Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"СОНГИНОХАЙРХАНД Б.НАЙДАЛААГ, ХЭНТИЙД ЗӨВ ХҮНИЙГ ДЭМЖИНЭ"
УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль сарын дараа болох гэж байна. ХҮН-аас нөхөн сонгуульд хэр бэлтгэж байна вэ?
-ХҮН, Зөв хүн электорат эвслээс нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиар бидний хувьд нийт сонгогчдын 20 хувийн санал авсан. Энэ үр дүн нь биднийг парламентад суудалтай улс төрийн хоёр дахь хүчин болсныг баталгаажуулсан. Энэ амжилтаа ахиулж, бид сонгуульд ялах болно. Нөхөн сонгуулиар улстөрд шинэ салхи салхилуулах, УИХ-д зүгээр суух биш, харин бодлого боловсруулж, тогтолцооны шинэчлэл хийх хүнийг дэвшүүлэхээр эвслийн төлөөлөх зөвлөл өнөөдөр (2021.08.30) шийдвэрээ гаргалаа.
-Танай нам нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээр болсон бэ. Эвсэл учраас хоорондоо ярилцаж, тохирсон байх?
-УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль явагдана. Д.Сумъяабазар өөрийг нь сонгосон иргэдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлээд, дарга болоод явсан. Тэр тойрогт нийтдээ 9 нам, 1 эвсэл өрсөлдөнө. УИХ-ын 2020 оны сонгуульд олон эвсэл байгуулагдсан. Одоо бүгд тарж бутарсан байна. Харин ганцхан “Зөв хүн электорат” эвсэл нөхөн сонгуульд орж байна. Өнөөдрийг хүртэл бид зарчим, байр суурь, эвсэл дэх намуудын эв нэгдлээ сайн хадгалж ирсэн. Ямар хүнийг дэвшүүлэхээ эвслийн удирдлагууд илэн далангүй, нээллтэйгээр ярилцаж, нууц санал хураалтаар тодруулсан. Олон чадвартай, мэдлэгтэй, ажлын туршлага сайтай нэр дэвшигчид өрсөлдсөн. Үүнээс Сонгинохайрханы тойрогт ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа нэр дэвших шийдвэр гарсан.
-Сонгинохайрханд Б.Найдалаа нэр дэвших юм байна. Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг дэвшүүлэхээр болов?
-Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн хувьд энэ удаагийн парламентад эрх барьж буй хүчин үнэмлэхүй олон суудалтай байгаа. Гишүүний хувьд харахад парламентад юу дутагдаж байна вэ гэхээр хүчтэй цөөнх, сөрөг хүчин дутагдаж байна. Иймээс цөөнх хоорондоо өрсөлдөж санал хуваахаас илүүтэй бие биедээ боломж гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хэнтийн нөхөн сонгуульд бид хүн дэвшүүлэхгүй, харин бидний үнэт зүйл зарчим, нийтлэг эрх ашгийг хангаж чадах мэдлэг туршлагатай, ёс зүйтэй хувь хүн, эсхүл намыг дэмжиж ажиллах болно.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар танай нам АН-аас илүү санал авсан. Тэгэхээр нөхөн сонгуульд Сонгинохайрханы тойрогт ялалт байгуулж чадна гэдэгт хир итгэлтэй байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ тойрогт манай эвсэл 25-30 хувийн санал авсан. Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бидний сүүлийн судалгаагаар Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй, эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, гаргасан шийдвэр нь эргэж буцсан зэрэг шалтгаанаар иргэд бухимдалтай байна. Иймд мэргэжлийн мэдлэг чадвартай, эрх баригч намаас бусад аливаа хувь хүн, нам, эвслээс нэр дэвшигчийг иргэд дэмжихэд бэлэн байна. Б.Найдалааг дэмжинэ гэсэн судалгааны дүн өндөр гарсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"НҮҮРСНИЙ АЛТАН БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
Нүүрс бол Монгол Улсын амин чухал түүхий эд. Улсын төсвийн орлогын гол эх үүсвэрийг нүүрсний экспортоос бүрдүүлж, улмаар цалин, тэтгэвэр, халамж тавьж байна. Гэвч цар тахлын үед нүүрсний экспорт гацаанд орж байгаа нь эдийн засагт хүндхэн цохилт. Тэр тусмаа Монгол Улсын гол түнш БНХАУ удаа дараалан нүүрс нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гарч, экспорт тэг зогссон. Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн. Энэ алтан боломжийг Монгол Улс ашиглаж чадаж байна уу?
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн ч Монгол Улс нүүрсээ хилээр гаргаж чадахгүй байгаагаас сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна. Нүүрс эрэлттэй, Хятадын зах зээл дээр үнэ нь өссөн байлаа гээд Монголын борлуулж буй нүүрсэнд нөлөөлөхгүй. Цар тахал, дэд бүтцийн асуудлаас болж бид маш бага хэмжээгээр нүүрс экспортлож байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт маш бага хэмжээгээр л нөлөөлнө гэсэн үг.
-Харамсалтай юм аа, нүүрсний "мангас" Хятадтай хил залгаа хэрнээ ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна гэдэг.
-Хилийн цаана нүүрсний үнэ өссөн сайхан боломж бүрдсэн ч Монгол Улс алтан боломжийг ашиглаж чадахгүй байна. Харин ОХУ-д нүүрсний экспорт өсч байна. Цар тахлын үед нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой нь хойд хөршийн экспортоос харагдаж байна. Ялгаа нь дэд бүтэцтэй л холбоотой. ОХУ хүн хоорондын контакт үүсэхгүйгээр далай болон хуурай газраар нүүрсээ тээвэрлэх боломжтой байхад бид дэд бүтцээ шийдээгүйн улмаас машинаар нүүрсээ гаргадаг, зохион байгуулалт сул, хүнд нөхцөлд ажилладаг. Үүнээс болж алтан боломжийг ашиглаж чадахгүй байна. Төмөр замын бүтээн байгуулалт нэлээд хийгдэж байгаа ч Хятадын талтай хаанаас яаж залгах нь тодорхойгүй байна. Үүнийг 2022 оны долдугаар сард гэж төлөвлөж байгаа. Гэхдээ товлосон хугацааг хүлээлгүй аль болох төмөр замаа хурдан залгаж дуусгах, ашиглалтад оруулах ёстой. Нүүрс тээвэр гацаанд орсон тул аж ахуйн нэгжүүд өөрсдөө дэд бүтцээ маш хурдан хугацаанд шийдэх гарц олж контейнер тээврийн асуудлыг өөрсдийн хөрөнгөөр босголоо. Одоогоор Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлож байна. Гашуунсухайт боомтын дэргэд контейнер тээврийн терминал барих ажил дуусч байна. Ойрын 10 хоногт багтаад ашиглалтад орох болов уу гэсэн хүлээлт байна.
-Контейнер тээврийн терминал гэдэг нь юу юм бэ?
-Контейнер тээврийн терминал нь ачсан нүүрсээ талбай дээр буулгана. Хятадын талаас нүүрсээ ачиж авна. Өөрөөр хэлбэл, хоёр орны жолооч нар уулзахгүй. Монгол жолооч нар ачсан нүүрсээ терминал дээр буулгачхаад явна. Цаанаас нь Хятадын жолооч нар нүүрсээ ачаад явна. Монголын жолооч нар нүүрсээ экспортлохын тулд хилээр нэвтрэх шаардлагагүй. “Энержи Ресурс” компани энэ ажлыг тэргүүлж ажилласан. Цар тахлын үед хувийн хэвшил нь хурдтай ажиллаж дэд бүтцийнхээ асуудлыг шийдлээ. Төрөөс нүүрсний тээвэрт зориулсан гарц 24 цагаар ажиллуулах асуудлаар Хятадын талтай хэлэлцэж эхэлсэн. Энэ ажил хэрэгжвэл Тавантолгойн нүүрсний тээвэрлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэх найдвар бий. Мөн Шивээхүрэнгийн боомтод "МАК"-ийн хөрөнгө оруулалтаар контейнер байгуулж төрийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Одоогоор терминал байгуулах талбайн ажлыг эхлүүлээд байна. Мөн Хятадын талаас жолоочгүй машин явуулах шинэ технологийн тухай яригдсан. Төрөөс Хятадын талтай техникийн санал солилцож, терминал байгуулбал үлдсэн хугацаанд нүүрсний үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой. Цар тахлын үед контейнер терминал байгуулахгүйгээр нүүрсний экспорт жигдрэхгүй. Алтан боломжийг ч алдана. Аж ахуйн нэгжүүдийн тухайд бүх чадлаараа ажиллаж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"НАМАЙГ 22 НАСТАЙ ДУУРИЙН ДУУЧИН ГЭЖ ОРОСЫН ХЭВЛЭЛ ОНЦОЛСОН"
Дуурь, бүжгийн эрдмийн театрын цөөн басс хоолойтны нэг бол С.Бат-Эрдэнэ. Тэрбээр наймдугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ. Дуучдын хувьд цар тахлын улмаас олон улсын уралдаанд оролцох боломж хумигдаж байгаа ч чамгүй даваа давж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан байна. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 15-д шалгарсанд баяр хүргэе. Уралдаанд хэрхэн шалгарсан тухайгаа ярихгүй юу?
-Энэ удаагийн олон улсын уралдаанд дэлхийн 12 орны 209 дуучин бүртгүүлснээс эхний шатанд 173 нь дууллаа. Уралдааны техникийн зөвлөгөөн наймдугаар сарын 14-нд болж, эхний шат нь гурван өдөр үргэлжилсэн. Миний хувьд 170 гаруй дуучнаас хоёр дахь шатандаа тэнцэж, 49 дуучинд багтсан. Тэндээсээ шилдэг 15 дуучин шалгарч, финалын шатанд оролцсон. Би шилдэг 15-д шалгарч,“Дипломант” болж, энэ удаа хараахан байр эзэлж чадсангүй. Мөн “Шилдэг концертмейстер” шагналыг театрын ерөнхий концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго багш маань хүртсэн.
-Чансаа өндөр уралдаанд ямар ари, романс дуулдаг вэ?
-Дуучид эхний шатанд эртний болон барууны гэсэн хоёр ари дуулсан. Хоёрдугаар шатанд орос романс дуулсан бол сүүлийн шатанд дөрвөн ари бүртгүүлж, шүүгчдийн зөвлөл хуралдаж, хоёр ари сонгон дуулуулсан. Оросын нэгэн хөгжмийн сэтгүүлд намайг тодотгож бичихдээ “Нуугдаж буй эрдэнэ” гэж бичсэн байсан. Учир нь миний 32 насны төрсөн өдөр наймдугаар сарын 19-нд болсон. Гэтэл намайг анх уралдаанд бүртгэхдээ 22 настай гээд бичсэн байсан юм билээ. Тэгээд л “Олон улсын уралдаанд дөнгөж 22 настай залуу чадварлаг дуулж байна” гээд шуугиад эхэлсэн.
-Хэд дэх олон улсын уралдаан бэ?
-Миний хувьд 13 дахь удаагийн олон улсын уралдаан байлаа.
-Цар тахлын үед олон улсын уралдаанд оролцоход хүндрэл бэрхшээл хэр гарав?
-Цар тахлын нөхцөл байдал уран бүтээлчдийг олон улсын уралдаанд оролцоход их нөлөөлж байна. Орос улс хилээ нээгээгүй учраас Оросын Соёлын яамнаас бичиг авч, Элчин сайдын яаманд очиж, хил нэвтрэх зөвшөөрөл авна. Тэгээд Монголын талаас Улсын онцгой комиссоос бичиг авч, Алтанбулагийн боомтоор гарна. Тэндээсээ Хиагт хүртэл 4-5 км алхаж байж цааш унаанд сууж, Улаан-Үдэ орсон.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Холбоотой мэдээ