Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд өнөөдөр (2021.09.03) цахимаар оролцож, үг хэлэхдээ “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗ) чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Монгол Улс ЕАЭЗ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үргэлж анхаарч ирсэн. Одоогийн байдлаар бид ЕАЭЗ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Монголын удирдагч “Энэхүү хэлэлцээр нь гадаад худалдаанд учирч буй саад тотгорыг арилгах, бүс нутгийн эдийн засаг, интеграцийн үйл явцад бүгд найрамдах улсын оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна” гэж нэмж хэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗ) нь Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан зэрэг гишүүн улсуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний орчныг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэн иж бүрэн, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан бүс нутгийн интеграцийн нэг хэсэг юм.
Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт есдүгээр сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Владивосток хотод холимог хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа гол сэдэв: “Өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд” юм.
Тус чуулга уулзалтад Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар цахимаар оролцож байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ