ОХУ Номхон далайн маргаантай арлууд дахь бизнесийн ажиллагааг дэмжихийн тулд гадаад хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсноо Ерөнхийлөгч Владимир Путин Баасан гаригт мэдэгдэв.
Оросын хувьд “Курилын арал”, япончуудад “Умард нутаг” гэгддэг газар нутгийн маргаантай асуудал дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд Японоос тус арлуудыг салгаж авснаас эхтэй юм.
Путин Оросын Алс Дорнодын Владивосток хотод болсон эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ Курилын арлын бизнес эрхлэгчдэд ашиг орлого, тээврийн хураамж, газар эзэмшихтэй холбоотой 10 жилийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон гэжээ. Тэрбээр "Энэ бол Курилын арлууд дээр бий болгож буй урамшууллын үндсэн хэлбэр… Бид бизнес эрхлэгчдийг үндсэн татвараас бүрэн чөлөөлөх болно" гэв.
Форумын арга хэмжээний үеэр Оросын удирдагч Москва, Токио хоёул сайн харилцаатай байхыг хүсч байгааг онцлоод, Курилын арлын асуудлаар өнөөдрийг хүртэл энхийн хэлэлцээрт хүрч чадаагүй нь утгагүй хэрэг болохыг хэлжээ.
Өнгөрсөн жил Орос улс хууль тогтоомжийн өргөн хүрээтэй шинэчлэл хийж, нутаг дэвсгэрээ харийн оронд шилжүүлэхийг үндсэн хуулиараа хориглосон юм.
Москва өөрийн аюулгүй байдлын үүднээс ОХУ-ын ойролцоох нутаг дэвсгэрт АНУ-ын цэрэг, пуужингийн систем байрлаж болох эрсдэлийн талаар Японоос удаа дараа баталгаа хүсч байв.
Путин "Бид эдгээр асуултад Японы талаас хүссэн хариултаа одоог хүртэл аваагүй байна. Тиймээс бөмбөг дамжуулах тэдний ээлж ирсэн гэж санагдаж байна" гэжээ. Тодруулбал, Курилын арал АНУ-ын цэргийн бааз болохгүй гэх баталгааг япончууд өнөөдрийг хүртэл өгөөгүй билээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ