Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2021.9.4/ “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан байна. Монгол Улсын Засгийн газар урлаг соёлоор дамжуулан гадаад сурталчилгааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж буй. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжиж, хууль эрхзүйн орчныг бий болгоод, Соёлын яам байгуулаад ажиллаж байгаа аж. Мөн анх удаа кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан явдал бол киноны урлагт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолжээ.
Монголынхоо түүх, өв соёл, ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үүгээр дамжуулж дэлхийд улс орноо сурталчлан таниулах нь ихээхэн ач холбогдолтой. Энэ зорилгоор түүхэн уран бүтээл туурвиж байгаа залууст талархал илэрхийлж, энэ чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр залуусыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уран бүтээл гаргах, урлаг соёл, уран бүтээлээ экспортлох, Netflix болон Холливудын продюсеруудтай ажиллах зэргээр олон улсын зах зээлд гарч ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэжээ.
Холбоотой мэдээ