Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн тухай мэдээлэл өнгөрсөн хоногт цацагдсан билээ. Энэ хэргийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэхээр тус аймгийн Цагдаагийн хэлтэстэй холбогдсон юм. Эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ сарын 8-нд Лан Бин нарын зургаан хятад иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд хэмээн өөрсдийгөө нэрлэсэн таван залуу Чойбалсан сумын нутаг Энгэр шанд хэмээх газарт саатуулан, 2800 юань, 50 мянган төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг илрүүлжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай Б, Баянзүрх дүүргийн иргэн, 30 настай Ч, 29 настай А болон Хан-Уул дүүргийн иргэн, 26 настай А, Баянгол дүүргийн иргэн, 26 настай М нар “Даяар Монгол” үндэсний хөдөлгөөний үнэмлэх үзүүлэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэдгээр залуус уг хэргийг үйлдэхдээ иргэн Ч-гийн хувийн эзэмшлийн УБЦ 50 74 дугаарын Мицибуши пажеро маркын машиныг ашигласан аж. Түүнчлэн тэдгээр монгол залуус уг хэргийг үйлдэхдээ “Даяар монгол” хөдөлгөөний нэрийг ашиглаад зогсохгүй цагдаагийн офицерийн үнэмлэх, толан, замын цагдаагийн ажилтны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гав хууль бусаар ашиглаж байсан нь тогтооджээ. Эдгээр залуусын хувьд хятад иргэдийг сүрдүүлэн дээрэмдсэн нь анх удаагийн хэрэг биш аж. Тэд Дорнод аймгийн нутагт оршдог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шин Шинь, Шань Лун компаниас сая төгрөг, 30-40 литр шатахуун авч байсан нь шалгалтаар илэрсэн байна. Тиймээс “Даяар монгол” хөдөлгөөний нэрийг барьж, хятад иргэдийг дээрэмдсэн залууст холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 149 дүгээр зүйлийн 149.3-аар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэргийг үйлдсэн Б, А нар өмнө нь эрүүгийн хэрэг үйлдсэний улмаас 5-7 жилийн ял эдэлж байсан юм байна. Мөн тэд уг хэргийг эхнээсээ төлөвлөж хийсэн нь тодорхой байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Учир нь тэд Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хятадын компаниудын дарга нартай уулзахдаа “Даяар монгол” үндэсний хөдөлгөөний бланк бүхий цаасан дээр хандив нэхсэн хүсэлт гаргаж, хандивын хязгаарыг 1-5 сая төгрөгт тогтоосон байсан бөгөөд зарим компаниас машиндаа шатахуун хийлгэдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.
Н.Түвшин