ҮАБЗ-ийнхөн цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх асуудлаар өнгөрөгч Баасан гаригт хуралджээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах талаар хуулийн төсөл Засгийн газрын зүгээс боловсруулж байгаагаа танилцуулсан байна.
Эдийн засгаа эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээ үе, үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нар амлаж ирсэн. Өнөөдөр экспорт нь бараг тэг зогсолт хийж, импортын бүтээгдэхүүнийн хилийн түгжрэлээс болж Монголын дотоодын зах зээлд үнэ хөөсрөл үүслээ.
Мах, гурилаас бусдыг нь гаднаас импортлодог Монгол Улсын хувьд экспортод гаргадаг цөөн тооны бүтээгдэхүүнтэй. Ихэнх нь эрдэс баялаг. Гадагшаа гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь зэс, нүүрс. Гэтэл нүүрсний экспорт нь он гарсаар дөрвөн удаа 2-28 хоногийн хугацаатайгаар тэг зогсолт хийсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Монголын жолооч нараас халдвар илэрсэн тул хятадууд 14 хоногийн хугацаатай Гашуунсухайтын боомтоор нүүрс нэвтрүүлэхийг зогсоосон. Албаны хүмүүс нүүрс тээвэрлэлтийг эхлүүлсэн гэх тайлбар өгч буй ч өдөртөө 4000 машин гардаг байсан цаг сайхан үетэй харьцуулах юм бол 100 гаруй машин нүүрс гаргана гэдэг бараг л тэг зогссонтой ялгаагүй юм.
Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх, импортын гацаагаа арилгах ганцхан арга бий. Тэр нь төмөр зам. Хэрэвзээ өнгөрсөн арав гаруй жил өргөн, нарийн царигаас эхлээд урагшаа, хойшоо төмөр зам тавина, Хятад цэрэг танк орж ирнэ гэж улстөржөөгүйсэн бол өдийд Монгол Улс цалин тэтгэврээ тавих мөнгийг толгойгоо зовоохгүйгээр олох боломж байсан. Даанч энэ алтан боломжийг манай “эх орончид” салхинд хийсгэчихсэн билээ. Үр дагавар нь өнөөдрийн гацаа, хямрал, үнийн хөөсрөл.
2021 онд Монгол Улс нийтдээ 42 сая тонн нүүрс экспортлох өөдрөг төсөөллөөр төсвөө баталсан билээ. Гэвч, өнөөдрийн байдлаар дөнгөн данган 10 сая гаруйхан тонн нүүрс экпортод гаргажээ. Ердөө 265 километрын цаана орших Хятадын зах зээлд өдрөөс өдөрт өсч буй нүүрсний үнийн өсөлтийг Монгол Улс ашиглаж чадсангүй.
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Хилийн цаана нүүрсний үнэ өссөн сайхан боломж бүрдсэн ч Монгол Улс ашиглаж чадахгүй байна. Харин ОХУ-ын нүүрсний экспорт өсч байгаа. Цар тахлын үед нүүрсний экспорт нэмэгдэх боломж байсныг хойд хөршийн экспортоос харагдаж байна. Ялгаа нь дэд бүтэцтэй холбоотой. ОХУ хүн хоорондын контакт үүсэхгүйгээр далай болон хуурай газраар нүүрсээ тээвэрлэх боломжтой байхад бид дэд бүтцээ шийдээгүйн улмаас машинаар нүүрсээ гаргадаг, зохион байгуулалт сул, хүнд нөхцөлд ажилладаг, тээвэрлэлтийн зардал өндөр” болохыг онцолсон байна.
Мэргэжлийн хүний ярианаас харвал коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 40 хувиар өсч, тонн нь 2849.5 юань болсон аж. Харамсалтай нь, энэхүү алтан боломжийг Монгол алдаж, Орос хүртэж байна.
Энэ оны долдугаар саорын байдлаар Хятад улсад нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээр Орос тэргүүлжээ. Тус улс өнгөрсөн зургадугаар сард 2.8 сая тонн коксжих нүүрс Хятад руу гаргасан байна. Оросын нийлүүлсэн нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ нь 105.4 ам.доллар. Манай хойд хөрш урд хөрш руу энэ оны эхний хагас жилд 13.8 сая тонн нүүрс экспортолжээ.
Гэтэл манай улс зургадугаар сард 652.6 мянга, долдугаар сард 648.6 мянган тонн нүүрс экспортолжээ. ОХУ-аас даруй дөрөв дахин бага нүүрс Хятад руу нийлүүлсэн гэсэн үг.
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал цааш ярихдаа “Төмөр замын бүтээн байгуулалт нэлээд хийж байгаа ч Хятадын талтай хаанаас яаж залгах нь тодорхойгүй байна. Үүнийг 2022 оны долдугаар сард гэж төлөвлөж байгаа. Гэхдээ товлосон хугацааг хүлээлгүй аль болох төмөр замаа хурдан залгаж дуусгах, ашиглалтад оруулах ёстой”-г анхааруулжээ.
Хэдийгээр Гашуунсухайтын төмөр замыг ирэх 2022 оны долдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаа Засгийн газраас амалсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяагийн хэлснээр өдөрт 1000-2000 вагон нүүрсийг Хятадад хүргэхийн тулд өндөр хүчин чадал бүхий функт барих ёстой гэнэ.
Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар барьж байгаа. Тэгэхээр Хятадын нарийн царигтай төмөр замын сүлжээнд холбогдохын тулд холболтын төмөр зам барих шаардлагатай. Дахиад л бөөн зардал, бөөн мөнгө. Экологид хортой, эдийн засгийн хувьд ч хохирол дагуулах нь дамжиггүй.
Өнгөрсөн 10 гаран жил төмөр замын төслийг гацааж, хувийн эрх ашгаа улсынхаа эрх ашгаас илүүд тавьсан “хазгар хүргэн”-ий улстөржилтөөс болж Монгол Улсын алдагдсан боломж болгон орос “ах”-ын алтан боломж болж хувирсан байна.
Холбоотой мэдээ