Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ. Р.Чойном Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг байсан. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.
Түүний бүтээлийг гаргахаас татгалзаж, уран бүтээлийнх нь төлөө шоронд хорьж байса ч "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээлээ туурвиж байсан юм. 1990 онд Монгол Улсын төрийн шагнал цолыг түүнд нэхэн олгосон юм.
“Оюунлаг Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ТВ-9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олны санаачлагаар Баасан гаригт /2021.09.03/ “Р.Чойномын номын мухлаг”-ийг нээсэн байна.
Чойном агсны охин Мөнхтэмүүлэнгийн хүсэлтээр энэхүү номыг мухлаг Дарханы "Буян зах”-ын хажууд нээгджээ. Тус ажлыг гүйцэтгэхэд аймгийн Захирагчийн ажлын алба, “ДСЦТС” ХК-ийн хамт олон тусламж үзүүлсэнд талархаж буйгаа цахим хуудсаараа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ