Насжилт нь дууссан Приусийн батарейг Хятад руу гаргадаг

Хуучирсан мэдээ: 2021.09.06-нд нийтлэгдсэн

Насжилт нь дууссан Приусийн батарейг Хятад руу гаргадаг

Насжилт нь дууссан Приусийн батарейг Хятад руу гаргадаг

Үнэ хямд мөн шатахуун бага иддэг тул  "Тоёота" үйлдвэрийн Приус маркийн автомашин монголчуудын гол уналга болдог.  2020 оны байдлаар Монголд 170 мянга гаруй Приус машин явж байна. Японоос орж ирж буй автомашины 85-90 хувь хуучирсан байдаг нь асуудал дагуулдаг. Тэр дундаа зайлшгүй анхаарах зүйл бол автомашины муудсан аккумлятор болон батарейг Монголд хэрхэн устгалд оруулдаг нь сонирхол татаж байгаа юм.

ПРИУСИЙН БАТАРЕЙГ КОМООР НЬ 900-1.200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР СОЛЬДОГ

Нийслэлийн авто үйлчилгээний төвлөрсөн худалдааны төв болох "Да хүрээ" захын ойролцоох Япон автомашины сэлбэг худалдаа, засварын газруудаар орж асуухад Приусийн батарей энд авдаггүй, харин зардаг. Өнгөрсөн 6-7 сард батерей 850-950 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан. Харин наймдугаар сараас хил гаалийн асуудлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ком батарей 900 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй болсон.  Гэхдээ батарей орж ирэхгүй хил дээр гацсан учраас байгаа зарим газар илүү үнэтэй ч зарж байгаа байх гэсэн юм. Цааш засварын газраар орж хүмүүс Приусийн батарей хэр их солиулдаг талаар тодруулахад автомашины батарей гар утасны зайтай ижил учир суусан тохиолдолд заавал солиулах шаардлагатай. Өдөрт 3-4 Приус машины батарей сольдог. Ширхэгээр солиход 40-60 мянган төгрөг, комоор нь солиход 100-120 мянган төгрөг болдог. Харин батарей авсан газрынхаа засварын төвд солиулбал 3-4 сарын баталгаат хугацаа өгдөг. Эдэлгээний хувьд жолоочоос шалтгаална. Монголын хувьд цаг агаар, авто зам зэрэг тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ хуучин автомашины насжилттай шууд хамааралтай байдаг. Удаан эдэлсэн бүтээгдэхүүн элэгдэлд орно. Түүнийг шинэчлэх нь цаг хугацааны асуудал гэдгийг автомашины засварчид хэлж байв.

Харин хугацаа нь дууссан Приусийн батарейг цоорсон бол нэг ширхгийг нь таван мянган төгрөгөөр, цоороогүй бол 10-15 мянган төгрөгөөр авч Хятад руу гаргадаг байна. Энэ нь үйлдвэрлэгч орон руу явуулах болон хөрсөнд булахаас хамаагүй ашигтай сонголт аж.

Автомашины зайнд хар тугалга, хүхрийн хүчил, сурьма, кадми, хүнцэл зэрэг хүнд металлууд ордог. Монголд хамгийн олон тоогоор оруулж ирж худалдаалж байгаа Приус автомашин нэг батарейнд 20 гаруй төрлийн бодис ордог аж. Японууд батарейг солихдоо багцаар нь сольдог бол Монголд батарейг задлаад хэсэгчлэн сольж, сэлбэдэг. Энэ нь аюултай бөгөөд байгаль орчин болон хүнд хортой элементийн хог хаягдлыг үүсгэдэг аж.

АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ААН-ИЙГ ТӨР ДЭМЖДЭГГҮЙ

МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.БАТЖАРГАЛ:

-Монгол Улсад аюултай хог хаягдлын чиглэлээр 7-8 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нэг үеийг бодвол аюултай хог хаягдлын асуудлыг бодлогын хувьд Байгаль орчны яам сайн цэгцэлж байгаа. 2019 онд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ч компани байдаггүй байсан. Тухайн үед автомашинаас гарч буй аюултай хог хаягдлыг хөрсөнд шууд асгах гэмт хэрэгтэй тэмцэж, Байгаль орчны яам болон Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байлаа.

Приусийн батарейн асуудалд гаргалгаа олоход төрийн дэмжлэг, оролцоо зайлшгүй хэрэгтэй. Гэвч төрөөс энэ асуудлыг анхаарч дэмжихгүй байгаа учраас хувийн хэвшлүүд зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах гэж оролдож байна. Харамсалтай нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг учир аж ахуй нэгжүүд маань тууштай байхыг хичээж, зорьдог.

Япон автомашины батарейн хувьд хүхрийн хүчил гэж байдаггүй. Ороомог, кондинсатораас бүрддэг. Үүнийг Япон болон Солонгос руу гаргах бүрэн боломжтой. Тус улс орон руу буцааж явуулахын тулд компани өөрөө байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийлгэж батлуулах ёстой байдаг. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй ч тэрхүү батарейг цуглуулж, хадгалж болдоггүй. Хууль, амьдрал хоёр нь зөрчилдөж байгаа гэсэн үг. Аюултай хог хаягдлыг устгах эцсийн үйлдлийг хийх компаниудад тусгай зөвшөөрлийг өгдөг болчихвол асуудал шийдэгдэнэ. Тэгвэл тэдгээр аюултай хаягдлыг цуглуулж, хадгалж устгалд оруулах боломж бүрдэнэ. Тусгай зөвшөөрлийн хүрээнд өнөөдөр аюултай хог хаягдалд тооцогддог хар тугалган аккумляторыг дахивар нөөцийн цэгүүд авах боломжгүй. Тиймээс гаргасан хууль тогтоомж нь бодит амьдрал дээр зөрчилдөж байгаа юм. Нэг бол хуульдаа тохируулж амьдрах эсвэл амьдрал дээр хэрэгжих боломжтой хууль батлах асуудал хөндөгдөж байна.

Өнөөдрийн байдлаар аюултай хог хаягдлын чиглэлээр дараах долоон нэгж ажиллаж байгаа юм. Тухайлбал, аюултай хог хаягдлын сав баглаа боодол устгах тусгай зөвшөөрөлтэй "Цэцүүх трэйд", "Түмэн эгшиг", техникийн хаягдал тос дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй "Алтан оршихуй групп", "Хай Би Ойл", "Мон Пити Ойл", хаягдал хар тугалган аккумлятор дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй "Үлэмж хүдэр", "Вачу Тосу" компани.

Өнгөрсөн оны статистикаар Монгол Улсын хэмжээнд 934 мянга 142 автомашин бүртгэлтэй байгаагаас Улаанбаатарт 529 мянга 802, орон нутагт 404 мянга 340 автомашин байна. Тэдгээрийн дийлэнх хувийг Япон автомашин эзэлдэг аж.

АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОН ИПОРТЛОГЧ ХАРИУЦАХ ЁСТОЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалын хавсралтаар үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг. Тухайлбал, дараах үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүний хаягдал тэдгээрийн сав боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, булшлах үйл ажиллагааг хариуцна. Үүнд:

  • Бүх төрлийн зай хураагуур, аккумлятор
  • Химийн хорт болон аюултай хог хаягдал
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн аюултай хог хаягдал
  • Бүх төрлийн машин механизмын тос
  • Мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүн
  • Аюултай хог хаягдал зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүнийг тус жагсаалтад оруулсан байдаг.

Үйлдвэрлэгч, импортлогч улс орон эдэлгээ нь дууссан аюултай хог хаягдлыг буцаан авах боломжтой байдаг ч Монгол Улсад автомашины аккумлятор болон батарейг нэгдсэн журмаар үйлдвэрлэгч рүү буцааж явуулах тогтолцоо байдаггүй. Үүнээс болж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой хаягдал болдог. Хэдийгээр батерейг Хятад руу гаргаж байгаа ч ихэнх тохиолдолд хаягдал болдог гэдгийг худалдаачид хэлж байсан юм. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх их хэмжээний аюултай хаягдлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн зохицуулалтыг холбогдох газрууд гаргах шаардлагатай болжээ. Гагцхүү хуулийн хүрээнд зохицуулж, аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх нь чухал. Тэгвэл энэ хэрэгжилтийг Монгол Улс хэзээ хангах вэ?

Гэрэл зургийг Г.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж