцын 35 хувьд дельта хувилбар илэрчээ. Түүнчлэн энэ сарын дунд үеэр эерэг гарсан сорьцын 80 орчим хувьд дельта хувилбар илэрч болзошгүй гэх урьдчилсан тооцоо гарчээ. Хэрэв цар тахал дахин хяналтаас гарвал сургууль, цэцэрлэг хаалгаа барьж, хөл хорих уу гэх асуудал ч олон нийтийн анхаарлын төвд байна. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлээд удаагүй энэ үед хүүхдүүд дахин нэг жил гэртээ “хоригдсон” өнгөрсөн жилийн түүх давтагдах вий гэх болгоомжлол ч бас бий.
Энэ асуудлаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн О.Батбаяр “Бидний зүгээс Covid-19 халдварын дельта хувилбарын давалгааг иргэдийн дунд хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал” гэж өнгөрсөн Баасан гаригт /2021.09.03/ ЭМЯ-ын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн.
Гэвч цар тахлын давалгаанд хөл хорихгүй байсан ч хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Хэдийгээр 0-11 насны хүүхдүүдийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургийг тарихаар болсон нь сайн мэдээ боловч хэзээ хийх нь тодорхойгүйн дээр үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч бүх хүүхдэд уураг тарих боломжгүй аж. Энэ талаар НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо “Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийхээр төлөвлөсөн. Гэхдээ 0-11 насны хүүхдүүдэд бага тунгаар урьдчилан сэргийлэх зориулалттай хийх гэж байгаа энэ уургийг бүх хүүхдэд хийх боломжгүй. Судалж байгаад зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд эхлээд хийнэ. Учир нь дотоодын үйлдвэрлэл маань хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд одоохондоо үйлдвэрлэх боломжгүй” гэдгийг хэлсэн.
Олон удаагийн хөл хорио, боловсролын салбарын зогсонги байдлаас үүдэн хүүхдүүд л цар тахлын үед хамгийн их хохирч байна. Эдийн засаг хямарч, аж ахуйн нэгжүүд модоо барихдаа тулсан ч бүхэл бүтэн харанхуй үе бэлтгэгдэж гарах нь цар тахлаас ч илүү гамшиг дагуулахыг үгүйсгэхгүй.
Тиймээс эцэг эхчүүдийн хувьд цар тахлын эрсдэлтэй үед хүүхдээ танхимаар хичээллүүлэх айдастай ч сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж буй. Гэвч сургуулийн орчинд ч тэр, гэрт зайнаас хичээллэсэн аль ч нөхцөлд Covid-19 халдварт өртөхгүй гэсэн баталаа өнөөдөр алга. Учир нь нийт батлагдсан тохиолдлын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж буй. Хүн амын дунд Covid-19-ийн дельта хувилбар аль хэдийнэ тархсан үед танхимын сургалтыг үргэлжлүүлэх эсэх талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа “Агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин нь хүн амын хөдөлгөөн нягтаршилтай холбоотой. Албан байгууллагуудын ажил жигдэрч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой нийслэлд хүн амын хөдөлгөөн ихэссэн. Энэ нягтаршил ихсэхийн хэрээр өвчлөл сэргэх эрсдэлтэй.
Нэг үеэ бодвол Covid-19 халдварын талаар хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй болсон. Өмнө нь дэлхий нийтээр хорио цээрийн чанга дэглэм тогтоож, хөл хорьж байсан нь энэ өвчний талаар мэдлэг багатай байсантай холбоотой. Одоо бол бид заавал хөл хорионы хатуу дэглэм тогтоох шаардлагатай юу гэх асуудлыг олон улс ярьж эхэллээ. Хөл хорионы дэглэм тогтоох эсэх нь өвчлөлийн нөхцөл байдлаас хамаарна. Боловсролын салбарт ч бас хамгийн сүүлийн авах арга хэмжээ бол танхимын сургалтыг хориглох.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосноор алдагдсан боломжийг хэзээ ч нөхөх боломжгүй гэдэгт дэлхий нийтээр нэгдсэн ойлголттой болчихлоо. Энэ утгаараа халдварын нөхцөл байдал хүндэрч, магадгүй нас баралт бүртгэгдсэн тохиолдолд бид танхимын сургалтыг хязгаарлаж, хөл хорио тогтоох уу гэдгийг ярих шаардлагатай. Хэдийгээр 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн ч түүнээс доош насныхан вакцинд хамрагдаагүй. Ийм 12-оос доош насны хүүхдүүдийн дундах өвчлөлийг ажиглах нь чухал байна. Олон улсын судалгаагаар хүн амын дунд дэгдсэн томоохон халдварын дэгдэлт сургуулиас болж тархахгүй гэх дүгнэлт гарсан. Тиймээс Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил танхимаар хичээллээгүй учраас ажиглаж харах хэрэгтэй” гэлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр есдүгээр сарын дунд үед Covid-19 халдварын дельта хувилбарын томоохон давалгаа дэгдсэн тохиолдолд Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. Учир нь дельта нь өмнөх мутацлагдсан хувилбаруудаас хоёр дахин илүү өндөр бусдад халдварлах чадвартай. Тиймээс есдүгээр сарын дунд үед халдварын давалгаа өмнөхөөсөө хоёр дахин илүү олон хүн өвчилж болзошгүй аж. Ийм боловч томуу төст өвчний улирал, цар тахлын давалгаа дэгдэж болзошгүй эрсдэлтэй үед амны хаалтаа зүүхээс эхлээд хүн бүрийн хариуцлагаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах нь.
Холбоотой мэдээ