ТОЙМ: Рио Тинтогийн гуйсан уучлалт ба хичээлийн шинэ жил

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Рио Тинтогийн гуйсан уучлалт ба хичээлийн шинэ жил

ТОЙМ: Рио Тинтогийн гуйсан уучлалт ба хичээлийн шинэ жил

"Ньюс агентлаг" энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 ПАРАЛИМПЫН РЕКОРДЫГ МОНГОЛ ХҮН ЭЗЭМШИВ 

Токио-2020 паралимпийн наадмын пауэрлифтингийн тэмцээнээс /2021.08.30/ эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдсөн буй МУГТ Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоогоод байсан бол хоёр дахь оролдлогоороо 245 кг өргөж, өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчиллээ. Тэрээр гурав дахь захиалгаа 248 кг-аар өгсөн бөгөөд амжилтгүй болсон ч алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа"Токио-2020″ олимпын тэнгэрт эгшиглүүлэн  монголчуудаа баярлуулав.  Паралимпийн шинэ рекордыг Монгол хүн тогтоолоо. Өмнө нь тэрбээр, 2019 оны дэлхийн аваргаар 247 кг өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Тэрээр өөрийн цахим хуудастаа "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" хэмээн бичсэн юм.

 

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛЭГ  

Хоёр жил хөл хорионы улмаас вакцинжуулалтын цэг болоод байсан сургууль бяцхан багачуудын дуу, шуугианд дарагдаж, сурагчид танхимаар хичээллэж эхлэв. 2021-2022 оны хичээлийн жилд 720 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 340 гаруй мянга нь нийслэлд, 380 мянга нь орон нутагт суралцана. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 81 мянган хүүхэд байна. Энэхүү хичээлийн шинэ жил нь цар тахлын улмаас танхим, цахим гэсэн хосолмол хувилбараар явна. Сурагчдын хоцрогдлыг арилгахын тулд энэ хичээлийн жилийн онцлог оршиж буй юм. Сурагчид 5 хоног танхимаар хичээллээд дараа долоо хоногийн 5 өдөр цахимаар хичээллэх юм. Энэхүү зохицуулалт нь халдвар авсан тохиолдолд бусад сурагчдад халдварлуулахгүй байх, гэртээ тусгаарлагдан эмчлэх боломжийг олгож буй гэж албаны хүмүүс тайлбарлаж буй юм. Хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг Ерөнхийлөгч орон даяар заадаг байсан нь цар тахлын улмаас өнжив. Тиймээс төрийн өндөрлөгүүд өөр өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээний “…Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас та нар маань анги танхимдаа цуглаж, суралцаж, анд нөхөдтэйгээ хөгжиж, хөгжилдөж чадахгүй бараг 2 жил боллоо. Сурч боловсрох эрхтэй. Энэ хоцрогдлыг нөхөх сорилт бидэнд тулгарч байна. Иймд сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно…” гэсэн үг олон нийтэд ихээхэн шүүмжлэл дагууллаа.

Харин Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилд зориулан хоёр зарлиг гаргасан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүртэв. Тэрхүү зарлигаар, Монгол Улсын 330 сум, есөн дүүргийн 171 хорооноос энэ жил ЭЕШ-ын шалгалт, гадаад хэл, математикийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээрт курст суралцуулахын сацуу нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт сургаж, ирэх жил хэлний шалгалтад тэнцэж, босго давсан 50 орчим хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах, 450 хүүхдийг гадаадын их, дээд сургуульд суралцуулах боломжийг олгосон зарлиг болж байна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДРОВ

Хэнтий аймагт хамгийн их санал авсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж УИХ-ын 18-р тойрог, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ татгалзсан учраас УИХ-ын 28 дугаар тойрог Сонгинохайрхан нөхөн сонгууль болохоор болж нэр дэвшигчид тодров.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилжээ. Нэр дэвшигчдээ танилцуулах үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат “Данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонууль. Энд тулалдах хоёр хүн маань Үндэсний бодлогын хорооны хурал дээр тодорсон. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан” гэсэн юм.

Харин МАН-ын Бага хурал хуралдаж Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг 95 хувь, Сонгинохайрханд Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тус тус баталлаа.

ХҮН-ын хувьд Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх шийдвэр гарсан байна. Харин Хэнтий аймагт тус намаас нэр дэвшүүлэхгүй бөгөөд зөв хүнийг дэмжинэ гэдгээ УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэв.

Харин ИЗНН-аас гадаад мэдээний тоймч Ш.Гантулгыг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон бол Үнэн ба зөв намаас А.Отгонбаатарыг дэвшүүлэх юм.

ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР ОЙРЫН ХУГАЦААНД ЭХЭЛНЭ

Оюутолгойн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх болсон тухай мэдэгдэв.

Энэ талаар Х.Нямбаатар “"Рио Тинто" групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн үг. Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ” гэж мэдэгдсэн юм.

Харин ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГО ““Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөллөө” гэдгийг онцолсон юм. Ямартай ч талууд удахгүй хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой болов.

ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Гэвч хямралын үеийг даван туулах эдийн засгийн төлөвлөгөө бодит байдал дээр байгаа олж байна уу гэх асуулт эргэлзээ төрүүлж байна. Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн хүүтэй зээл болон есөн хувийн репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл өсчээ. Зээлийн чанарын хувьд, системийн хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүйдсэн байна. Ялангуяа иргэдийн зээлийн багц аажмаар муудаж байгаа аж. Энэ талаар “АРВАН ЗЭЭЛ ТУТМЫН НЭГ НЬ ЧАНАРГҮЙДЖЭЭ” нийтлэлээс илүү дэлгэрэнгүй уншаарай.

ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИАД САНДАРГАВ

Шатахууны үнэ дахин нэмэгдэх нь гэсэн “айдас” долоо хоногийн турш иргэдийг сандаргасан бөгөөд Бямба гаригт хүртэл иргэд “шатахууны үнэ нэмэгдэх нь” гэсэн сургаар шатахуун түгээгүүрүүдийн ачааллыг ихэсгэв.

Харин энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Цахим сүлжээнд гарсан шатахууны үнийг нэмнэ гэсэн мэдээл худал. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа учраас ойрын хугацаанд үнэ нэмнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг. Ямартай ч аж ахуй нэгжүүдийн зүгээс үнэ нэмэх талаар яриа гараагүй. Харин АМГТГ-аас төр, аж ахуй нэгжүүдтэй хамтарч олон улсын зах зээл дээр ханш савлагаатай байгаа энэ үед хэрхэн үнийг тогтвортой барих талаар анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 7-10 хоногт дэлхийн зах зээл дээр түүхий эд дэх нэг баррель 60 ам.доллар болж буураад эргээд 70 гаруй ам.доллар болж өссөн. Ерөнхийдөө Covid-19 зэргээс шалтгаалж зах зээлийн ханш байнга хөдөлгөөнтэй байна” гэх тайлбарыг News agency-д өгсөн юм.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ ЭХЛЭВ  

БНХАУ наймдугаар сарын 24-нөөс хилээ хаасны улмаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байсан бол өнгөрсөн долоо хоногт (2021.08.31) дахин тээвэрлэж эхлэв. Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээлснээр, Монголын Улсын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд шинжилгээ өгч сөрөг гарч, богинын нүүрс тээвэр эхлүүлсэн байна.

Нүүрс тээврийн жолооч нарыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор тээвэрлэлт удаашралтай байгаа аж.

COVID-19-ИЙН ХАЛДВАР 3600 ДАВАВ

Өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн халдварын тоо эрс нэмэгдсэн бөгөөд 3600-3800-д хүрэв. Үүнийг Эрүүл мэндийн сайд шинжилгээний цэгүүдийг олшруулсантай холбон тайлбарласан юм. Covid-19 ЭЕШ-д ч нөлөөлсөн бөгөөд халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцоогүй шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа /2021.09.02/ өглөө.

Харин вакцин хийлгээгүй зорилтот бүлэг буюу 0-11 насныхнаа хичээлийн шинэ жил эхэлсэн энэ мөчид хэрхэн хамгаалах нь толгойны өвчин болоод байна. Вакцин хийлгээгүй зорилтот бүлэг буюу 0-11 насны хүүхдүүдийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургийг тарих нь одоогоор хамгийн зөв арга гэж эрдэмтэд үзжээ. Энэ уургийг үйлдвэрлэх ажил эхэлсэн бөгөөд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо “Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэл хийгдэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлнэ. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэгдэнэ” гэсэн юм. Харин уг уургийг хэзээнээс хийж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

АТГ-ЫН ЭЭЛЖИТ БАРИВЧИЛГАА 

Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн биеэр оролцож, Зам-Үүд боомтын зургаан албан тушаалтныг баривчилснаас хойш нам жил болоод байсан АТГ-ын шалгалт Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдоор үргэлжлэв. АТГ-аас  наймдугаар сарын 31-нд хойшлуулшгүй ажиллагаа явуулж Б.Хүдэрболдыг  48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм.

Авлигатай холбоотой өөр нэгэн анхаарал татсан мэдээлэл нь УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах тухай мэдэгдсэн явдал байв.

ТӨРИЙН ОРДНЫ ГАДАА 80 ГАРУЙ ХОНОГ СУУСАН АХМАД БАЙРТАЙ БОЛОВ

Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнийг УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарч ажиллахыг олон нийтийн зүгээс шаардаж байсан. Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар С.Цэвээн гуайг хүлээн авч уулзан /2021.09.02-нд/ хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосныг аваагүй байхад авсан гэсэн баримт архивт хадгалагдаж байгааг эсэргүүцэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж