Шинэчлэл нэрээр ухралт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Шинэчлэл нэрээр ухралт хийх үү?

Шинэчлэл нэрээр ухралт хийх үү?

Улс орон, монгол хүний амьдралын чанар, ирээдүйн үндэс болсон боловсролын хөгжлийн шийдэл болох боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ нь Боловсролын ерөнхий хууль (БЕХ), Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль (СӨБЕБХ), Дээд боловсролын тухай хууль(ДБХ), Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль (СИСЭЗБХ) гэсэн багц хуулиуд юм. Тус хуулийн багцад хөгжлийн шийдэл хэрхэн туссан болохыг тодруулахыг зорилоо.

ХУУЛИЙН ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД

Боловсролын сайдын (Л.Энх-Амгалан) олон нийтэд хандаж хийсэн мэдэгдлийн нэг нь боловсролд “нүүрлэсэн” бүх асуудлыг шийднэ хэмээн томоохон хүлээлт үүсгэсэн. Тэрээр юуны түрүүнд “боловсролын зорилгыг буруу тодорхойлсон” тухай шүүмжилж байсан тул шинэ төсөлд хэрхэн “зөв” тодорхойлсныг сонирхож олон улстай харьцуулсан болно.

Финланд “Хүүхэд хүнлэг ёс, нийгмийн хариуцлагатай гишүүн болж төлөвшихөд  туслах, амьдралд хэрэгтэй мэдлэг, ур чадвар эзэмших”, Япон “ардчилсан, энх тайванч үндэстнийг бүрдүүлэх ард иргэдэд байх шинж чанарыг  бие, сэтгэл, оюун санааны хувьд эзэмшсэн..”,  БНСУ “иргэн бүрт хүн ёсны үнэ цэнэтэй амьдралд хөтлөх боломжийг олгон, ардчилсан улсын хөгжилт хувь нэмэр оруулах, бие даан амьдрах чадвар, зан төлвийн хөгжил, хүнлэг ёсны үзэл санаа, ардчилсан иргэний зан чанарыг эзэмших замаар хүмүүсийн хамтдаа хөгжин цэцэглэх үзэл санааг хэрэгжүүлэх”, Канад “суралцагчдад өөрсдийн чадварыг танин мэдэх, түүнийгээ өндөр мэргэжил, мэдлэгтэй, анхаарал халамжтай, нийгэмд хувь нэмэр үзүүлж чадах иргэн болж хөгжих боломж бүрдүүлэх” хэмээн тус тус тодорхойлсон байна.

Эдгээр улс орнууд боловсролын зорилго, зорилт, боловсролын нийгэмд гүйцэтгэх үүргийг хуулиндаа “боловсрол нь хүний хөгжил, нийгмийн нэгдмэл байдлыг тогтоох үүрэгтэй”  гэдгийг онцлон, боловсролын зорилго нь үйлийн эзэн хүүхэд, хүн байхуйцаар тодорхойлжээ.

Харин УИХ-аар хэлэлцүүлж буй БЕХ-д “Монгол Улсын боловсролын зорилго нь төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд оршино” гэж томьёолжээ.

Энэхүү БЕХ-ийн зорилго нь монгол хүүхэд ямар ур чадвар эзэмших, үйлийн эзэн хүүхэд нь хувь хүний хувьд яаж хөгжин, төлөвших тухай хамгийн гол агуулгыг орхигдуулжээ. Энэ бол уг нь боловсролын нийгмийн өмнө хүлээх үндсэн үүрэг юм. Харин дээрээс хэлж зааж өгсөнийг “өвлөсөн”, “сахисан”, өрөөл бусдад зориулан “хувь нэмэр оруулдаг иргэн хөгжүүлэх” гэж өөрийгөө гэхээс илүү бусдад үйлчилдэг, бусдаар хэлүүлж даган дуурайдаг хүний тухай тодорхойлжээ.

ДБХ-ийн зорилгыг “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, …. эх оронч иргэнийг бэлтгэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд..” гэж, СӨБЕБХ-ийн зорилгыг  “мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн төлөвшүүлэхэд..” гэж тус тус тодорхойлжээ.  Энэ нь хувь хүнийг өөр хэн нэгэн “бэлтгэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх” гэж суралцахуйн суурь зарчим болох хүн заалгаж бус,  өөрөө хийж суралцдаг гэдгийг үгүйсгэсэн байх юм. Гэтэл дэлхий нийтээрээ заах хандлагаас татгалзаж, багшийн чиглүүлэх үүргийг онцолж, “суралцагч өөрөө сурах үйлийн эзэн” байж суралцдаг хүний хөгжлийн зарчмыг хүлээн зөвшөөрч байна.

Одоогийн мөрдөж буй “төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, хуульд сургуулийн өмнөх боловсролын зорилгыг “..бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмших…” гэж тодорхойлсон байдаг. Боловсролын сайдын (Л.Энх-Амгалан) “бага нас нь хүүхдийн хөгжлийн алтан үе” гэсэн ярихыг сонсоод олзуурхсан хүн олон байсан. Гэтэл өргөн барьсан төсөлдөө үүнийхээ яг эсрэгээр “бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино” гэж зөвхөн “сургуульд бэлтгэх хүрээнд” харсан байх юм. СӨБ-ийн зорилго цэцэрлэгийн үйл ажиллагаагаар хязгаарлагдах зүйл биш. Бага насны хүүхдийн боловсролыг эхийн хэвлийд байх үеэс эхлэх учиртайг монголчууд болон олон улсад судалж, батлан нотолсоор байна. Эдгээрээс үзэхэд шинээр боловсруулсан төсөл нь одоо мөрдөж буй хуулиас зарим талаараа дордуулсан, зөвхөн боловсролын байгууллагын хүрээнд харж хийгдсэн боловсруулалт нилээд тааруу болжээ.

Монголын боловсролын хуулийн агуулга, түүний зорилго нь гэр бүл, иргэн бүр хэрэгжүүлж болохуйц, зүг чиг, үйлдэл, үүрэг хариуцлагыг тодорхойлсон байх учиртай. Хуулиудын үзэл санаа, зорилго, боловсруулалт  “коммунист үзэлтэй социалист бие хүнийг цогцлон бүтээх” агуулгатай социалист нийгмийн үл гүйцэлдэх уриа лоозонтой агаар нэг болжээ. Боловсролын сайд нь энэ өргөн барьсан хуулиа өөрөө уншсан уу, аль эсвэл ярих, үйлдэх хоёр нь  тэнгэр, газар шиг зөрүүтэй юу гэдэг нь ойлгомжгүй байна.

ТӨРИЙН ДАРАМТЫГ БЭХЖҮҮЛЖ, ЭРХИЙГ ХЭТРҮҮЛСЭН НЬ

БЕХ-ийн 29.1-т яамны чиг үүрэг, 31.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” буюу агентлаг шинээр байгуулж, чиг үүргийг заасан нь төрийн нүсэр албыг дахин нэмэгдүүлжээ.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэдэгт бие даасан үйл ажиллагааг нь баталгаажуулах учиртай боловсролын үнэлгээ,  магадлан итгэмжлэлийн чиг үүргийг нэгтгэжээ. Үнэлгээ, чанарын баталгаажуулалт хөндлөнгийн байх гэдэг алтан зарчмыг олон улс, дэлхий нийтээр бүхий л салбарт хүлээн зөвшөөрч, даган мөрдөж байна.

Улс төрчдийн сонгуулиас сонгуулийн хооронд олон нийтэд таалагдах гэсэн дүр эсгэлт, ажилтайгаа үлдэх гэсэн төрийн албан хаагчийн даган баясалт “сайд тэг” гэсэн ганцхан команд, механизмаар хөдөлдөг төрийн захиргааны байгууллага болж хэдэн мэргэжлийн институт нь устжээ. Сайд, даргад үйлчилдэг жишигтэй төрийн алба хөндлөнгийн байх үнэлгээ, магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагыг төрийн захиргааны байгууллага гэж нэрлээд, нийлүүлж хуульчилж байгааг хараад салбарын хүмүүс нь юу ч дуугарахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл үү? аль эсвэл үнэхээр дарангуйлал хэрээсээ хэтэрсэн үү? Жинхэнэ ухралт гэж үүнийг хэлэх байх.

ДБХ-ийн 24 дүгээр зүйлд дээд боловсролын үндэсний зөвлөл байгуулж,  зөвлөл нь орон тооны ажлын алба, тухайн чиглэлийн дэд зөвлөлтэй байхаар зааж, улмаар энэ зөвлөлийн дарга нь сайд байхаар тусгасан нь БЕХ-ийн 5.1.10-т “улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэсэн заалтуудаа зөрчөөд барахгүй төрийн албыг томруулж, дээр дурьдсан байгууллага болон яамтай нийлээд 3 ихэр төрийн захиргааны том байгууллага болжээ.

БУДИЛААН ХУТГАХ ЗҮЙЛ, ЗААЛТУУД

БЕХ-ийн төсөлд “ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг, 3.1.3-т “боловсролын түвшин” гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд гэсэн ангиллыг заасан ч, СӨБЕБХ-ийн төслийн 9.2-т “Дунд, бүрэн дунд, ахлах сургууль төгсөгчид гэрчилгээ олгох…” гэж дунд, бүрэн дунд, ахлах сургууль гэж юуг ойлгох тухай зүйл заалт огт байхгүй, боловсролын түвшин, сургалтын байгууллага хоёрыг хольж тусгасан энэ мэт нэр, нэршил, томьёолол, зарчмын зөрүүтэй зүйл, заалт нилээд байна.

БЕХ-ийн 38.1-т”…. үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага” гэдэг нь төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын захирлыг сайд томилно гэсэн үг. “Гүйцэтгэх удирдлага нь……..их сургуульд ректор байна” гэж заасан хэдий ч СИСЭЗБХ-ийн 17.1-т “Ректорыг …..Удирдах зөвлөл томилно.” гэсэн заалт хоорондоо зөрчилтэй хэрэгжих боломжгүй байх юм.

Сайд нь дээд боловсролын үндэсний зөвлөлийг даргалж, төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын удирдлагыг томилохоор тусгасан нь БЕХ-ийн 5.1.8-т ”боловсролын байгууллагын удирдах албан тушаалтныг чадахуйн /мерит/ зарчимд үндэслэн сонгон шалгаруулах” гэсэн зарчмаа зөрчиж байгаа төдийгүй, энэ зарчмын агуулга нь удирдлагуудаас бусад багш, ажилтанд  мерит зарим баримтлахгүй гэж ойлгогдож байна.

Судалгааны их сургуулийн тухай гэсэн шинэ хууль орж ирсэн ч энэ хэв шинжийн их сургуулийг онцгойлон хуульчилж буйн утга учир тодорхойгүй, төрийн дэмжлэг огт байхгүй, одоогийн сургалтын төлбөрөөр санхүүжих байдал хэвээр үлдэж, нэг шинэ хуулийн тоо нэмэгдэхээс цаашгүй болжээ.

Бүх нийтийн заавал эзэмших боловсролыг 12 жил болгох, тэгш хамран сургалт, албан ёсоор судлах үндсэн гадаад хэл нь англи хэл,  боловсролын цахим мэдээллийн нэгдсэн сан гэсэн шинэ зүйл байгаа юм шиг хэдий ч хэрэгжих нөхцлийг бүрэн хангах боломжгүй багц хуулийн төсөл байна.

Боловсролын багц хуулинд салбарын хөгжилд чөдөр, тушаа болсон олон зүйл, заалтууд байгааг цөөн жишээгээр дурьдлаа.

Бүх шатны боловсролын байгууллага, багш, судлаачдад итгэл өгч, өөрийн онцлогтой хөгжих бие даасан байдлыг баталгаажуулах, шалгуур шаардлага тоглоомын дүрмээ тодорхойлж, хариуцлагатай хөгжилд хөтөлсөн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны төдийгүй, боловсролын салбарын хөгжлийн түлхүүр гэдгийг хэн хүнгүй ярьсаар ирсэн. Гэвч бодит байдал дээрээ бүх зүйл эсрэгээрээ журмын түвшний хуулийн төсөл байгаа тул энэ боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах хүмүүс сайтар судалж, сайжруулах аль эсвэл буцаах нь нийтийн эрх ашигт тустай юм.

2021 оны 07 сар

Баавгайн Насанбаяр доктор (Ph.D), дэд профессор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж