Газын зурвас болон Израилийн хилийн ойролцоох мөргөлдөөний үеэр палестин залуу амиа алдсан талаар Палестины эмч нар мэдэгдэв. Тодруулбал, Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 26 настай Ахмад Саллех Газын зурвасын зүүн хэсэгт Израилийн цэргүүдэд буудуулан нас баржээ. Мөн Палестины 15 иргэн шархадсаны дотор тав нь галт зэвсгийн суманд өртөж, 10 нь нулимс асгаруулагч хийд хордсон аж.
Палестины иргэд Газын зурвас болон Израилийн хилийн орчимд наймдугаар сарын 28-наас хойш шөнө болгон жагсаж байгаа юм. Тус шөнийн хөдөлгөөнийхөн Израиль улс Газын зурвасыг өнгөрсөн 14 жилийн турш бүслэлтэд байлгаж байгааг эсэргүүцэн жагссан байна. 2007 онд "Хамас" бүлэглэлийнхэн Газын зурваст Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын засаглалыг унагааж, өөрсдийн дэглэмийг тогтоосон билээ.
Тэр цагаас хойш "Хамас" бүлэглэлийн дэмжлэгтэй янз бүрийн эвслүүд Израилийн хүчний эсрэг ийнхүү хөдөлгөөн өрнүүлэх болов. Жагсагчид ихэвчлэн дугуй шатааж, гар хийцийн гранат дэлбэлж, Израилийн цэргүүдтэй мөргөлдөөн үүсгэдэг байна. Израилийн хэвлэлүүд үүний өмнөхөн Израиль улс Газын зурвас руу ундны ус шахахаар болсон, мөн тавдугаар сард болсон мөргөлдөөний үеэр эвдэрч сүйдсэн барилгыг сэргээн босгоход шаардлагатай барилгын материал нийлүүлэхийг зөвшөөрсөн талаар мэдээлж байв.
Мөн Израиль руу нэвтрэх зөвшөөрөлтэй Газ хотын наймаачдын тоог 2000-7000 хүртэл нэмэгдүүлсэн гэжээ. Гэвч Израиль болон Газын зурвасын хоорондох Керем Шаломын арилжааны цорын ганц гарцыг дахин нээж, Газын эрэг орчмын загас агнуурын талбайг 24 км хүртэл өргөтгөснөөс хойш ердөө нэг хоногийн дараа уг жагсаал эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS
Холбоотой мэдээ